Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭМЭЭ САЙХАН АМЬТАН

2016-01-04

Дэлхийн ховордсон 2 бөхт тэмээ нь говь талын байгаль-цаг уурын нөхцөлд гайхалтай зохицсон. Тэмээний ноос зуны улиралд гуужиж унаад намар нөхөн ургах ба өвлийн улиралд маш дулаахан зөөлөн, усанд норсон ч гэсэн дулаанаа удаан хадгалж барьдаг. Говийн хүчтэй, хүйтэн салхи нэвтрэхээргүй нягт, хөвсгөр байдаг. Нас гүйцсэн тэмээнээс нэг удаа 5кг ноос гардаг. Тэмээний ноосоор төрөл бүрийн гэр ахуйн хэрэглэл, олс болон дээс томохоос гадна хувцас, хөнжил хийдэг. Тэмээний тавхай нь өргөн байх ба элсэрхэг хөрсөнд явахад шигддэггүй ч гэсэн мөсөн дээр амархан хальтардаг. Тэмээний ул хэдийгээр зузаан ч гэсэн зөөлөн цагаан өөхнөөс бүрдэнэ. Хятадууд эртнээс нааш тэмээний тавхайг эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Мөн тэмээний тавхай нь тансаг зэрэглэлийн хоолонд тооцогдоно. 
Тэмээний уруул маш уран, зөөлхөн, говийн хамгийн нарийн ширхэгтэй ургамалыг ч гэсэн хамаад идчихдэг. Явуут дундаа ногоог шалмаг авч иддэг нь гайхлтай. Тэмээнд өвс бөөнөөр нь өгөхдөө дотор нь ганц ширхэг хоргол боогоод өгөхөд түүнийг мэдрэн зажлалгүй буцаагаад гаргаад ирдэг. Энэ нь тэмээний уруул, тагнаа хичнээн мэдрэмжтэй болохын илэрхийлэл юм. 
Тэмээ өдрийн цагаар бүхэл өвс ургамалыг хагас зажлан залгиж, шөнө хэвтэртээ буюу тайван байх үедээ гүзээнээсээ гулгин гаргаж амандаа зажлан жижиглэдэг ба үүнийг нь хивэх гэнэ. Тэмээний уур хөдөлсөн үед зажилж буй өвсөө амаараа тургих ба сэвсэлээ гэж хэлдэг. Тэмээ зуны халуунд ихэвчлэн хэвтэж өнгөрөөх ба нарны элч буухыг хүлээнэ. Тэмээ зөөлөн газрыг сонгон хэвтэх ба бөөгнөрөн хэвтэх үедээ газар нь талхлагдан томоохон тойрогтой нунтаг шороог үүсгэдэг. Энэхүү орчин нь шимэгчдийг устгах таатай орчин юм. Тэмээний гол идэш тэжээл нь таана, баглуур, бударгана, хөмүүл бөгөөд үүнийг идсэн тэмээ маш сайн таргална. Тэмээ 11 сар хүртэл тарга тэвээргээ авн. Зун, намар таана, хөмүүл их идсэн тэмээ нь дотор халуу оргисноос болоод амаа ангайж салхи сөрөн алхдаг ба үүнийг салхидах гэнэ. 
Тэмээ нь 5 хошуу мал дотроос зуд болон ганд хамгийн тэсвэртэй амьтан билээ. Сайн тарга тэвээрэг авсан тэмээ 3 жил дараалсан ган зудыг ч давж чаддаг бол үхэр, ямаа тэгж чаддаггүй. Тэмээний энэхүү давуу чанарт нэг зэвсэг бий. Энэ нь түүнд байх 2 бөх нь юм. Бөх нь ямар нэгэн ясгүй, цул өөх бөгөөд тэмээний тарга тэвээрэг хэр авсныг нь бөхөөр нь тодорхойлж болно. Тэмээ нь усгүй тохиолдолд наад зах нь 20, цаашлаад 45 хоног хүртэл амьдарсан тохиолдол бий. тэмээ усыг их холоос үнэрлээд л мэддэг. Тэмээ хэдийгээр том ч гэсэн их уян зөөлөн, аймхай амьтан. Эзэндээ амархан дасдаг. Тэмээ нутагтаа их хорогддог учраас хол нутагт зарагдсан тэмээ нутгаа зориод буцаад ирэх тохиолдол бий ажээ. 
