Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ИТХ-ын төлөөлөгч
Н.Эрдэнэсувдтай хийсэн ярилцлага
Асуулт: Арвайхээр сумын төлөөлөгчийн хувьд сумаа товчхон танилцуулбал?
Хариулт: 1707 онд Сайн ноён хан Жамбын хоёрдугаар хөвгүүн Цэрэндашид зэрэг, хэргэм, албат хамжлага, газар нутгаа эзэмшүүлэн өгч, тусгай хошуу байгуулжээ. Тэр нь 1924 он хүртэл оршин тогтсон Үйзэн гүний хошуу юм. 1726-1727 онд Дэлгэрэх булагт модон дуган барьснаар өнөөдрийн Арвайхээр хотын анхны шав тавигдсан гэдэг.
Арвайхээр сум нь хүн амын тоогоороо 19 сумаас 1-рт, газар нутгийн хувьд 19-т нь ордог. Одоогоор бүр болон түр оршин суугчдын хамт 30 гаруй мянган хүн амтай. Хүн амын тооны хувьд сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаа нь 2011 оноос хойш 2 баг шинээр байгуулагдан 11 багтай болсноос харагдаж байна.
Асуулт: Ер нь Өвөрхангай аймаг нийт хэдэн төлөөлөгчтэй вэ, үүнээс хэд нь эмэгтэй төлөөлөгчид байдаг вэ? Танай сум хэдэн эмэгтэй төлөөлөгчтэй вэ?
Хариулт: Өвөрхангай аймгийн хувьд, 19 сумын нийт 488 төлөөлөгчтэйгээс 153 нь буюу 31,3% нь эмэгтэй төлөөлөгч байна. Арвайхээр сумын хувьд 31 төлөөлөгчөөс 11 нь эмэгтэй байна.
Асуулт: Таны сонгогдсон баг чинь ямар онцлогтой вэ?
Хариулт: Манай баг аймгийн төвийн шинэ суурьшлийн бүсэд байгаа шинэ баг бөгөөд анх 2011 оны 1 сард байгуулагдах үед 573 өрхтэй, 1985 хүн амтай байсан бол одоо хүн амын тоо 2816-д хүрээд байна. Хүн ам ихтэй шинэ баг тул, шинээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд их хийгдэж байгаа. Нутаг дэвсгэрийн хувьд аймгийн төвөөс 3-8 хүртэл км алслагдсан. Нийт 796 өрхийн 2816 хүн амтайгаас 294 нь сургуулийн өмнөх насны хүүхэд, 580 сургуулийн насны хүүхэдтэй.
Шинэ баг учраас иргэдэд шинээр газар олгох, хаягжилт хийх, сургууль, цэцэрлэг барих, усан хангамж, гэрэл цахилгаан татах, зам тавих гэх мэт дэд бүтэц болон тохижилтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Жишээ нь 250 хүүхдийн цэцэрлэг ажиллаж байгаа бол энэ жил 920 хүүхдийн дунд сургууль ашиглалтанд орох гэж байна. Мөн 1,3 км хатуу хучилттай зам тавьсан. 2015 онд аймаг, сумаас дэмжиж ажилласны үр дүнд өндөр хүчдэл, дэд станц баригдаж эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдсэн.
Арвайхээр сумын газар олголт багийн нутаг дэвсгэрт төвлөрч байгаа тул “Шинэ Арвайхээр” хөтөлбөрийн гол цөм нь манай баг руу чиглэгдэж байгаа билээ. Тэр ч утгаараа ямагт хөгжлийн бодлогын эн тэргүүнд явж байгаа нь азтай хэрэг юм. Жишээ нь 2016 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн нийт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 250 сая төгрөгөөр манай багт хийгдэх багийн төв, өрхийн эмнэлгийн барилга барилаа. Мөн сумын төсөвт ч мөн адил багийн нутаг дэвсгэрийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, камержуулах, худаг усыг нэмэгдүүлэх, мөн хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын хангамжийг нэмэгдүүлэх гэх зэрэг хөрөнгө оруулалтуудыг тусгуулсан байгаа.
