Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, арга барил, үр өгөөж, иргэд олон нийтийг дагуулж манлайлах чадварыг хөгжүүлэх өөрчлөх арга

2016-01-11




Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, арга барил, үр өгөөж, иргэд олон нийтийг дагуулж манлайлах чадварыг хөгжүүлэх өөрчлөх арга 


Сэдвийг сонгосон үндэслэл:

Нэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн шинэчлэл зайлшгүй талаар үндэсний, аймгийн, сумын түвшинд хүчтэй яригдсаар нилээдгүй цаг хугацааг өнгөрлөө. Нутгийн өөрөө удирдах байгууллага хэмээх нэр томьёо 1992 оны Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж хуульчилж өгснөөр иргэдээрээ овоглосон иргэдээ төлөөлсөн байгууллагын эх суурь тавигдсан түүхтэй. Ерөөс ардчилсан нийгмийн утга учир хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, өмч хөрөнгийг шударга хөдөлмөрөөр хураан хуримтлуулж, төр захиргааны үйл ажиллагаанд үнэлэгээ дүгнэлт хийх, санал тавих, сайшаах, шүүмжлэх зэргээр идэвхтэйгээр оролцох бодит бололцоо үүссэн билээ.

Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэгч хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилготой Үндсэн хуулиараа баталгаажсан байгууллагын гал тогоонд багтаж, төрийн албан хаагч нэрийн дор байгууллагын үнэт зүйлс, алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр өөрийн эрдэм, чадлыг зориулж, сайшаал зэмлэл, сайн муу үйл хэргийн эзэн болж яваагийн хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны арга хэлбэр, үр нөлөөний хүрээнд иргэд олон нийтээрээ хүрээлүүлэх үү? эс чадах уу? гэдэг дээр саналаа хуваалцах нь зүй ёсны үүрэг хариуцлага хүлээсэн албан тушаалтны хувьд болоод хөгжих дэвших нийгмийн эд эс болсон иргэний ёс зүйн асуудал хэмээн үзлээ.

Удиртгал. Ажиллах нөхцөл бололцоо хангагдсан түүхэн боломж.

Хууль эрх зүйн орчин.

  1. Монгол улсын Үндсэн хууль ,1992

  2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 1992

  3. Монгол улсын төсвийн тухай хууль, 1993 от, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 1994

  4. Төсвийн тухай хууль 2012

  5. Хуулийн зүйл  заалтуудаас онцлон дурдвал:


Жаран хоёрдугаар зүйл.

1.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

  1. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

    ИТХ, Засаг даргын чиг үүргийн дагуу хэрэгжүүлэх эрх хэмжээ. ЗЗНДНТУТ хууль


ИТХ-ын буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ

Засаг даргын буюу төрийн төлөөлөгчийн эрх хэмжээ

o Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.

o Нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэнэ.

o Улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

o Тухайн шатны Засаг даргад нэр дэвшүүлнэ.

 

 

 

o Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх

o Хууль тогтоомж, Засгийн газар харъяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцана.

o Хурлын шийдвэрт хориг тавина.

o Тавьсан хоригийг ИТХ олонхийн саналаар няцаасан нөхцөлд уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

o Засаг даргыг томилно.

o Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилно.



            Нэг. Тулгамдсан байдал:

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага  сумын ИТХ-ын байгууллагыг иргэдийн олонх нь бие даасан бодлогын чиг үүрэг бүхий байгууллага гэхээс илүүтэйгээр ЗДТГ-ын бүтэцд хамааруулан ойлгодог

-Үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хуралдаан нь улс төрийн шийдэлтэй асуудлаас бусад асуудал хэлэлцэхэд ИТХ-ын төлөөлөгчдийн ажил хэрэгч оролцоонд тулгуурлаж бус албадлагын шинж чанартай ёсчлох чиг үүргийн дагуу хийгддэг

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлага, сонгуультан нь хуулийн хүрээнд тавигдах шалгуур нь тодорхой бишээс хувь хүний чадамж тухайн шатны Засаг даргаас боловсрол мэдлэг, ур чадварын түвшин дутмаг байдаг тул байгууллагын болон удирдлагын нэр хүндэд өгөх иргэдийн үнэлгээ, сэтгэл ханамж тааруу байдаг

-Газар нутгийн хувьд хэтэрхий тархмал, мал аж ахуй эрхэлж амьдардаг тул цаг боломж хомс тааруу, хүрч үйлчлэх арга хэлбэрийг ихээр шаардаж байгаа

-Ард түмний өөрөө өөрийгөө удирдах эрхийн баталгааг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах асуудал тулгамдаж байна.

