Асуулт: Монгол улсын баруун хил хязгаар танай сумын тухай товч яриагаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү ?
Хариулт: Манай сум их түүхтэй хил хязгаарын сум, торгууд казак үндэстэн амьдардаг. Улаанбаатар хотоос 1500 гаруй км, аймгийн төвөөс 380 км оршдог, 10 мянга гаруй хүн амтай,211.0 мянган толгой малтай мал аж ахуй, газар тариалан хосолсон, хил худалдааны 2 боомттой, хилийн 6 заставтай, төрийн бүхийл байгууллага ажилладаг 550 гаруй төрийн албан хаагч ард иргэдийн төлөө төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
За тэгээд байгалийн олон үзэсгэлэнт газруудтай, дэлхийд ховор Азийн шар минж, Чийр зэрэг ховор амьтан ургамалтай, 7 төрлийн загас Булган голд амьдардаг.
Монгол улсын баатар 12 төрсөн, хөдөлмөрийн баатар 7, хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн 16, Монгол улсын хошой аварга малчин 1, Монгол улсын аварга малчин 12, Монгол улсын алдарт уяач 2, Монгол улсын тэргүүний тариаланч 1, Монгол улсын аварга хадланч 1, Мянгат малчин 7 төрсөн түүхэн алдартан ихтэй сумуудын нэг билээ.
Бид Монгол улсын баруун хязгаарт амьдарч аж төрж байгаагаараа их бахархаж явдаг түүх ихтэй газрын нэг л дээ. Монгол улсын баруун хил хязгаарыг нутгийн малчид иргэд, хилийн туслах хүчний гишүүд манан амьдарч байдгаараа их онцлогтой. Баруун хилийг хамгаалж энэ сайхан газар нутгийг бидэнд үлдээж өгсөн эх орончид маань 100 гаруй удаагийн байлдаан, 1000 гаруй удаагийн мөргөлдөөнд амь биеэ хайрлахгүй тэмцэж ирсэн түүхтэй ард түмэн юм.
Асуулт: Тэгвэл хилийн боомтын хувьд?
Хариулт: Булган суманд хил худалдааны 2 боомт ажилладаг бөгөөд Олонбулаг, Байтаг, Уушиг, Гурван хүүхэд, Ярант гээд хилийн 6 застав манай сумын газар нутагт харьяалагддаг. Үүнээс Ярант боомт 1989 онд анх нээгдэж, өнөөг хүртэл хилийн худалдааны байнгын үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь ард иргэдийн аж амьдралд маш эерэгээр нөлөөлж байна. Зөвхөн Булган сумаас гадна Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн иргэд энэ хилээр гарч худалдаа хийдэг.
Нэг үе хил гарч юм юм авдаг байсан бол одоо зөвхөн барилгын материал, нүүрс, цагаан будаа зэргийг авдаг болсон. Зарим үед арьс, мах зэргийг гаргаж байна. Чанаргүй бүтээгдэхүүнийг оруулахгүй байхын тулд бусад хүнсний зүйлийг хилээр оруулахыг хориглосон. Энэ жилээс эхлэн адууг амьдаар нь гаргаж байна.
Асуулт: Хил хязгаарын, олон үндэстэн амьдардаг гэх мэт онцлогоо бодлого, шийдвэр гаргагч та бүхэн сумынхаа хөгжлийн бодлогодоо хэрхэн тусгаж байна вэ?
Хариулт : Дээрх онцлог дээрээ тулгуурлан бид сумынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийн гарцыг олон үндэстний соёлын өвийг сурталчлах, хадгалах, сэргээх үйл ажиллагаануудаас харж, олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, бодлогын баримт бичгүүдийг гаргаж ажиллаж байна. Жишээ нь “Булган сумын 2014-2024 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн шинэчилсэн төлөвлөгөө”-г батлан гаргасан. Мөн хөрөнгө оруулагчдыг татах, эрх зүйн таатай нөхцлийг бий болгох зорилгоор “Жангар-1” олон ястны наадам, Дэлхийн торгуудуудын эрдэм шинжилгээний хурал, чуулганыг Булган сумандаа хийсэн нь үнэхээр том хөрөнгө оруулалтын ажил байсан гэж үзэж байна.
