Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлэг Хонгор суманд боллоо

2016-03-17

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэг нь  ард иргэдийн саналыг аймгийн ИТХ болон Засаг даргын шийдвэр, үйл ажиллагаанд тусгах, төр захиргааны байгуулагаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон шинээр гарсан хууль тогтоомжийн тухай мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх үндсэн зорилготой. 

Иргэний танхимын энэ удаагийн хэлэлцүүлэг нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, тус сумын Салхит багт тус тус зохион байгуулагдлаа. Хонгор сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 3 багтай.  5796 хүн амтай, аймгийн газар нутгийн 77 хувийг эзэлдэг, 31,2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай, 103,9 мянган толгой малтай, Улаанбаатар, Сэлэнгийн авто зам, Замын-Үүд Сүхбаатар хотыг холбосон төмөр замын зангилаан дээр оршдог, байршлын хувьд өвөрмөц онцлогтой, эдийн засгийн хөгжлийн дэд бүтэц сайтай сум юм.

Тус суманд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд болон аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн удирдлагууд, мөн аймгийн ИТХ-д Хонгор сумаас сонгогдсон төлөөлөгч Н.Мөнхдаш нар оролцож, Хонгор сумын иргэдийн сонирхсон асуулт, тавьж буй саналд газар дээр нь хариулт өгч, тодорхой асуудлуудыг иргэдтэйгээ хамтран хэлэлцэж, шийдвэрлэснээрээ онцлогтой боллоо.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн төвөөс алслагдсан сумдад газар дээр нь очиж хийж, аймгийн удирдлагууд хэлэлцүүлэгт оролцож тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаад Хонгор сумын иргэд талархалтай хандаж байсан бөгөөд тулгамдаж буй асуудлуудаа аймгийн удирдлагуудад тавьсан юм.

Тухайлбал: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагуудын хүрээнд уулзаж,  хилийн цэсийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарах, Хонгор сумын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх /Цагдаагийн хэсгийн байрны засвар, төвийн төвлөрсөн цэвэр ус, бохирын хос шугамын өргөтгөл, Соёлын төвийн дээврийн засвар, техник хэрэгслийн шинэчлэл,  гэх мэт/, сумын ойн ангийн төсөв болон ажилчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх, ахуйн хог хаягдлыг зөөж тээвэрлэхгүйгээр, шууд шатааж буй үйл ажиллагааг зогсоох зэрэг олон асуудлыг хөндөн ярилаа. Мөн Хонгор сумын 14 дүгээр сургуулийн захирал Б.Төгсжавхлант сумын болон аймгийн удирдлагуудад хандаж, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс “Сургууль орчмын аюулгүй бүс” байгуулах саналыг гаргасан юм.

Хонгор-Дархан сумын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани зорчигч тээврийн үнийг нэмэгдүүлсэн  нь Хонгор сумын иргэдэд ихээхэн хүндрэл учуулж байгаа талаар тус сумын иргэдээс удаа дараа тавьж байсан гомдол, хүсэлтийг  судлан аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Автотээврийн газрын дарга О.Цолмон нар  зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Бидний эрч хүч” нөхөрлөлд хандан, үнэ тарифыг хямдруулах  шаардлагыг хүргүүлснээр 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Хонгор сумын Соёлын төвөөс Дархан сумын Шинэ зах хүртэл 2000 төгрөгөөр үйлчлэхээр болж асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь иргэдийн талархалыг хүлээсэн ажил боллоо.

Ийнхүү  “Иргэний танхим сонсож байна” нээлттэй хэлэлцүүлэг сумдад үргэлжлэн явагдах бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 23-нд Орхон суманд хийгдэнэ.


 


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%