Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 1000 ГАРУЙ НИЙТИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛАНА

2016-01-19

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хороодын гудамж байранд нийтийн эргүүл ажиллуулах журмыг Чингэлтэй дүүргийн ИТХ-аас баталсан юм. 
Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ сарын 18-ны өдрөөс эхлэн дүүргийн 19 хорооны гудамж, байрны нийтийн эргүүлүүдэд нийтийн эргүүл ажиллуулах журмыг танилцуулах, ажлын үнэмлэх өгөх, мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажилд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Л.Амгаланбаатар, ахлах байцаагч С.Ганбаатар, хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга, хорооны олон нийтийн цагдаа, Хэв журмын урамшилт эргүүл, Хэсгийн байцаагч, хорооны цагдаа нар оролцсон юм. 

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нийтийн эргүүлээр ажиллах хүмүүст доорх мэдээллийг өгөв. “Дүүргийн ИТХ-ын дарга хуулийн хүрээнд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн даргын ажлыг хавсран хашдаг. Дүүргийн ГХУСАЗС зөвлөл нь 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд нэг гол зорилтыг өмнөө тавьж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг хэрэгжүүлэх энэхүү зорилтын хүрээнд “Амар тайван Чингэлтэй”, “Иргэний оролцоо” зэрэг  хэд хэдэн томоохон хөтөлбөрийг дүүрэгтээ хэрэгжүүллээ. 

Нэн тэргүүнд хороодын ИНХ-ын дарга ГХУСАЗСЗ-ийн дарга нарын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангаж, урамшууллыг нэмсэн нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхан шатны нэгжийг бэхжүүлсэн үйл явдал байсан юм. Мөн 19 хороонд Иргэний танхим байгуулсан нь жил ирэх бүр бэхжиж, төрийн бодлого шийдвэрийг иргэддээ хүргэх, санал бодлыг нь сонсох нэгэн гүүр болж ажиллаж байна.  

Чингэлтэй дүүрэг анх удаа Олон нийтийн цагдаа ажиллуулж эхэлсэн, дараа нь  хэв журмын урамшилт эргүүл ажиллуулсан. Жил жилийн статистик мэдээгээр хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна. Тиймээс бид Чингэлтэй дүүргийнхээ гудамж байранд нийтийн эргүүл ажиллуулах талаар санал бодлоо солилцсоны үндсэн дээр энэхүү журмыг батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Хамгийн наад зах нь айлууд гудамж талбайд угаадас асгаснаас болоод тэнд халтиргаа гулгаанаас үүдэлтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг зөрчил тасрахгүй байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх чухал ажлыг хийх хүмүүс та нар юм шүү. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээний одоо байгаа боломжид тулгуурлан, нэг эргүүлд эхний ээлжинд 15000 төгрөгөөр шагнаж байгаа ч цаашид үе шаттайгаар нэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэхийн төлөө хичээнэ. 
Цаашид тухай бүрдээ сургалт хийж, мэдээлэл өгч байх болно. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1000 гаруй нийтийн эргүүл ажиллахаар болж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажил болгон үр өгөөжөө өгч, хэрэг зөрчил гарах нөхцөл хаагдан,  тоо нь буураад, ард иргэдийн амьдрах орчин нөхцөлд нь эерэг нөлөө үзүүлээд явах учиртай. Та бүхэн энэ ажлыг хэрэгжүүлж, итгэлийг даана гэдэгт найдаж байна” гэсэн юм. 

Мөн үеэр ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр “Хороодын гудамж байранд нийтийн эргүүл ажиллуулах журам”-ыг танилцуулж,  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Л.Амгаланбаатар, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч С.Ганбаатар нар цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл хүргэлээ. 














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%