Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудаас 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах ажил улсын хэмжээнд зохих журмын дагуу үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 274 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт, бусад мэдүүлэг гаргагч 40 мянга орчим албан тушаалтан харьяа байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор мэдүүлгээ бүртгүүлэхээр хууль тогтоомжид заасан.
2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10 мянга орчим албан тушаалтан https://meduuleg.iaac.mn системд нэвтрэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасан хэлбэрээр бүртгүүлээд байна.
Энэ жилийн хувьд сар шинийн баяр 2
дугаар сарын 8-11-ний өдрүүдэд тохиож буй тул хувийн ашиг сонирхлын
болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ яаравчлан бүртгүүлэхийг Авлигатай
тэмцэх газраас төрийн албан хаагчдад болон мэдүүлэг гаргагч нарт
анхааруулж байна.
Ц.Мөнхзул /2016.01.20/