Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гурван улсын эдийн засгийн коридор Дархан-Уулаар дамжих нь том боломж

2016-01-27

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатартай ярилцлаа.

–Танай аймаг 2016 онд хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь ирэх гуравдугаар сард болох “Дархан-Уул-2016” олон улсын бизнес-хөрөнгө оруулагчдын форум” юм байна. Форумын зорилго, ямар ажлууд төлөвлөсөн талаар сонирхоё?

-Дархан хот эдийн засгийн байршил сайтай, өөрийн гэсэн онцлог бүхий хот. Төвийн тулгуур бүс. Үйлдвэр, аж ахуйн газар олонтой. Социализмын үед олон үйлдвэр байгуулагдсан, одоо ч зарим нь ажиллаж байна. Үүндээ  түшиглээд аж үйлдвэрийн парк бай­гуулах бүрэн боломжтой. Эдийн засгийн салбарт сүүлийн үед Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын асуудал түлхүү яригдаж байгаа. Тэрхүү коридорын транзит зам нь Дархан хотыг дамжин өнгөрдөг. Энэ маш том давуу тал юм. Тиймээс эдийн засгийн чөлөөт коридорт оролцох, тэнд тоглогч байх  бүрэн боломж байна.  Дээр нь ойролцоох аймаг, сумд руу явж буй бүх машин, тээвэр манай аймгаар дамжин өнгөрдөг. Эдийн засгийн ирж байгаа, үүсч байгаа эдгээр давуу тал, боломжуудыг ашиглаж хөрөнгө оруулалт татъя. Дархан хотоо хөгжүүлье, эдийн засаг, үйлдвэр, технологийн шинэ парк байгуулах ажлыг хэрэгжүүлэх үүднээс энэ форумыг явуулах гэж байгаа юм. Төсөв хүндрэлтэй үед заавал төсвөөс юм харж суух биш, өөрсдөдөө байгаа боломжийг ашиглая, нөхцөл бололцоогоо дайчилъя гэж  шийдсэн.

–Форум хөрөнгө оруулалт босгох  зорилгодоо хүрэх болов уу?

-Ер нь бол хямралын үед ажиллах горимд шилжсэнээр манай аймгийн  орон нутаг хөгжүүлэх  сангийн хөрөнгө 10 дахин багассан. Тиймээс  аймгийн Засаг дарга, удирдлагууд, холбогдох газрын дарга, ажилтнууд хамт олны хурлаар ярьж,  зайлшгүй хийх ёстой ажлын дараалал гаргаж, ардчилсан  маягаар шийдэх нь зүйтэй гэсэн санал гаргаж,  шийдвэрлээд явж байгаа. Хэдийгээр төсөв хөрөнгө хүнд байгаа ч  хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Тиймээс төсвөөс хасагдсан ажлууд, аймаг, орон нутгийн санхүүжилтээр хийх ажлуудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилго тавьсан. Өөрсдөө сэтгэж, зүтгэж байж хөрөнгө оруулалт босгоё, гаднаас татъя, ажлын байраа нэмэгдүүлье, үйлдвэрлэл-эдийн засгийн том бүс хот болгоё  гэж хичээж байна. Форумд ач холбогдол өгч,  өндөр хэмжээнд зохион байгуулахаар ажлын хэсэг томилсныг би ахалж ажиллаж байгаа.  Зүгээр нэг хурал хийгээд өнгөрөх бус тодорхой санамж бичгүүд, харилцаа, хамтын ажиллагаа, гэрээ хэлцэл хийгдэх үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

–Аймгийн ЗДТГ-аас олон шинэлэг ажил санаачилж, хийж байгааг иргэд ярьж байсан.  Тухайлбал, бусад газар төдий л сонсч байгаагүй Төрийн албан хаагчдын бахархалын  өдөр”-ийг оны өмнөхөн бий болгосон гэсэн. Энэ талаар сонирхмоор байна?