Тавьсан зорилго, зорилт: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг иргэдийн оролцоонд түшиглэн нутаг дэвсгэр, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг бүрэн шийдвэрлэдэг эрх зүйн чадамж бүхий  үйл ажиллагааг хэвшүүлэх зорилгын дор:

  1. Иргэд оролцохын тулд мэдлэг мэдээлэлтэй байх хөрс суурь хэрхэн тавигдсан

  2. Иргэд шийдвэр гаргах явцад оролцдог байдал хандлагын нөлөөлөл

  3. Иргэдийн мэдээлэл авах хэрэгцээний бодит нөхцөл байдалд шинжилгээ хийх

  4. Иргэдэд ямар мэдээ мэдээлэл юуны учир  хэрэгтэй байгааг тодорхойлох зорилтуудыг дэвшүүлэн Хөвсгөл аймгийн 10 сумын ИНХ-ууд жилд хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэрүүдийг гаргаж буй талаар судалгаа хийж дүгнэлт гаргах

    Энд дэвшүүлж байгаа зорилго зорилтыг тодорхойлох, цаашдын үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлэх бодит шаардлагыг эрдэмтэн судлаачид хэрхэн тодорхойлсон талаар онцлон дурдъя.

“Иргэний нийгэм нь өөрийн амьдралын ачааг дааж чадах, улмаар бусдын төлөө нийгмийн хариуцлага хүлээх чадвартай, ухаалаг мэдээлэлтэй иргэдтэй байж л бодитойгоор бий болно”.[1]

“Орчин үеийн улс төрийн гүн ухааны онолын үндэслэгчид болох Макиавелли, Локк, Токвиль, Милль, Даль зэрэг томоохон сэтгэгчид иргэдийн улс төрийн оролцоог ардчилсан нийгмийн үнэт зүйлс, хүчирхэг хөдөлгүүр гэж үзэж байсан”.[2]

“Монгол улс дэлхий дээр хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай хоёр орноор хүрээлүүлсэн цорын ганц орон мөн. Тийм учраас ард иргэдээрээ асуудал шийдүүлнэ гээд Ерөнхийлөгчийн хэлээд байгаа, бидний яриад байгаа шууд ардчилал, иргэний оролцоо гэдэг чинь зөвхөн иргэний эрхээс гадна улс орны бүрэн эрхт байдлын асуудлыг шийдээд явах чадамжтай холбоотой юм”.[3]

“Сум орон нутгийн хурал, Засаг даргын харилцааны асуудлыг ч анхааран судлууштай болжээ. Сум, орон нутгийн хурал, Засаг дарга гэсэн хоёр өөр чиг үүрэгтэй нутгийн өөрөө удирдах тогтолцоог нутгийн өөрөө удирдах ёсонд нийцүүлэх үү? эсвэл төрийн тогтолцоонд нэгтгэх үү? гэдэг шиг ажил амьдралд оролцож байгаа сонгуультан ажилтнууд, судлаач, эрдэмтэд, улс төрчид зориуд судалж үзэхээр болжээ”.[4]

Дэлхий дахины соёл иргэншлийг тодорхойлж байсан өвөг дээдсийн хойч үе бидэнд хүн төрөлхтөний дэвшилтэт ололт, ардчилал, иргэний нийгмийн зүй тогтлыг манай улс ардчилалд суралцаагүй, төрт ёсны уламжлалтай, иргэд боловсроогүй гэх мэт шалтгаанаар хойш тавих бус харин ч ардчиллын нийтлэг зарчимд улс орныхоо онцлогийг тусган бусдаас илүү зоримог, эрч хүчтэй, илүү чадварлаг зохион байгуулах оюун ухаан, хүч чадал та бидэнд байх учиртай.[5]

Тулгамдаад байгаа асуудлуудыг эрдэмтэн судлаачид, шат шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтануудын хүрээнд дэвшүүлэн тавьж, байгууллагынхаа үйл ажиллагаа, арга барил, үр өгөөж, иргэд, олон нийтийг дагуулж манлайлах чадварыг хөгжүүлэх, арга замыг тодорхойлоход хувь нэмэр оруулахын тулд эрх зүйн орчны шинэчлэл, боловсон хүчний эрдэм чадалд тулгуурлах менежментийн бодлого боловсруулах шаардлага байна.

Судалгааны обьект: Сумын ИТХ, багийн ИНХ, иргэдийн хэрэгцээ сонирхол

1.Та мэдээллийг ямар арга замаар авч байна вэ?
2. ИТХ-аас 2013-2023 он хүртлэх хугацаагаар батлан гаргасан хөгжлийн төлөвлөгөөнд та саналаа өгсөн. Таны санал туссан эсэхийг эргэж хянасан уу?  