Өдөр ирэх тутам хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж байгаагаас манай багаас 2013 онд 11-р баг тасарч, шинээр байгуулагдсан. Тэгэхээр 2 багийн Төлөөлөгч болж ажиллаж байгаа бас нэг онцлог юм. Ер нь аймгийн төвийн сумын нэг багийн хүн ам нь жижиг сумын амтай адил байдаг нь бас нэгэн онцлог юм даа.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах талаар бүрэн эрхийн хугацаанд хэрхэн ажиллав, онцлог ажлууд юу байв?
Хариулт: Миний хувьд Өвөрхангай аймгийн төвийн сум болох Арвайхээр сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллалаа. Энэ сонгуулийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил голчлон хийгдлээ. Өвөрхангай аймгийн хувьд “Бүтээлч Өвөрхангай”, сумын хувьд “Шинэ Арвайхээр” хөтөлбөрийг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж байна.
Тэр дундаа манай багт газар олголт тус багийн нутаг дэвсгэр лүү хийгдэж байгаа тул Шинэ Арвайхээр хөтөлбөрийн хэрэгжилтийн гол цөм нь манай багт чиглэгдэж байгаа юм.
Энэ дөрвөн жилийн хувьд онцлог жил байлаа. Ерөнхийд нь зураглан хэлбэл орон нутгийн хөгжилд иргэний оролцоог дэмжсэн бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь сум орон нутгийн хөгжилд иргэд өөрсдөө оролцох, тэдний оролцоог нэмэгдүүлэх нэгэн томоохон хөшүүрэг болж байна. Тодруулбал орон нутгийн хөгжлийн санг иргэний санал санаачлага дээр үндэслэн зарцуулах гэдгийг хэн хүнгүй мэдэх болсон.
Энэ хугацаанд үндсэндээ 2 чиглэлийг тодорхойлон ажиллалаа. Нэгдүгээрт, сонгогдсон тойргийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хоёрдугаарт ИТХ өөрөө бодлого тодорхойлогч байгууллагын хувьд энэ чиглэлээр бас өөрийн боломж чадлын хирээр ажиллахыг хичээлээ.
Асуулт: Өөрийн ажил мэргэжилтэй холбогдуулан төлөөлөгч хүний хувьд ямар ажлыг санаачлан, гардан ажиллаж байна вэ?
Хариулт: Сум бүрт байдаг сум хөгжүүлэх сангийн Хяналтын зөвлөлийг ахлан ажиллалаа. Энэ санд тавих хяналтын ажлыг үндсэндээ бодлогын түвшинд болон хэрэгжилтийн түвшинд хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж ажиллахыг зорьсон.
Сумын нийгэм, эдийн хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө буюу мастер төлөвлөгөө болон сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт хоёрт харьцуулсан мониторинг хийж, дүгнэлт, зөвлөмж гарган сумын ЗД, түүний Тамгын газарт ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хамт хүргүүлсэн.
Тус төлөвлөгөөг боловсруулахад иргэд, бизнесийн төлөөлөл болон төрийн байгууллагын салбар бүрийн оролцоог хангаж, Арвайхээр суманд хэрэгжих эн тэргүүний бизнесийн чиглэлүүдийг тодорхойлж, сумын хөгжлийн сангийн зээл нь энэ чиглэлүүдэд хэрхэн нийцэж байна гэдэг дээр мониторинг хийгдсэн гэсэн үг юм.
Мэрси Кор ОУБ-т ажиллаж байхдаа аймгийн нилээд хэдэн сумын мастер төлөвлөгөөг иргэдийн оролцоонд тулгуурласан арга зүйгээр боловсруулахад гар бие оролцсоны хувьд энэ бодлогын баримт бичиг амьд байж, төрийн бодлогын тасралтгүй, залгамж чанартай байх зарчим алдагдахгүй байгаасай гэж харж явдаг юм.