Алс холын гадаад оронд худалдагдсан тэмээ нь амьтны хүрээлэнд байхдаа Монгол хүний чимээ, яриа, үнэрээр алхан ирж уйлсан тохиолдол бий гэж ярьдаг. Сайн ат тэмээ 500 кг хүртэлх ачааг тээх ба тэмээнд ача ачихад зориулсан төхөөрөмжийг тэн гэнэ. Тэмээ нь ихэнхдээ 25-30 жил насална. 
Буурын хүч чадал, сүр нь асар их. Буур нь өөрийн сүргийг хураан захирдаг. Нэг бууранд 30-33 ээлжийн ингэ ноогдоно. Энэ нь хамгийн тохиромжтой сүргийн бүтэц гэж үзнэ. Ингэ нь ботгоо 13 сар тээдэг. Ингэний сүүний чанар маш их. Өвөл зунгүй сааж, сүү саалийг нь ашигладаг. Нэг ингэ 17 сар орчим саалгаж 400 гаруй литр сүү өгнө. Ингэний сүүгээр ааруул, хоормог хийнэ. Ингэний сүү нь хаван хөөх, ханиад томуунаас сэргийлдэг ач холбогдолтой. Ингэний хоормогийг халаах тусам чанар нь сайжирдаг. Ингэний хоормогийг халаагаад бага багаар ууж хөнжилдөө ороод битүү хучихад нэвт хөлөрч ханиад эдгэдэг ажээ. 
Буур өвлийн ид хүйтэнд ороо нь орж зан ааш нь ширүүн болно. Үүнийг зэнгэрлэх гэнэ. Өөр хүн сүрэгт нь ойртох, өөр буур харагдахад сүрийг үзүүлж бут сөөгийг налан унаж, шүдээ хавиран, сүргээ хураан шавах нь их сүртэй. Чоно, нохойг дэвсэн алсан байх тохиолдол байдаг. Амаараа цагаан хөөс сахруулах ба үүнийг нь буур шавах гэдэг. Орооных нь үед буурын толгойн ар шилнээс хар өнгийн даавар ялгаран гарсныг буурын бохь гэнэ. Говийнхон буурын бохийг эмчилгээний журмаар хэрэглэдэг. Их догшин буурыг малчид улаан ногтоор ногтолсон байх ба энэ нь ийм бууранд хамаагүй ойртож болохгүй гэсэн сануулга юм. 
Хээл авсан ингэ дараа оных нь хавар ботголдог. Ботголох дөхсөн ингэ сургээсээ тасарч нуугдан хол очиж ботголох ба үүнийг нь ингэ шилрэх гэнэ. 
Таван хошуу малын бие цогцос, өсөлт хөгжил, удамшлын онцлог, төлөрхөг чанар зэрэг үзүүлэлүүд нь нутаг дэвсгэрийн ялгаатай. Эдгээрийн чанарууд нь тоон үзүүлэлтээр илэрдэг. Дэлхийн бэлчээрийн мал аж ахуйтай орнуудад тэмээний аж ахуй чухал байр суурийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн нүүдэлч малчдын аж амьдрал тэмээний аж ахуйтай салшгүй холбоотой.

эх сурвалж: Х. Түмэндэлгэр. "Өмнөговь-хөтөч ном" 109-р тал. 
С. Жигжидсүрэн. "Бэлчээрийн менежмент" 30-р тал
Д. Базаргүр. "Бэлчээрийн МАА-н газарзүй" 182-р тал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%