Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэлтэй “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” Үндэсний чуулгантай холбоотой асуудлаар ярилцлага хийлээ. Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг нь нутгийн удирдлагын салбарт үйл ажиллагаа явуулдаг, байгуулагдаад удаагүй шинэхэн байгууллага хэдий ч үндэсний хэмжээнд зохион байгуулагдах томоохон чуулганыг нутгийн удирдлагын салбарынхныг хамруулан зохион байгуулаад байна.
Асуулт: Юуны өмнө “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” үндэсний чуулган зохион байгуулагдах болсон гол шалтгааныг та юу гэж үзэж байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
Хариулт: Манай улсад нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо үүсэн бий болоод хорь гаруй жилийн хугацаа өнгөрөөд байна. Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг нь Монгол улсын нийгмийн харилцааг зохицуулж байгаа тулгуур хуулиуд болох Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хуульд өөрчлөлт шинэчлэлт орохоор яригдаж байгаатай холбогдуулан, энэ асуудал дээр орон нутгийн төлөөллийн нэгдсэн байр суурийг илэрхийлэх, санал санаачлагуудыг төр засгийн шийдвэр гаргах түвшинд хүргэх нь зүйтэй юм хэмээн санаачилга гарган, Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Швейцарийн Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгийг авч, “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” үндэсний чуулганыг улсын хэмжээнд зохион байгууллаа.
Үндэсний чуулганыг зохион байгуулах хороо 3 сарын өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга П.Цагаан, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Ганболд, НИТХ-ын дарга Баттулга, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн засаглалын багын ахлагч Ц.Даваадулам нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, тус чуулганаар хэлэлцэх асуудал, илтгэлийн сэдвүүд болон илтгэгч нарын сонголтон дээр ажилласан.
Асуулт: Үндэсний чуулганаар хэлэлцсэн гол асуудлууд, илтгэлүүдийн сэдвийн талаар тодруулна уу.
Хариулт: Тус үндэсний чуулганд Монгол улсын 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаач нарыг урьж оролцуулсан бөгөөд энэ нь Үндэсний чуулганаар аль нэг талын, өрөөсгөл байр суурийг илэрхийлэхийг зориогүй, харин нутгийн удирдлага хэмээх томоохон салбарын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг эксперт, судлаачдын байр суурьнаас зөв оновчтой гаргаж ирэн төв болон орон нутгийн, нутгийн захиргааны болон нутгийн удирдлагын тэгш оролцоотоогоор хэлэлцэх, шийдэл гаргах зорилготой байсан.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар Нутгийн өөрөө удирдах салбарын маань түүх эхэлсэн. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн тодорхой хөгжил, шинэчлэл явагдаж ирсэнтэй холбогдуулаад энэ салбарт маань юуны өмнө эрх зүйн орчинг шинэчлэх, өөрчлөх, хөгжүүлэх, сайжруулах хэрэгцээ, шаардлага урган гарч байгаа нь чуулганы сэдэв, илтгэлүүд дээр гарч ирсэн. Мөн тус харилцаанд оролцогчдын асуудал ч орхигдоогүй, хөндөгдсөн. Засаглалын тэнцвэрт байдал, чиг үүргийн зөв хуваарилалтаас эхлээд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаарх ойлголтын асуудал ч хөндөгдөж яригдсан.
Асуулт: Чуулганд тавигдсан илтгэлүүд болон илтгэгч нарын талаар танилцуулна уу.
Хариулт: “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” Үндэсний чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, “Монгол Улсын Төрөөс төвлөрлийг сааруулах талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьж, төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа болон хууль эрх зүйн шинэтгэлүүдийн талаар танилцуулж, цаашид нутгийн удирдлагын салбарыг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Нутгийн удирдлагын талаар хийгдэж буй эрх зүйн шинэтгэлийн тойм” сэдвээр, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Нутгийн удирдлагын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэл” сэдвээр илтгэл тавьж, төр засгийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Мөн орон нутгийн төлөөлөл болж, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Эрх зүйн шинэтгэлд нутгийн удирдлагын байр суурь” сэдвээр орон нутаг дахь тулгамдсан асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкман “Төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагыг бэхжүүлэх талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бодлого” сэдвээр Монгол улс дахь төвлөрлийг сааруулах, засаглалыг бэхжүүлэх бодлогын хүрээнд НҮБ-ын байр суурийг илэрхийлж, төвлөрлийг бууруулах, сааруулах тухай маргахын оронд шинэ нөхцөл байдалд төрийн чиг үүргийг хэрхэн оновчтой хуваарилах талаар анхаарах нь чухал хэмээн зөвлөлөө.