Орос, Казакстан, Халимаг, Киргизстан, Америк, Австрали, БНХАУ, Тайван зэрэг орнуудад амьдарч байдаг 250 гаруй торгуудын зочид төлөөлөгчид оролцсон “Жангар-1” олон ястны наадмыг “Торгуудын өв соёл холбоо”, “Торгон нутаг”клуб, “Чингис хаан дээд сургууль”, УБ хот дахь ”Минжит Булган” Нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан нь сум орон нутгийнхаа төлөөх хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд бас ихээхэн ач холбогдолтой байсан.
Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын чуулган хийсэн нь Булган сумын цаашид хөгжих хөгжлийн үүд гарцыг нээж байгаагаас гадна “Торгууд ястны биет, болон биет бус өв”соёлыг тээж хадгалах, өв соёлоо сэргээхэд ихээхэн хувь нэмэр болсон ажил байлаа.
Асуулт: Одоо бидний ярилцлагын гол зорилго Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) тухай сэдэв уруугаа оръё. Та сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар хэдэн ажиллаж байна, Хурлын ажлын талаар товч яривал?
Хариулт: Манай сумын ИТХ нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 төлөөлөгчтэй, ажлын албанд 3, багийн иргэдийн Нийтийн хурлын дарга 6, Тэргүүлэгчид 7, байнгын 6 хороотойгоор байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн.
Би Булган сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 6 дахь жилдээ ажиллах хугацаандаа нэлээд ажлыг санаачлан хийлээ. Үүнд: төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарыг техник тоног төхөөрөмжөөр хангах, аймаг, Улаанбаатар хотод Удирдлагын академид сургалтанд хамруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэх, БНХАУ-ын Үрэмч, Алтай, Чингэл аймаг сумуудад туршлага судлах аялал хийх, төлөөлөгчдийн өдөрлөг, аянуудыг зохион байгуулж байна.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас хуралдааны болон Тэргүүлэгчдийн хуралдааны мэдээллийг цаг тухайд нь тогтмол “Торгууд нутаг-1771” цахим хуудсанд тавигдсанаас 8000 гаруй хандалттай байгаагаас гадна мэдээллийн самбараар байнга мэлээлэл хүргэн ажиллаж байна. Манай энэ хаягаар олон хүн орж мэдээ мэдээллийг байнга авч байдагт бид их баярлаж явдаг. 2016 оныг ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаас “ХУУЛИА ДЭЭДЛЭН ХАРИУЦЛАГАА ДЭЭШЛҮҮЛЭХ” жил болгон зарлаад нэлээд ажлуудыг хийнэ гэж төлөвлөж байгаа.
Асуулт: Аймаг, сумдууд өөрсдийн нэрээр цахим хуудсаа нээдэг, танай сумынх яагаад “Торгууд нутаг-1771” нэртэй байгаа юм бэ? Энэ их сонин санагдлаа.
Хариулт: Бид энэ түүхийг мартаж болохгүй, баруун хил хязгаарыг хамгаалж ирсэн түүх бол зөвхөн бидний биш Монголын ард түмний түүх гэж би боддог. Би хурлынхаа мэдээлэл хүргэдэг хаягаа “Торгууд нутаг-1771” гэдэг хаяг өгсөн нь их учиртай. Ижил мөрөнд амьдарч байсан торгуудууд 1771 оны 1 дүгээр сард наашаа нүүсэн байгаа юм. Түүний залгамж үр сад нь бид нар юм. Тэр түүхэн нүүдлийг Увш хан гэж 35 настай залуу удирдан, одоогийн 3 аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний айл өрх, малтай нүүсэн бөгөөд энэ нүүх хугацаанд олон дайн, дээрэм, тонуулыг туулж, их зовлон амсаж, энэ нутагтаа ирсэн түүхтэй юм. Иймд торгуудууд Монгол улсынхаа газар шороо эх нутаг ард иргэдийнхээ төлөө олон зуун жил тэмцэж ирсэн дайчин ард түмэн гэдэг нь харагдаж байгаа юм.
Асуулт: ИТХ-ын нарийн бичгийн даргын хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг юу гэж үзэж байна вэ?
Хариулт: Нэг үе ИТХ гэдэг байгууллага Засаг даргын ажлын алба шиг явж байлаа шүү дээ. Одоо өөр болсон, ИТХ нь хурлаа хийж чаддаг, гаргасан шийдвэрээ эргэж хардаг, хэрэгжүүлэх гэж явдаг Засаг даргын шахаж ажилладаг, тайлан мэдээллийг нь ямарч үед сонсдог, үнэлэлт дүгнэлд өгдөг зэрэг нэлээд дэвшилт гарсан.