  1. Ямар мэдээлэл авахыг хүсч байна вэ?

Багийн ИНХ-ын хуралдаа нь дунджаар жилд 3-н удаа болж байна. 1 удаагийн хуралдаанаар 3-4 асуудал хэлэлцэж байгаа нь хүмүүсийн суух, мэдээлэл хүлээн авах, нэгэн зэрэг олон мэдээллийг боловсруулах зэрэг шинжлэх ухааны түвшинд хүний    бие махбодь хүлээн авах боломжгүй гэж нотолсон хязгаарыг бүгдийг зөрчдөг хандлага байгаа нь тусгайлан судалж шийдэх арга замыг хайгууштай.

Хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзэх тоо хувь зааж өгсөн нь агуулга бус хэлбэр, чанар бус тоо, нэгжийг бус ерөнхийг эрхэмлэх хөрс болон тавигдаа юу даа гэсэн бодол эрхгүй төрж байна.

Судалгааны аргын сонголт: Санал асуулга, ажиглалт, туршилтын арга хэрэглэв. Сумынхаа 5 багийн нийт 100 иргэнээс нээлттэй болон хаалттай асуултаар санал асуулгын хуудас боловсруулан авлаа.

ИТХ, ИНХ-д ажиллаж байсан болон ажиллаж байгаа нийт 10 ажилтан сонгуультнуудай ярилцаж санал сэтгэгдлийг сонслоо.

10 сумын багийн ИНХ-ын үйл ажиллагааг судлан дүгнэлт хийлээ.

Шинэлэг тал: Хөвсгөл аймгийн бусад сумдын ИНХ-уудын хуралдааны давтамж, хэлэлцсэн асуудлуудын чиглэлийг тодорхойлсноор өөрийн ажилд шинэлэг арга туршлага нэвтрүүлэх боломж үүслээ.

Өдөр тутмын ажлын явцдаа туршлагагаж байдаг боловч практикийг шинжлэх ухааны онолтой харьцуулан жиших замаар судалгаа хийх явцдаа мэдээлэлд боловсруулалт хийж, мэдлэг болгон ашиглах чадамжтай боллоо. Хувийн зүгээс цаашид судалгааны ажлыг гүнзгийрүүлэн судлах хүсэл зорилго төлөвшлөө.

Онол практикийн ач холбогдол: Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх хөгжүүлэх чиглэлээр улс орнуудын баримталж буй баримт бичгүүдийг дурдахад:

-Торонтогийн тунхаг

-Рео де Жайнерогийн тунхаг

-Дэлхийн болон Европын Харти

-МНУХ, КАС-ын 2001 оны тунхаглал

МНУХ-ноос нутгийн өөрөө удирдах байгууллагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагад шинжилгээ судалгаа хийх зорилгоор эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлуудыг тогтмолжуулж байгаа. Я.Долгоржав, С.Нармандах, О.Тунгалаг, Б.Шарбанди, Я.Бямбаяр, Б.Баттүвшин, Г.Маналжав зэрэг олон эрдэмтэн судлаачид Монгол ахуй, Монгол сэтгэлгээнд тохирсон сонгодог онолыг боловсруулахын төлөө ажиллаж мэдлэг оюунаа дайчлан ололт амжилтыг батжуулан алдаа дутагдлыг сайжруулах арга замын хамтаар дэвшүүлэн тавьсаар ирсний бодит үр нөлөө болж жирийн нэг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга миний энэ асуудлыг сонирхох, судлах энэ талаар өөрийн бодлоо санааг илэрхийлэх итгэл төгс байх нөхцлийг бүрдүүлж чаджээ гэж бахархаж байна.

Дэвшүүлж байгаа санал:

-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь татвараа бүрдүүлэх, хувиарлах эдийн засгийн эрх чадамжтай байх

-Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээг Засаг дарга бус ИТХ хэрэгжүүлэх

-Иргэдийн идэвх оролцоонд түшиглэсэн ардчилсан үнэт зүйлс бүхий засаглалыг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагатай үр нөлөөтэйгээр хослуулах

-НӨУЁБ-ын алсын хараа, хэтийн зорилго, зорилтуудыг ханган биелүүлэх үйл ажиллагааны өдөр тутмын удирдлагын ханган ажиллагч ИНХ-ын дарга, шат шатны ИТХ-ын дарга нарын боловсрол, ажлын туршлагыг харгалзан сонгох нөхцлийг хуулиар бүрдүүлэх