-“Төрийн албан хаагчийн бахархалын өдөр” –ийг оны өмнө арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулсан. Энэ өдөр төрийн албанд жинхэлсэн хүмүүс тангараг өргөдөг. Ер нь бол төрийн албан хаагчид нуруугаа автал ажиллаад байдаг. Гэтэл нэг л их муу нэртэй,  их зантай, хүнд сурталтай гэсэн ойлголт  яваад байдаг. Иймд энэ байдлыг өөрчилье гэж үзсэн. Нөгөөтэйгүүр, төрийн албан хаагчид халаа, сэлгээгүй их ажилд нухлагдаж байдаг хэрнээ өөрсдийгөө сурталчилдаггүй. Бусад салбар, тухайлбал, цагдаагийнхан, багш нар эмнэлгийн ажилтнууд бүгд тэмдэглэлт өдөртэй. Тэгвэл төрийн албан хаагчдад  өөрсдөөрөө бахархах, баяр ёслол тэмдэглэх өдөр байдаггүй. Тиймээс аль аль талыг нь бодолцож байгаад хамт олны хурал дээр саналаа хэлсэн. Дээр нь аймгийн Засаг дарга санаачилга гаргаж “Төрийн албан хаагчдын бахархалын өдөр”-ийг зохион байгуулъя гэсэн. Энэ өдрийг зүгээр нэг баяр ёслолын байдалтай тэмдэглэх бус, төрийн албаар, өөрсдөөрөө бахархахын тулд өөрсдөө  ёс зүйтэй, зөв  бодолтой гэдгээ харуулъя. Бахархалаа тодорхой болгож, бахархахаас аргагүй хүн гэдэг ямар байх ёстой вэ  тэр бүхнийг өөртөө шингээж,  түүгээрээ бус­дад үлгэр жишээ үзүүлье гэж зорьсон. Энэ үүднээс анх  долоо хоногийн аян зарлаж эхлүүлсэн, хүмүүсийн сэтгэлд ч хүрсэн.

Долоо хоногийн аян гэхээр өдөр бүхэн тодорхой утга  учиртай, хүмүүст хандсан зорилготой  гэсэн үг үү? 

 -Тийм ээ, тухайлбал бүгдээрээ ярьж байгаад  эхнийх нь “Ёс зүйт хувцаслалтын өдөр”  байя гэж  тогтсон юм. Төрийн албан хаагч ямар байх ёстой вэ гэдгийг харуулж, өөрийгөө болоод үйлчлүүлж байгаа ард иргэдээ хүндлэх ёстой. Хоёр дахь өдөр нь “Инээмсэглэлийн өдөр”. Энэ өдөр бие биеэ, ард иргэдээ хүндэтгэж, бүгд  инээмсэглэж харилцана. Гурав дахь өдөр нь “Талархалын өдөр”. Энэ өдөр хамт олон дотроо бие биедээ болон үйлчлүүлэгчдээ  талархах, сэтгэгдлээ илэрхийлэх юм. Буруу ойлгож явсан зүйл байвал уучлал хүсээд  харилцан ойлголцол, эвлэрэл, талархалаар  энэ өдөр эв эеэ сэлбэнэ. Дөрөв дэх өдөр нь “Иргэдээ сонсох өдөр”. Энэ бол Улаанбаатар хотын хэмжээнд  хэвшсэн зүйл. Ялангуяа Нийслэлийн ЗДТГ, Хотын захираг­чийн албанд  ийм жи­шиг тогтсон байгаа. Бид үүнийг нэвтрүүлж, иргэдээ хүлээж авч, сонсч байна. Тухайлбал, иргэд үйлчлүүлэхээр ирэхэд угтаж аваад хаана ямар албан тушаалтантай уулзах вэ. Уулзуулж өгөөд асуудлыг шийдсэн, эсэхийг тодруулна. Шийдэгдээгүй бол аль шатанд явааг нь асууж, мэдээлэл солилцож, хөтөч маягаар явна. Тав дахь өдөр нь “Төрийн албаны хаагчдын бахархалын өдөр” байхаар зохион байгуулсан. Энэ өдөр хүндэтгэлийн хувцсаа өмсч,  ажил үйлс, гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн одон медаль, тэмдгээ зүүж, өөрөө­рөө бахархахад чиглэнэ.

–Бас “Хишиг өдөр” нэртэй цуглаан зохион байгуулж хэвшүүлсэн  гэсэн. Ажил явуулах арга хэлбэрийнхээ талаас өвөрмөц санагдлаа?