Үүнээс гадна НӨУБ-ын үндсэн ажлыг хүмүүс, иргэд ойлгодог болсон. Иргэдийн Хурал дээрээ биш доороо хуулиа хэрэгжүүлж ажилладаг, хурлаа жинхэнэ утгаар нь хийдэг газар чинь сумуудын ИТХ байдаг. Ямар нэг ашиг сонирхол байдаггүй, зөвхөн ард иргэдийн төлөө, сум орон нутгийн хөгжлийн төлөө асуудлаа ярьж хэлж шийдвэрлүүлж, хэрэгжүүлж явдаг нь орон нутгийн ИТХ-ын хуралдааны нэг давуу тал байдаг.
Сумуудын ИТХ-д зовлон бас байнаа. Жнь: сумын ИТХ-ын төлөөлөгч нар иргэдтэйгээ ажиллахад төсөв байдаггүй, намуудын суудлын мөнгийг зөвхөн дээрээ хувааж аваад, доод шатнаас сонгогдсон төлөөлөгч нарт суудлын мөнгө өгдөггүй, дарга, нарийн бичиг гээд 2 орон тоотой хурлын орон тооны асуудал ажил явуулахад хүндрэлтэй байна, төсөв жил ирэх тутам хасагдаж байна, зөвхөн цалин аваад суух хэмжээнд болоод байна. Гэхдээ бид хуулийнхаа хүрээнд хийх ёстой ажлаа хийгээд явах ёстойэ энэ бидний үндсэн үүрэг.
Асуулт: Сум, багийнхаа иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Хариулт: Манай сумын хувьд 2 удаагийн зуд, гамшигт нэрвэгдсэн сумуудын нэг билээ. 245.0 мянган толгой малтай байсан сум 113.0 мянган толгой малтай үлдэж, 132.0 мянган толгой малаа зуданд алдаж маш их хохирол малчид, бид амссан. Жнь: 1996-1997 оны зуд, 2009-2010 оны гамшиг гэсэн 2 том аюултай жилийг малчид, ард иргэд маань их зүдэрч туулсан даа. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд малчдыг малжуулах ажлыг эрчимтэй хийж, одоо 211.0 толгой малтай болж, малчид маань амьдрал ахуйгаа авч явж байна.
Нэг үе зөвхөн мал өсгөх бодлого барьж байсан бол одоо малын үүлдэр угсааг сайжруулах, эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарч, малын таваарлаг чанарыг сайжруулахад орон нутгийн төр захиргаа, малчид маань их анхаарч ажиллаж байна. Энэ тал дээр төр туслан дэмжин ажиллаж байна. Мөн усалгаатай газар тариалан эрхлэх, төмс хүнсний ногоо тариалах ажлыг илүү түлхүү дэмжиж, төсөл хөтөлбөрт иргэдийг хармуулан ажиллаж байна.
Асуулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Хурлын зүгээс хэрхэн ажиллаж байна вэ?
Хариулт: Багуудын ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах нь хамгийн чухал зүйл гэж үзэж сүүлийн жилүүдэд сургалтуудад байнга хамруулан ажиллаж байн. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд багийнхаа хуралд ирдэг иргэний тоо өсөж, хуралд оролцох идэвх нь нэмэгдэж байна.
Жнь: Багийн иргэдэд урилга хүргүүлэх, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хүргүүлэх, урлаг соёлын арга хэмжээг давхар явуулах, шинэ мэдээ мэдээллийг цаасаар хүргүүлэх зэрэг ажлыг хийж байна.
Ер нь Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) мөнгийг багийн иргэдээр хэлэлцүүлэх болсноос хойш иргэд маш идэвхтэй хуралдаа оролцож, санал бодлоо хэлдэг, төсөл хөтөлбөрт хамрагдах зэрэг нэлээд давуу дал иргэдэд бий болсон.
Асуулт: 2013 оноос Төсвийн шинэ хууль хэрэгжиж, төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сан бий болж, сумдад өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсон. ОНХС бий болсноор ИТХ-ын хяналтын чиг үүрэг илүү тодорч, сүүлийн үед хурлууд ч энэ чиг үүрэг дээр сайн ажиллаж байна уу даа гэж бодож байна. Энэ тал дээр таны бодол?
