Дундговь аймгийн Хулд сумын ИТХ-ын дарга С.Сүхдоржтой хийсэн ярилцлага
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэрхэн холбогдсон тухай яриагаа эхлэе. Та Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ?
Хариулт: Би нутгийн өөрөө удирдах байгууллагад 1996 онд сонгуульд оролцож төлөөлөгчөөр сонгогдсон юм.Хулд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ ) 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 1996-2000 онд Хурлын төлөөлөгч Тэргүүлэгч, 2012-2015 онд Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, Хурлын даргаар тус тус ажиллаж байна.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах талаар бүрэн эрхийн хугацаанд хэрхэн ажиллав, онцлог ажлууд юу байв?
Хариулт: Хулд сумын ИТХ нь 21 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, уул уурхай, байгаль орчин, нийгмийн бодлого, эдийн засаг, төсөв санхүү болон хөдөө аж ахуй, дэд бүтэц гэсэн 4 хороодтойгоор үйл ажиллагаа явуулж байна.
2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд Хулд сумын ИТХ нь Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагыг (НӨУБ) бэхжүүлж чадваржуулах, төлөөлөгчдөө идэхижүүлэх, нэр хүндийг өсгөх, Багийн Иргэдийн Нийтийн Хурлыг (БИНХ) дэмжих замаар иргэдийн оролцоог сайжруулах зорилго, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ зорилгынхоо хүрээнд Засаг даргатайгаа нэг санаа зорилготой хамтран ажиллаж иргэд төрийн ажилтнууд Засаг даргын дэмжлэгээр 2014 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн (ОНХС) 90,9 сая төгрөгийн хөрөнгөөр барилгыг, 2015 оны ОНХС-ийн 23 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр дотоод тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж, сумын Нутгийн өөрөө удирдах байгууллагын төв байртай, 9 сая төгрөгний унаатай болж, сумын ИТХ, багийн ИНХ бэхжиж ажиллах таатай орчин нөхцөл бүрдлээ.
Энэхүү төвд байнгын ажиллагаатай Иргэний танхим маань байдаг бөгөөд 4 багийн ИНХ-ын дарга нар ажлын хуваарь гарган тогтмол ажиллуулж байна.
Асуулт: Байнгын ажиллагаатай “Иргэний танхим”-ынхаа талаар илүү тодруулбал?
Хариулт: Иргэний танхимыг байнгын ажиллагаатай болгох чиглэлээр БИНХ-ын дарга нартай гэрээ байгуулан хариуцуулахаар сумын ИТХ- ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргасан.
Иргэний танхимд ИТХ, ЗДТГ-ын 7 хоног бүрийн “Даваа гараг”-н “Шуурхай мэдээлэл”, тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн хурлын хуралдаанууд, бичил уурхайн нөхөрлөлийн болон ТББ-ын 3 удаагийн ярилцлага, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын 3 удаагийн сургалт, БИНХ-ын дарга нарын 7 хоног бүрийн “Пүрэв” гарагийн ажил дүгнэх хурал, ажлын хэсгүүдийн хурал, АДЗ-ийн 5 удаагийн хурал, бичил уурхайн 2 удаагийн хэлэлцүүлэг сургалт, шинэ малчин залуучуудын 1 удаагийн сургалт, зөвлөгөөн, бусад сургалт, туршлага судлах ажлууд явагдаж, үйл ажиллагаа нь байнгын тогтмолжиж байна.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?
Хариулт: Орон нутагт ялангуяа суманд ИТХ-ын төлөөлөгчдийг төрийн албан хаагчдыг сонгуульд оролцуулахгүй болсноос хойш төлөөлөгчдийн идэвхи чадвар оролцоо муудсан. Сургалтанд хамруулдаг чадваржуулдаг хэдий ч сонгуульт үүргээ ухамсарлан хуралд ажил хэрэгч оролцох, хууль журам судлах, хуулийн хүрээнд асуудал дэвшүүлэх, санал шүүмжлэл хэлэх, хариуцлага тооцох ажлууд тааруу байна. Төлөөлөгчдийн ажлыг дүгнэж хариуцлага тооцох, чадваржуулах, урамшуулах төсөв, хуулийн боломж муутай байдаг, үүнийг хаана хаанаа дэмждэггүй Хурлын ажлыг ёс төдий хүчгүй байлгах сонирхол хандлага дээрээсээ ч доороо ч байсаар байна. Одоо ч энэ байдал даамжрах, холбогдох хууль, хууль үндсэн хуулийн хүрээнд хийгдэх санал яригдаж байгаад харамсаж байдаг.
