Төрийн ордоны их танхимд /2016.01.27/ ны өдөр УИХ-ын тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын баг сумдын үндэсний холбоо ТББайгууллагууд хамтран “ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулганыг зохион байгуулжээ. Чуулганд Монгол улсын 330 сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны Засаг дарга, Монгол улсын 21 аймгийн тэргүүний 100 Багийн Засаг дарга, Нутгийн хөгжлийн 78 манлайлагчид оролцов. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд нарын албаны хүмүүс оролцож, мэдээлэл хийсэн юм .Дархан –Уул аймгийн 4 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, Багийн Засаг даргын төлөөлөл бүхий 9 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөл тус чуулганд оролцоод иржээ. “ХАМТЫН ХҮЧ-НУТГИЙН ХӨГЖИЛ” үндэсний чуулганаар Нутгийн удирдлага, хөгжлийн эрх зүйн орчинг сайжруулах тухай, хамтын хүчний давуу талыг бэхжүүлэх гарц, боломжууд болон зарим сумдын сайн туршлагуудын талаар илтгэл, танилцуулга, чөлөөт ярилцлагыг өрнүүлсэн байна. Чуулганы төгсгөлд хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэгтгэн, зөвлөмж гаргажээ.