Өнөөдөр /2016.01.21/ ний өдөр Дархан сумын ИТХ, Засаг дарга Дархан сумын ЗДТГ-ын дарга болон 18 багийн Засаг даргатай 2016 оны “Үр дүнгийн гэрээ” байгууллаа. Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаатай Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Үр дүнгийн гэрээ байгуулсан юм. Дархан сумын Засаг даргын хувьд өнгөрсөн оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтээр Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс “Хангалттай сайн” гэдэг үнэлгээг авсан. Энэ нь Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчид болон багуудын нягт хамтын ажиллагааны үр дүн гэдгийг Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа онцлов. Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал Дархан сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун болон 1-16, Малчин, Өргөө багийн засаг дарга нартай энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа үзэглэн баталгаажууллаа.Дархан сум 80 аад мянган хүн амтай. Засаг захиргааны анхан шатны 18 нэгжтэй. Багаараа дамжуулан иргэд төрийн анхан шатны үйлчилгээг авч байна. Багийн дарга нарын хувьд өнгөрсөн 2015 онд сумын засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийлбэр үзүүлэлтээр 92,8 хувийн биелэлттэй дүгнүүлсэн юм. Энэ жилийн тухайд өмнөх гэрээний заалтууд дээр нэмээд хэд хэдэн заалтыг тусгаж өгсөнийг сумын засаг дарга онцлоод 2016 он хэдийгээр сонгуулийн жил ч хаа хаанаа улс төржихгүйгээр гэрээнд тусгасан үйл ажиллагаа, арга хэмжээг бодитой хэрэгжүүлэн, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хуулийн хүрээнд түргэн шуурхай хүргэн ажиллаж харъяа багийнхаа 30 хувиас доошгүй айл өрхөөр орж иргэндээ илүү ойртож ажиллахыг үүрэг болголоо.