Нутгийн удирдлагын салбарын судлаач, доктор, профессор, экспертүүдийн нэг болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам “Нутгийн удирдлагын тогтолцоо ба засаглалын эрх мэдлийн тэнцвэр” сэдвээр тавьсан илтгэлдээ засаглалын төвлөрлийг сааруулах, төрийн чиг үүргийг хуваарилах, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр гадаад орнуудын жишээ баримтаас танилцуулж, тэдгээр орнуудын жишгээр нутгийн удирдлага нь хуулийн этгээдийн бие даасан эрхтэй байх, өмч эзэмших, татвар тогтоох эрхтэй байх, чиг үүрэгтээ тохирсон санхүүжилттэй байх гэх мэт санхүүгийн болон бусад бие даасан байдлыг хангах зарчмуудыг холбогдох хууль тогтоомжид тусгах шаардлага тулж ирсэнийг онцоллоо.
Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор Д.Сүнжид “Орон нутгийн түвшин дэх чиг үүргийн хуваарилалт” сэдвээр, Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Жаргал “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлог, тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, доктор А.Бямбажаргал “Орон нутгийн өмчийн харилцаан дахь тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэлүүдийг тавьж, шийдлүүдийн саналыг дэвшүүлсэн нь нутгийн удирдлагын салбарын тулгамдсан асуудлуудыг онол арга зүй, судалгаа шинжилгээний баримт нотолгоотойгоор хөндөж гаргасан, нэгдсэн шийдэлд хүргэхэд дөхөм болсон илтгэлүүд байлаа.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ЗЗНДНТУ-ын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн багийн зөвлөх Д.Ганзориг “Нутгийн удирдлагын эрхзүйн зохицуулалт: Өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага” сэдвээр илтгэл тавьсан нь нутгийн удирдлагын салбарынхны “Загатнасан газар маажсан”, бидний хэлж заншсанаар “нэгжийн хууль”-д орох өөрчлөлтүүдийг хэлэлцсэн, санал санаачилга гаргасан, маш чухал сэдэв байлаа.
Асуулт: Тус чуулганыг “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” гэж нэрлэх болсоны учир
Хариулт: Ажлын хэсгийнхний хэмжээнд чуулганы нэрийн талаар яригдаж байгаад ингэж томъёолох нь тохиромжтой юм гэж үзсэн. Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг чуулган хэмээх нэртэй уулзалт, хурал цуглаан нь зөвхөн нэг удаад цуглараад, чуулаад хэлэлцээд өнгөрөх нь олонтой. Тиймээс энэхүү чуулганаар нутгийн удирдлагын салбарынхан маань тулгамдсан асуудлаа гаргаж ирээсэй, нэгдсэн нэг ойлголттой болж, томоохон шийдэлд хүрээсэй гэж хүлээцтэй байсан нь энэ чуулганы нэрийг өгөхөд шалтгаан болсон гэж бодож байгаа.
Нутгийн удирдлагын салбарт үүсээд байгаа асуудал болгоныг ярина гэвэл нэг өдөрт яагаад ч багтахгүй. Тиймээс нутгийн удирдлагын салбарт олон жил судалгаа шинжилгээ хийж яваа манай мэргэжлийн экспертүүд маань үнэхээр нутгийн удирдлагын салбарт тулгамдаад байгаа, яаралтай шийдвэрлэх шаардлагатай, цаг үеэ олсон таван томоохон асуудлуудыг хөндөж, чуулганд илтгэл тавьсан нь чуулганы үйл ажиллагаа оновчтой, цэгцтэй, үр дүнг нь хэмжиж болохуйц боллоо гэж үзэж байна.