Хариулт: ОНХСан, сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр гээд Булган суманд 700 сая төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ дундаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, малчдыг малжуулах зэрэг төсөл хөтөлбөрийг голлон анхаарч ажиллаж байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдэж байгаа. Жнь: Зам, машины зогсоол, ахмадын цэцэрлэгт хүрээлэн,Сорхогтан хатны цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн гэрэгэ хөшөө, жимс, жимсгэний аж ахуй, оёдол, талх нарийн боов, сүүний чиглэлийн үхрийн фермер, торгуудын ууцан сүүлт хонь, хошуудын мөнгөн сорт ямааг өсгөн үржүүлэх төсөл гээд олон ажлууд хийгдэж байна.
Сумын ИТХ-аас ОНХС-н мөнгийг журмын дагуу баталж өгдөг, хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга гүйцэтгээд, гүйцэтгэсэн ажил үйлчилгээн дээр Иргэдийн Хурал хяналт тавьж ажилладаг. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан ажлын хэсэг энэхүү хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр дээр хяналт тавихаас гадна, иргэд гэж том хяналт байдаг. Ажлын хэсэг хийсэн ажлынхаа талаар ИТХ-ын тэргүүлэгчдэд тайлагнах зэргээр явдаг энэ нэлээд үр дүнтэй байгаа.
Асуулт: Хөгжлийн сангаар бий болсон хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Хурал яаж шийдэж байна, ямар бэрхшээл байна?
Хариулт: Хийж бүтээсэн зүйлээ хамгаалах гэж нэг том асуудал байна. Орон нутгийн өмчинд бүртгэж авах, тэгээд түүний засвар үйлчилгээ, харж хамгаалах гээд нэлээд хүндрэлтэй асуудал байна. Төрийн өмчнөөс татгалзах гэсэн юм байхгүй, өмчгүй байя гэхээр мөнгөөр хийгдсэн ажлыг орхиж болохгүй, төрийн өмчит компани байгуулья гэхээр хууль эрх зүйн болдоггүй, ийм хийсэн зүйлээ өмчид бүртгэж аваад л байж байна. Гэхдээ ОНХС-аас тодорхой хэмжээний зардлыг засвар үйлчилгээ хийхээр суулгаж болох талтай. Энэ талаар 2016 оноос эхлэн төсөвт суулгасан байгаа.
Асуулт: ОНХС-аар орон нутгийн хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт оруулж байгаа. Тэгвэл ОНХС-аар дамжин ямар өөрчлөлт, хандлагууд бий болж байна вэ?
Хариулт: Орон нутгий хөгжлийн сангийн мөнгө бол зөвхөн тэр сумын бүтээн байгуулалт хөгжилд зарцуулагдаж байгаа тул тэр сумын хөгжил, өнгө төрхийг илэрхийлж байна гэж хэлж болно. Нэлээд ажил асуудал тогтворжиж байна. Хөрөнгө оруулалтын болон бусад асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо сайжирч, багийн иргэдийн Нийтийн хурлаараа тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярилцаж, эрэмбэлж, нэгдсэн шийдэлд хүрдэг жишигт шилжиж, хурал нь тогтмолжиж байгаа давуу тал байна.
Гэхдээ энэ тал дээр дутагдалтай зүйл бас байдаг. Багийн иргэдээр хэлэлцүүлвэл зөвхөн багийнхаа төлөө хийх зүйлээ бичиж эрэмблэн түүнийгээ батлуулах гэж явдаг. Гэтэл Засгийн газар, аймаг, сумын Засаг даргынүйл ажиллагааны хөтөлбөр, сумын хөгжлийн хөтөлбөр зэрэгт тусгагдсан зүйлтэй уялдуулж шийдвэрлэхэд ихээхэн хүндрэл гардаг. Хамгийн гол нь сумын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах нь зүйтэй байдаг. Бид сум орон нутгийн хөгжлийн бодлого зорилттой уялдсан олон чухал асуудлуудыг шийдвэрлэн хэрэгжүүлсэн ч, хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, цаашид зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх багагүй ажил, асуудал хүлээгдэж байна.
Нөгөө талаас, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн идэвхи санаачилга нэмэгдэж, төлөөллийн үүргээ гүйцэтгэх ажил хэрэгч чанар сайжирч, хурлын ажлын албад ахиц дэвшил гар ч байгаа.
Асуулт: НӨУБ-ыг бэхжүүлэх талаар таны санал?
