Монгол улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт анх удаа зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээнд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн долоон багийн 100 гаруй тамирчид оролцсон байна. Хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээнд өсвөр үеийн цаначид 11-13, 14-15 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.Монгол Улсын Гавьяат Тамирчин Л.Дорж, Улсын шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржготов нарын тэргүүтэй шүүгчдийн баг бүрэлдэхүүн эдгээр өдрүүдэд ажилласан байна. Багийн дүнгээр алтан медалийг Д.Ичинхорлоо дасгалжуулагчтай Төв аймаг, мөнгөн медалийг О.Хүрэлбаатар дасгалжуулагчтай Орхон аймаг, хүрэл медалийг Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тус тус хүртлээ.Өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ий үеэр Монгол улсын спортын мастер Б.Даваажавыг Монгол улсын цанын спортод гаргасан амжилт, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж “Биеийн тамирын тэргүүн ажилтан”- цол тэмдгээр шагналаа. Тэмцээний нээлтэнд аймгийн НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, Монгол улсын спортын мастер Б.Даваажав болон ахмад дасгалжуулагч Х.Ичинхорлоо, н.Хүрлээ, Монгол Улсын Гавьяат Тамирчин Л.Дорж, Улсын шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржготов нарын хүндэт төлөөлөл оролцсон юм.