Уг Зөвлөмжид “Албан тушаалтан нь өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудлаар аливаа шийдвэр гаргах, хяналт шалгалт хийх, захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохоос аль болох зайлсхийх, хуульд заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тохиолдолд харъяалах байгууллага, албан тушаалтанд бичгээр тайлбар гаргаж хэвших; шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан шагнал урамшуулал, дэмжлэг, тусламж авах зэрэг өөртөө холбогдох аливаа шийдвэрийг гаргахын өмнө дээд шатны байгууллага, албан тушаалтан /томилох эрх бүхий субъект/-д заавал мэдэгдэх буюу мэдэгдэл гаргасан байх, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг хүлээн авсан дээд шатны байгууллага, албан тушаалтан нь тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэхийг нэн даруй шийдвэрлэж байх; “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” болон “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн тухай тайлбар”-ын нээлттэй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авах; авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг томилохдоо хуулиар хүлээсэн үүргийг сайтар танилцуулах, шаардлагатай тохиолдолд сургалтад хамруулах гэсэн 4 чиглэлийг онцгойлон тусгажээ.
Авлигатай тэмцэх газраас 2014-2015 онд 13 аймаг, 175 сум, нийслэлийн 7 дүүрэг, зарим яам, агентлаг, байгууллагад ажиллах явцад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалтыг нийтийн албан тушаалтнууд дагаж мөрдөхгүй байх явдал түгээмэл байгааг үндэслэн уг Зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Зөвлөмжийг дэлгэрэнгүйгээр ЭНД дарж үзнэ үү.
Ц.Мөнхзул /2015.12.15/