Мөн төлөөлөгчийн хувьд багт тулгамдсан асуудлуудын төсөв хөрөнгийг сум, орон нутгийн болон орон нутгийн хөгжлийн санд тусгах, хэрэгжүүлэх ажилд нь анхаарал тавих, өөрийн чадлын хэмжээнд багийн иргэдэд учирсан жаргал зовлонг хуваалцах, багийн өдөрлөг, ахмадуудын өдөрлөгийг санаачлан зохион байгуулах гээд төлөөлөгч бүрийн л санаа тавьдаг, зохицуулдаг ажлуудыг багийн Засаг дарга болон багийн Засаг даргын ажлын алба, ИНХ-ын дарга, тэргүүлэгчид гээд залуучуудтайгаа хамтран хийлээ.
Өөрийн туршлага дээрээ үндэслэн багийн иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах, сургалт, лекц зохион байгуулах гээд оюуны хөрөнгө оруулалтыг түлхүү хийхийг хичээн ажиллаж байна даа.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?
Хариулт: Иргэдийн төлөөлөгч хүн бол сонгуулиар бие дааж болон аль нэг намаас нэр дэвшин өрсөлдөж гарсан төлөөлөгч гэдэг утгаараа тухайн төлөөлөгчийн “Иргэдийн төлөөлөгч” болсон процедурын асуудал юм.
Харин Иргэдийн төлөөлөгчийн гол мөн чанар нь сонгогдсон тойргийнхоо иргэдийн санал бодлыг тусгасан БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАГЧ юм.
Иргэдийн төлөөлөгч хүн сонгосон аймаг, сум, дүүрэг, багийн иргэдийн төлөөлөл болж, тэдний санал бодлыг сонсох, төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэх гэх мэт төрийн бус, иргэний нийгмийн нэгээхэн хэсэг болж ажиллах ёстой. Энэ бол үндсэн үүрэг. Гэхдээ үүний цаана тухайн төлөөлөгч, орон нутгийнхаа бүхий шатны хөгжилд шууд нөлөөлөх бодлого боловсруулахад оролцогч гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй юм.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэг ёсондоо багийн менежемент дээр тулгуурласан үйл ажиллагаа. Дөрвөн жилийн үечлэлээр Иргэдийн хурал сонгогдож, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс, дээр хэлсэнчлэн улс төрийн намаас нэр дэвшин сонгогдож байна.
Монгол улс ардчиллын замыг сонгосон цагаасаа эхлэн төлөөллийн буюу итгэж сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцож ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ыг сонгож байгуулах үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, үр дүнд нь илүү итгэдэг гэсэн үг. Энэ нь хэдийгээр дэлхий нийтийн жишиг болов чиг бас учир дутагдалтай талууд байна. Үүний гол жишээ нь тухайн шатны хурлын шийдвэрээр буюу ялсан намын мөрийн хөтөлбөрийг гол болгосон бодлого барьж ажиллаж, намын харьяалалд, өөрөөр хэлбэл иргэдийн эрх ашиг хоёрдугаар тавигдаад байгаа явдал юм. Амьдрал дээр тухайн төлөөлөгч маань итгэж сонгосон иргэдээсээ илүү нэр дэвшсэн намаа төлөөлдөг нь нууц биш юм.
Асуулт: НӨУБ болон иргэдийн оролцоо ямар байна, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд таны бодлоор хэрхэн ажилламаар байна вэ?
Хариулт: Монгол улсын Засгийн газар, төрийн аль ч түвшинд иргэний оролцоог хангах, төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар их ярьдаг болжээ. Басхүү хэрэгжүүлж ч эхэлж байна. Хэрэгжүүлж эхэлж байгаагийн гол илрэл нь Төсвийн тухай хууль юм.
Иргэний оролцоо гэдэг нь жирийн нэг иргэн хүн эрх мэдэл бүхий даргатай ижил түвшинд, эн тэнцүү эрхтэй байх тухай ойлголт бөгөөд энэ нь ардчиллын чанарын нэг үзүүлэлт билээ. Мөн сайн засаглалын үндсэн шинж бол ИРГЭНИЙ ОРОЛЦОО байдаг билээ.