Хариулт: НӨУБ-ыг чадавхижуулахын тулд одоогийн байгаа ИТХ-ын чанар чансааг нэмэгдүүлэх, ИТХ-ын даргад Засаг даргын нэгэн адил шалгуур зааж өгөх, сумаас сонгогдож байгаа төлөөлөгч нарт намын суудлын мөнгийг ижил хэмжээний олгох зэрэг асуудлыг шийдэж өгөх нь зүйтэй.
Асуулт: Сумын ИТХ бие дааж иргэдийнхээ оролцоог сайжруулах, олон талт ажил зохион байгуулахад юу тулгамдаж байна?
Хариулт: Багийн ИНХ-ын дарга нарыг багийн Засаг даргын нэгэн адил цалинтай болгох, багийн Засаг дарга нар баг дээрээ иргэдийнхээ дунд амьдардаг баймаар байна. Мөн тусгай дундаас дээш мэргэжилтэй байх, багийн ИНХ-ын дарга нар давхар ажил эрхэлдэггүй байх зэрэгт заалтуудыг ЗЗНДНТУТХ-д нэмж оруулах хэрэгтэй байна.
Асуулт: Сумын ИТХ-ын төлөөлөгчид ер нь яаж ажиллаж байна, тэднийг чадавхижуулах талаар ямар ажлууд хийгдэж байна?
Хариулт: Энэ бол төлөөлөгчдийн өөрсдийн идэвхи санаачилгаас их шалтгаална. Сайн ажиллаж байгаа төлөөлөгчид байхад, огт багтаа ажилладаггүй төлөөлөгч бас байна. Хамгийн гол нь намын нэрийн жагсаалтаар сонгогдсон төлөөлөгчид чинь зөвхөн хуралд суух ажлыг хийж байна.
Тийм учраас намын жагсаалтыг устгах талаар иргэд их санал хэлсэн боловч УИХ- маань дахин сонгуулийн хуулиа хэвээр нь баталлаа.
Бид 2013 онд ОНХС-с төлөөлөгчдийг чадавхижуулах төсөл боловсруулан 10.0 сая төгрөгийг ИТХ-аар батлуулан, нэлээд ажлыг хийж гүйцэтгэсэн. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтанд хамруулах, туршлага судлуулах, иргэдтэй ажиллахад бензины тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг хийсэн. Сүүлийн жилүүдэд ОНХС-ын мөнгө орж ирэхгүйгээс шалтгаалан энэ төсөл хөтөлбөрүүд бүрэн зогссон байгаа.
Асуулт: ИТХурлын ажлыг сайжруулахад цаашид юуг анхаарч шийдвэл зохистой гэж та бодож байна вэ?
Хариулт: Би түрүүн дээр дурдсан зарим саналуудыг засаг захиргааны нэгжийн хуулинд тусгаж өгөх хэрэгтэй байна, ИТХ-ын төлөөлөгчдөд нэгэн адил намын суудлын мөнгийг олгох, сумуудын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтанд хамруулах тал дээр тодорхой төсөв суулгаж өгөх, Хурлын байгууллагын ажлыг сайжруулахад ард иргэдийн дунд орж ажиллахын тулд хурлын ажилтны орон тоог нэмэх хэрэгтэй байна.
Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг нь төрийн албан хаагчид баймаар байна. Учир нь төрийн байгууллагын хүмүүс хуралд байхгүйгээс орон нутгийн хөгжлийг шийдвэрлэхэд их хүндрэл учирдаг.
Зөвхөн сүүлийн 3 жилд манай суманд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Энэ бол маш том хөрөнгө оруулалтын төр, хувийн хэвшлүүд хийж гүйцэтгэсэн. Манай сумын бизнесмен залуучууд орон нутгаа маш их дэмжиж, хөрөнгө оруулалт хийдэг.
Булган нутгийн хөгжлийн төлөө хамтарч байдаг нутгийн залуучууддаа чинь сэтгэлээсээ баярлаж явдаг шүү. Орон нутгийн удирдлагууд бид ч Булган нутгийнхаа нөөцөд түшиглэн, эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, ард иргэдийн уламжлалт ёс, зан заншлыг хадгалж, хүний хөгжлийг хангасан баруун бүсийн тэргүүлэх ““БУЛГАН БООМТ” хот болгон хөгжүүлэх алс хэтийн зорилттойгоор ажиллаж байна гэж хэлмээр байна даа.
Та бүхэнд баярлалаа