-Иргэдийг төлөөлөхөөр гарч ирсэн төлөөлөгчид, шат шатны ИТХ, ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдэд цалин урамшуулал олгодог түүнийхээ хирээр хариуцлага тооцдог, хуралдаанаа шалтгаангүйгээр тасалдаг, сум, иргэдийн хөгжлийн бодлого, эрх ашгийн төлөө бус намчирхах үзэл гаргасан төлөөлөгчийн бүрэн эрхийг хөндөх хариуцлага, ёс зүйн чадамжийг илэрхийлэх хуулийн зүйл заалтыг тусган хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Хэрэгжүүлэх арга зам:

-Бүх шатны нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийн санал бодлыг судладаг, шийдвэрт хяналт шинжилгээ хийдэг мэргэжилтэн ажиллуулах

-Төсвийн хөрөнгө, мөнгөний зарцуулалтад аудит хийдэгтэй адил төрийн үйлчилгээний чанарт үнэлгээ өгөх нийгмийн аудитын тогтолцоо бүрдүүлэх

-4 жилийн хугацаанд сонгогдсон НӨУЁБ-ын ажилтан, сонгуультнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тусгай сертификатын сургалтанд үе шаттайгаар хамруулах

-ИНХ дарга, ИТХ-ын дарга нарын үр дүнгийн гэрээний үлгэрчилсэн загвар гарган мөрдүүлэх

ИНХ-ын хуралдаан, ИТХ-ын хуралдаан нь хэн нэгэн албан тушаалтны хүсэлтээр бус иргэдийн санаачлагаар амьдрал ахуйн хэрэгцээ шаардлагаар хэт олон биш цөөн асуудлыг нухацтайгаар хэлэлцэж хэвших

-Бүх шатны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дарга нарт тавигдах шаардлагыг тусгаж өгөх замаар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, арга барил, нэр хүндийг сайжруулан иргэдийн итгэлийг хүлээсэн, хүрээлүүлсэн иргэдийн гэсэн овогтой байгууллага байх боломж бодит байдалд нийцэн төлөвшинө гэж үзэж өөрийн саналыг дэвшүүллээ.

Ном зүй

  1. Үндсэн хууль, Улаанбаатар, 1992.

  2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Улаанбаатар, 1992.

  3. Төсвийн тухай хууль, Улаанбаатар, 2012.

  4. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар, 1994.

  5. Бямбаяр Я., Нутгийн удирдлагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал илтгэл, Удирдлагын академи, Улаанбаатар, 2006.

  6. Лувсанжамц Л., Пүрэвтогтох Г., Норовсамбуу Д. нар, Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог хангах нь гарын авлага, “Орон нутгийн Засаглалыг дэмжих хөтөлбөр” төсөл, Улаанбаатар, 2011.

  7. Нутгийн удирдлага сэтгүүл, МНУХ., 2009-2015.

  8. Тунгалаг О., Үлгэрчилсэн журам, дүрмүүд, Улаанбаатар, 2015.


БАГИЙН ИНХ-УУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИНЖИЛСЭН СУДАЛГАА

2015.05.15

Сумын нэр

Багийн тоо

2014 онд ИНХ-ын хуралдаан хийсэн тоо

ИНХ-ын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тоо

Үүнээс иргэдийн санал, хүсэлтийн дагуу хэлэлцсэн

1

Арбулаг

6

17

58

3

2

Бүрэнтогтох

6

16

25

3

3

Галт

5

20

82

5

4

Рашаант

5

13

41

4

5

Төмөрбулаг

5

16

48

6

Түнэл

6

24

86

            -

7

Улаан-Уул

5

11

25

8

Чандмань-Өндөр

5

12

43

2

9

Эрдэнэбулган

5

15

45

3

10

Мөрөн

13

39

162

45

Нийт

61

183

615

65



ХӨВСГӨЛ АЙМГИЙН


ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА


Ц.НОМИН


1] Хишигдаваа А., Мягмарсүрэн С., Иргэдийн улс төрийн соёлын зарим асуудал,  Нутгийн удирдлага сэтгүүл, МНУХ, 2012, №02, 24 дэх тал

[2] Мөн тэнд 25 дахь тал

[3] Элбэгдорж Ц., Шууд ардчилал-иргэний оролцоотой төсвийн менежмент үндэсний зөвлөгөөн, Төрийн ордон, 2013.

[4] Маналжав Г., “Нутгийн захиргаанд нухацтай ярилцаж шийдэх асуудал байна”. Нутгийн удирдлага сэтгүүл, МНУХ, 2013,  №4/96

[5] Нармандах С., Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх арга зам зөвлөгөөн, Төрийн ордон, 2013.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%