Харин Монгол улсын Ерөнхийлөгч энэ ажлыг сайжруулах санал санаачлага гаргаж орон нутгийн шийдэх хөрөнгө мөнгөтэй, шууд ардчилал, иргэний оролцооны талаар сайн ажил санаачилж хэрэгжүүлсний үр дүнд орон нутагт НӨУБ-ын ажил нэр хүнд сайжирч байна. Ганц ерөнхийлөгч бус бүх түвшинд дэмжиж чадвал сайн үр дүн гарна гэж хардаг.
Асуулт: Сум, багийнхаа иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Хариулт: Орон нутагт зарим талаар төсвийн эрх мэдэлтэй болсон болохоор тулгамдаж байгаа асуудлаа дэс дараалалтай шийдэж байна. Жижиг асуудал мэт боловч хог хаягдал, сумын төвийн тохижилт, бэлчээрийн болон суурин газрынхаа усан хангамж, байгууллага болон нийтийн эзэмшлийн газрын засвар үйлчилгээ гм. Мөн багийн иргэдийн хурал, зорилтот бүлэг болон ТББ-ын зөвлөлгөөн, нийтийн хэлэлцүүлэг, иргэдээс тодорхой асуудлаар санал асуулгаар санал авах зэргээр аль болох даргаас шалтгаалахгүй, иргэдээс асуудлыг гаргуулж шийдэх шийдлийг гаргуулах зарчим барьж ажиллаж зохих үр дүнд хүрч байна. 2013-2015 онд ОНХС-ын төсвөөр 93 сая төгрөгөөр бэлчээр усжуулах, 50 гаруй сая төгрөгөөр сумын төвийн тохижилт, 700 гаруй сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлууд хийж гүйцэтгэсэн байна.
Асуулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлдэхийн тулд Хурлын зүгээс хэрхэн ажиллаж байна вэ?
Хариулт: Багийн ИНХурлаа дэмжиж, иргэний оролцооны гол цөм гэж ойлгож ажиллуулсан. Багийн ИНХ-д зохих мэдэл олгож, шагнаж урамшуулах, төсөл зээлд хамруулах, бууц хороо эзэмшүүлэх, ОНХС-ийн гол ажил санал авах зэрэг ажилд Багийн ИНХ-ын шийдвэр нэхдэг, саналыг харгалздаг болсон нь үр дүнгээ өгсөн. Багийн ИНХ идэвхжиж ажил нь сайжирч тогтмолжиж байгаа бөгөөд БИНХ-ын дарга нар бага урамшуулал авдаг ч сумын бүх л ажилд төрийн ажилтнуудын адил оролцдог, бичиг цаасаа янзалдаг архивладаг, санал тавьдаг, тодорхой ажил хариуцдаг болсон. Суманд тулгамдаж байгаа нийт олонхи иргэдэд хамааралтай асуудлаар хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүд зохион байгуулахад БИНХ гол үүрэг гүйцэтгэдэг болсон. Жнь: суманд бичил уурхайг цаашид эрхлэх эсэх, хэрхэн эрхлэх талаар 300 гаруй иргэд оролцсон хэлэлцүүлгийн бид БИНХ-ынхантайгаа хамтран амжилттай зохион байгуулж, үр дүнд нь 700 гаруй иргэд хамарсан хоршоо үүсгэн байгуулсан. 270 орчим малчид, малчин өрхийн төлөөлөл оролцсон Малчдын зөвлөгөөн, залуу малчдын чуулга уулзалт зохион байгуулж, МАА-д баримтлах бодлого хөрөнгө оруулалтын асуудал шийдсэн.
Асуулт: Ер нь орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг эхлээд баг дээр яригдаж дээшээ явж батлагддаг болж байгаа. Баг өөрөө биеэ дааж зөв сонголт хийж чадаж байгаа юу? Яг танай сумын хувьд юу хийгдэж байна вэ?
Хариулт: Эхлээд 2013 онд БИНХуралд эрх олгож бие даалгаж асуудлыг шийдэж байсан ч асуудал, санал зөвхөн явцуу хүрээнд гарч ирээд байсан тул 2014 оноос сумын стератеги төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд Засаг дарга, Хурлын үйл ажиллагааны чиглэлд тусган баталсан асуудлуудаас саналын хуудсанд оруулан, саналыг авч эрэмбэлж байна. Энэ нь үр дүнгээ өгч суманд тулгамдаж байгаа асуудлыг дэс дараалалтай шийдвэрлэх боломж олгож байна.
