Дархан сумын 3 дугаар багийн иргэн Р.Батнасангийн хоёр охин ээжийн хамт БНСУ-ыг зорисон бөгөөд хагалгаа 100 хувийн амжилттай болсныг эмч нар хэлсэн байна. Баярмаа болон түүний эгчид “Чихний дунгийн суулгац” суулгах хагалгаа хийгдсэнээс гадна нөгөө талын чихэнд сүүлийн үеийн сонсголын аппаратыг бэлэг болгон өгчээ. Охидууд 10,15 настай бөгөөд Нийслэл хотын тусгай 29 дүгээр сургуульд суралцдаг. Төрөлхийн сонсголгүй учраас мэс засал хийсэн гээд шууд л сонсгол орохгүй бөгөөд мэс заслын дараа нөхөн сэргээх, хэл яриа, байнгын хяналт, сэтгэл зүйн эмчилгээ хийгдэх юм байна. Нэг үгээр бага багаар дасгаж байж сонгол, хэл яриа хөгжинө гэв. Солонгосын эмнэлэг “Чихний дунгийн суулгац”-ын мэс засалд 10 жилийн баталгаа өгчээ. Эмч нарын хэлснээр эрүүл хүнтэй адил ярих, сонсох үйл явцад 6 жил шаардана гэсэн байна. Хагалгааны дараа гам сайн барьж, нөхөн сэргээх хэл яриа, сэтгэл зүйн эмчилгээний үр дүнгээс шалтгаалж богино хугацаанд эрүүл болно гэдгийг БНСУ-ын эмч нар хэлсжээ. Дуу чимээг хүлээн авах, дасан зохицох явцад хугацаа шаарддаг байна.