-Энэ “Төрийн албан хаагчийн бахар­халын өдөр”-ийн үеэр зохиож хэвшүүлээд байгаа   ажил юм. Ту­хайл­­бал, баасан гаригт албан хаагчдын дунд мэр­гэжлийн сугалаа явуулдаг. Жишээ нь, сугалаагаар би үйлчлэгчийн ажлыг сугалсан бол тэр хүний ажил, мэргэжлийн онцлогийг мэдрэх, миний ажлыг өөр нэгэн сугалсан бол Тамгын газрын даргын ажлын онцлог юу болохыг мэдрэхэд энэ ажил чиглэгддэг. Ингэж бие биеийнхээ ажлын онцлогийг мэдэрч байж  хамт олонч уур амьсгал бүрдэх, бие биеийнхээ ажлыг үнэлэх үнэлэмж бий болно. Ийм цогц арга хэмжээг бид зохион байгуулсан юм. Ард иргэд, олон нийт, төрийн албан хаагчдын сэтгэлд хүрсэн ажил болсон.

–Ямар үр дүн гарав?

-Төрийн албан хаагчид, ажилтнуудын  ажилдаа болон бие биедээ хандах хандлага их өөр болсон. Ард иргэд ч төрийн албан хаагчдын ажлыг ойлгож, мэдэрсэн байна лээ. Хамгийн гол нь ЗДТГ-ын хамт олон, төрийн албан хаагчдын зүгээс иргэддээ хандах, үйлчлэх ажлын хандлагыг өөрчлөх, дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Төрийн үйлчилгээний чирэгдэл багасч, асуудлыг газар дээр нь шийддэг болсон гэхчлэн иргэд ам сайтай байгааг  танай аймагт сурвалжлага хийх явцад  олж  сонслоо. Ухаалаг системийг хэрэг­жүүлснээр өөр ямар дэвшил авчрав? 

-Төрийн албан хаагч иргэдэд хурдан шуурхай үйлчилнэ гэж хуулиар заасан үүрэгтэй. Үүний төлөө тангараг өргөдөг. Үүнтэй уялдуулан мэдээлэл, технологи хурдтай хөгжиж буй  энэ үед технологийн дэвшлийг ашиглах нь зүйтэй. Иймээс  бид нийслэлээс туршлага судалж, ухаалаг системийг нэвтрүүлэх  зорилт тавьж,  хэрэгжүүлж эхлээд байна. Албан бичиг л гэхэд олон шат дамжлага дамжих шаардлагагүй юм. Тухайн асуудлыг, иргэдийн өргөдөл, гомдлыг хаана, хэн дээр явж байгаа болоод яаж шийдэгдсэнийг   магадгүй би өөр газар хуралтай байлаа гэхэд гар утаснаасаа ороод  харах, хариуг дор нь өгөх боломжтой. Бүх юм ингэж шилэн зарчмаар явах нь иргэд өргөдөл гомдлоо өөрсдөө  хянах боломжтой. Өмнө нь иргэд гомдол, хүсэлтээ өгдөг. Тэр нь нэг газар очоод гацчихдаг. Тэгээд танайх авсан, чи, би гэсэн дундын  завсардал үүсдэг байсан бол одоо маш хурдан шийдээд явдаг  болсноороо онцлог.

–Энэ системээ боловсролын салбарт нэвтрүүлсэн гэсэн. Ямар дэвшил авчрав?

– “Шилэн сургууль хөтөлбөр хэрэгжүүлж, 14 сургуульд нээлтээ хийсэн. Ингэснээр эцэг, эх, хүүхэд, багшийн харилцаа ил тод болж байгаа юм. Эцэг эх, багш нар гар утаснаасаа тухайн хүүхэд хичээл тараад хаана явж байгааг хянах боломжтой. Ер нь бид 2016 онд  “Дархан хотоо ухаалаг хот болгоё” гэсэн зорилт тавьсан. Ухаалаг хотын боловсрол, эрүүл мэндийн салбар, төрийн байгууллагууд  ямар байх ёстой юм бэ, төрийн байгууллагууд нь ямар байх ёстой вэ. Иймд энэ онд нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.   Ч.ОЛДОХ    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%