Асуулт: НӨУБ-ыг бэхжүүлэх талаар таны санал?
Хариулт: НӨУБ-г бэхжүүлэх, нэр хүндийг өсгөх, чадваржуулах ажил олон талын дэмжлэг оролцоо, санаачлагаас хамаарна. Төрийн бүх түвшинд дэмжиж ажиллах, хууль эрх зүйн боломж бүрдүүлэх, Нутгийн удирдлагын холбоог хүчирхэгжүүлэх, чадавхжуулах хэрэгтэй байна.
Орон нутагтаа ИТХурал иргэдийн дэмжлэг авч чадах ажил хийх, тэдний талд тэднийхээ оролцоотой шийдвэр гаргаж биелүүлэх, шаардлага тавьж хариуцлага тооцдог байж бэхжинэ, хөгжинө, ажил сайжирна. Одоогийн хууль тогтоолын хүрээнд бүх шатанд ИТХ-ууд хяналт тавина гэсэн чиг үүрэгтэй боловч энэ нь хэрэгжихгүй бол авах арга хэмжээ бүрхэг, зөвхөн Засаг даргад л хариуцлага тооцох эрхтэй бөгөөд тэр нь бас л уламжлах хэлбэртэй байгаа нь НӨУБ-ыг хүчгүй болгож байгаа, ёс төдий байлгах сонирхол ч юм шиг харагдаад байна. Юм болгоныг уламжлаад байвал нэр хүндгүй болж, ИТХ байх хэрэгтэй эсэх талаар иргэдийг эргэлзэх, үл итгэх байдалд хүргэж болзошгүй байна.
Төрийн хяналтын тухай хуульд хуучин Ардын хянана шалгах хороо гэж байсан шиг ИТХ-ын дэргэд Иргэний хяналтын хороо байгуулж, хуулиар эрхийг нь баталгаажуулж өгөх нь НӨУБ-ын эрхийг нэмэгдүүлэх, одоо үед чухал асуудал болоод байгаа хариуцлага тооцдоггүй байдлыг сайжруулах боломж гэж үзэж байна.
Асуулт: Сумын ИТХ бие дааж иргэдийнхээ оролцоог сайжруулах, олон талт ажил зохион байгуулахад юу тулгамдаж байна?
Хариулт: Сая манай Хурал НҮБ-ээс хэрэгжүүлж буй Хурлын байгууллагыг дэмжих төсөлд шалгаран 4 сая төгрөгний тэтгэлгээр олон ажлууд зохион байгуулж үр дүнд хүрлээ. Сумын ИТХурлууд ямар нэгэн иргэддээ зориулсан арга хэмжээ явуулах, ажил санаачлан хийхэд төсөв хөрөнгө муутай, тал талын дэмжлэг муутайгаас олон ажил хийж хэрэгжүүлэх боломжгүй байдаг.
Зохих төсөв дэмжлэг байвал иргэдэд хандсан, тэдний санал санаачлагыг дэмжсэн Нутгийн өөрийн удирдлагын байгуулллагын нэр хүндийг өргөсөн олон ажил хийж үр дүнд хүрч болохыг бидний хэрэгжүүлсэн ажлуудаас харж дүгнэж болох байна.
Иргэний танхимыг байнгын ажиллагаатай байлгах шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хөрөнгө төсвийн дэмжлэг, Хурлын байгууллагын санаачлага, Засаг дарга, ЗДТГ төрийн ажилтнуудын хамтын ажиллагаа чухал шаардлагатай байсан. Иргэний танхимыг байнгын ажиллагаатай болгох чиглэлээр төсвөөс дэмжлэг авдаг, сумдын ИТХ-ын төсөв дээр Засгийн газар, аймгаас дэмжиж төсвийн зүйл заалтанд оруулан нэмэлт хөрөнгө хуваарилаж, зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумдад олгож байвал НӨУБ-ын ажил үр дүнд хүрэх боломж байна.