Асуулт: Чуулганд оролцогчид нутгийн удирдлагын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг юу гэж үзэв, түүнээс гарах гарцыг хэрхэн тодорхойлов
Хариулт: Юуны өмнө нутгийн удирдлагын салбарт маш олон асуудал тулгамдаад байгааг дурьдсан билээ. Нийслэл хотод суугаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан маань нэг хэсэг асуудал ярина, хөдөө орон нутагт суугаа хэд маань бас өөр асуудлууд ярина. Нэгдсэн нэг шийдэлд хүрэхийн тулд асуудлуудаа нэгтгэн базаж, томоор томьёолж гаргахыг зорьсон билээ. Үүнд нутгийн удирдлагын тогтолцоон дахь засаглалын эрх мэдлийн тэнцвэр хэрхэн хэрэгжиж байгаа, орон нутгийн түвшин дэх чиг үүргийн хуваарилалтын асуудлууд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэж юу болох, түүний онцлог, тулгамдсан асуудал, шийдлийн санаанууд, орон нутгийн өмчийн харилцаан дахь тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам хэмээн тулгамдсан асуудлуудаа томьёолон хэлэлцлээ.
Чуулганы үеэр анзаарагдсан нэг зүйл бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон засаг дарга нарын харилцааны асуудал өөрөөр хэлбэл чиг үүргийн хуваарилалтын асуудлуудад оролцогчид их анхаарал хандуулж байсан нь яах аргагүй тулгамдсан асуудлуудын нэг байлаа. Мөн “Нэгжийн хууль”-нд оруулах өөрчлөлтийн талаар санал санаачилга, шийдлүүдийг маш ихээр хэлж, оролцогчид маргалдаж байсан нь нутгийн удирдлагын суурь хуулийн нэг болох тус хуулийг нэн яаралтай оновчтой зөв шийдвэр гаргаж, нэмэлт өөрчлөлт хийх цаг тулж ирсэнийг харуулж байлаа.
Асуулт: “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” Үндэсний чуулганаас УИХ-д нэгдсэн шийдэл зөвлөмж гаргаж, өргөн барьсан. Тус зөвлөмжид юун талаар тусгасан бэ.
Хариулт: Үндсэн илтгэлүүдээс гадна салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдийн дагуу оролцогчдоос гаргасан санал санаачилга болон шийдлийн санаануудыг салбар хуралдаан бүрээр тэмдэглэл хөтлөн буулгаж, оролцогчдын санал авч, зөвлөмжид тусгах санаануудаа эмхлэн гаргасан. “Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл” Үндэсний чуулган нь Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлууд яригдаж, хэд хэдэн хувилбараар хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед зохион байгуулагдсанаараа их онцлог юм. Тиймээс үндэсний чуулганы оролцогчдын гаргасан санал санаачилгууд шууд хуулийн төслийн хэлэлцүүлэгт тусгагдаж, хэрэгжиж бүрэн боломжтой билээ.
Зөвлөмжийг гурван салбар хуралдаан болон таван илтгэлийн сэдвийн хүрээн дор эмхтгэн цэгцэлж, зөвлөмжийг боловсруулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болдбаатараар дамжуулан УИХ-д өргөн барьсан. Чуулганд оролцсон, чуулганы санхүүжилтийг гаргасан, дэмжсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, цаана нь хүлээн суугаа нутгийн удирдлагын салбарын мянга мянган ажилтнууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, сум дүүрэг, баг хороодын анхан шатны байгууллагуудын ажилтнууд, сонгуультнуудын итгэл найдварыг хүлээж, зөвлөмжийг бодитой үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт найдаж байна.
Дашрамд хэлэхэд Монгол улсад төвлөрлийг сааруулах, засаглалыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжиж, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачилан, санхүүжүүлж, хэрэгжүүлж ажилладаг олон улсын бүх байгууллагуудад баярласан талархсанаа илэрхийлье.
Ярилцлага өгсөнд танд баярлалаа. Таны болон танай байгууллагын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ярилцсан: З.Пүрэвдулам /Монголын баг, сумдын үндэсний холбоо/