Аймаг сумын ОНХСанд сумандаа хэрэгцээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг өөрсдөө тусган хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхэд Төсвийн тухай хуулийн 60.3.1 дэхь зүйл заалтыг өөрчлөх шаардлага байдаг. Учир нь Төсвийн тухай хуулийн энэ заалтаар зөвхөн Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүрэгт заагдсан хөтөлбөр үйл ажиллагаанаас бусад хөтөлбөр үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй гэж зааснаас холбогдож гарсан Сангийн яамны журам нь бусад иргэдэд хэрэгцээтэй санал авсан хөтөлбөр үйл ажиллагааг сум орон нутагт хэрэгжүүлэх боломжийг хаасан зүйл заалт юм
Асуулт: Сумын ИТХ-аас төлөөлөгчдийг чадавхижуулах талаар ямар ажлууд хийгдэж байна?
Хариулт: 21 төлөөлөгчөө бүрэн эрхийн хугацаанд Нутгийн удирдлагын холбооны 2 өдрийн, мөн шийдвэр гаргахад иргэдийн оролцоо сэдэвтэй аймаг суманд зохион байгуулагдсан сургалтуудад тус тус хамруулсан бөгөөд гарын авлага материалаар боломжийн хэмжээнд хангаж ажилласан. Энд нэг чухал асуудлыг дурьдахад энэ удаагийн Хурлын төлөөлөгчид маань хуралд оролцох идэвхи санаачлага маш сайн байна, тэрээр бүрэн эрхийн хугацаан дахь 15 удаагийн хуралд 85% ба түүнээс дээш ирцийн бүрэлдэхүүнтэй байсныг хэлэхэд сайхан байна.
Асуулт: Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн хувиар сонгогдсон тойрогтоо ямархуу ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлээд байна вэ?
Хариулт: Хурлын төлөөлөгч тойрогтоо бүтээлч ажил хийх боломж муутай, багуудаар иргэдээр явж ажиллах эдийн засгийн боломжгүй байдаг. Сумын ИТХ-ын төсөв жил бүр багасаж танагдаж ирдэг. Тэрээр хурлынхаа төсвийг хүнд хэлэхээс санаа зовохоор бараг л 2 хүний цалин хүрэхтэй үгүйтэй сард 60 л бензин буюу аймаг и 1 удаа орж ирэхэд ч хүрэхгүй л бензин, жилд 2 удаа хурал хийх хэмжээний бичиг хэргийн зардал зэрэг нь хүрэлцэхгүй, бүр байхгүйтэй адил байдаг даа. Гэвч багуудаар ИТХ-ын даргын хувиар жилд нэг багт явж иргэдийнхээ саналыг авч, гарсан саналыг том утгаар нь багцлан хэрэгжүүлэх гэж зорьж ажиллаж байна.
Асуулт: Суманд ИТХурлын ажлыг сайжруулах болон цаашид анхаарвал шийдвэл зохих ямар ажил байна вэ?
Хариулт: Иргэн хүний хувьд НӨУБ-д ажиллаж буй хүний хувьд улс төрийн сонгуультны хувьд нэг л асуудалд эмзэглэж, шийдээсэй гэж санаж явдаг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж бодлоо.
Аймаг, сум багт намчирхал улс төржилтийг байхгүй болгох хэрэгтэй байна. Энэ талаар хууль ялангуяа үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй бол орон нутагт ганц чөдөр тушаа энэ л байна. Хүн ам цөөтэй боловсон хүчин муутай, нэг нэгнээ сайн мэдэх сум багт ах дүү өрх гэрээр улс төржиж учрыг нь ч ойлгохгүй байж, хий улс төржиж хоорондоо дайсан мэт болж буй нь маш эмгэнэлтэй байна.
Үүнийг улс төрийн нам улс төрчид мэдсээр харсаар байж, нийгмийн ухамсар боловсролын түвшин тааруу жигд бус байгаа иргэдээ өөгшүүлэн турхирдаг дэмждэг нь байж болшгүй зүйл гэж би хардаг.
Монгол улсыг орон нутгийг хөгжүүлэхгүй байгаа гол зүйл эдийн засаг хямрал өр шир бус энэ их намчирхал талцал, хуваагдал, бие биенээ Монголчууд монголчуудаа дэмждэггүй, сэтгэлгүй эх оронч бус хандлага үзэл гэдгийг иргэд маань, тэднийг оюун санааны хувьд мөхөөж доройтуулж буй намууд, улс төрчид ойлгож өөрчлөөсэй гэж чин сэтгэлээ хэлэх байна.
Ярилцлага өгсөн Танд баярлалаа