Гэвч өнөөдөр орон нутгийн гэлтгүй улс орны хэмжээнд иргэдийн оролцоо нь хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдаж байгаа иргэний танхимын хэлэлцүүлэг, бүрэлдэхүүн багатай Багийн иргэдийн нийтийн хурал, цөөн хэдэн нийгмийн идэвхитэй иргэдийн санал дүгнэлт, өөрийнхөө санхүүжилтийг гол төлөв олон нийтийн нэг удаагийн арга хэмжээ эсвэл төсөл хэрэгжүүлэх замаар олж байгаа төрийн бус байгууллагуудын дүгнэлт гэх мэт бага хүрээнд явагдаад байгаа нь харамсалтай юм.
Гэвч өнөөдөр орон нутгийн гэлтгүй улс орны хэмжээнд иргэдийн оролцоо нь хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдаж байгаа иргэний танхимын хэлэлцүүлэг, бүрэлдэхүүн багатай Багийн иргэдийн нийтийн хурал, цөөн хэдэн нийгмийн идэвхитэй иргэдийн санал дүгнэлт, өөрийнхөө санхүүжилтийг гол төлөв олон нийтийн нэг удаагийн арга хэмжээ эсвэл төсөл хэрэгжүүлэх замаар олж байгаа төрийн бус байгууллагуудын дүгнэлт гэх мэт бага хүрээнд явагдаад байгаа нь харамсалтай юм.
Энэ нь эргээд иргэний оролцоог бий болгосон гэхээсээ илүүтэйгээр олон нийтээрээ оролцох боломжийг нь хаан боогдуулж, хязгаарлагдмал хүрээний идэвхийг бүрдүүлж иргэдийн оролцох эрхэнд садаа болж байна.
Иймд орон нутагт ч , улс орны хэмжээнд ч иргэдийг өөрийнхөө эрхийг эдэлж, төрийн аливаа үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм.
Энэхүү зайлшгүй шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулахын тулд олон нийтэд хангалттай мэдээ мэдээлэл түгээж байх нь нэн чухал. Өөрөөр хэлбэл хүмүүс бүлэглэн амьдрах болсон үеэс л мэдээллийн урсгал, мэдээлэл илүү ихээр хүртэж байгаа хүн нь хүчтэй байж, бусдыгаа оройлон манлайлдаг байсан түүх баримт бий.
Иргэдийн оролцоонд тухайн баг сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаа чиглэгдэх ёстой. Иргэдийн төлөөлөгч хамгийн түрүүнд иргэдийхээ эрх ашгийг хамгаалах үндсэн зарчмыг бүхий л үйл ажиллагаандаа баримтлах ёстой.
Асуулт: Иргэдийн оролцоо хэр хангагдаж байгаа, хэр хэмжээнд оролцож байгааг нь яаж мэдэх вэ?
Хариулт: Иргэд оролцож байна гэдгийг яаж тодорхойлж, юугаар хэмжиж байна вэ гэдэг нь өөрөө тун чухал. Үүнд :
• Хэсэг бүлэг хүмүүсийн дуу хоолойг сонсож бусад иргэдийг орхигдуулдсан явдал байгаа эсэх,
• Тухайн асуудалд иргэдээс гарсан санал санаачилга бүрийг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа эсэх,
• Гаргасан санал санаачилга бүртээ иргэд эргэх холбоотой байж хяналтаа тавьж чадаж байгаа эсэх,
• Цөөнхийн санаа бодол эрх ашгийг хүндэлж буй эсэх,
• Ямар нэг хориг саадгүйгээр иргэд шууд оролцож чадаж байгаа эсэхийг хэмжих хэмжүүр хэрэгтэй байгаа нь харагдаж байна.
Асуулт: Иргэдийн оролцоотой төсвийг хэрхэн зохистой хэрэгжүүлж байна вэ? Ер нь орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг эхлээд баг дээр яриад, дээшээ явж батлагддаг болж байгаа. Баг өөрөө бие дааж зөв сонголт хийж чадаж байгаа юу?
Хариулт: Монгол улсын төрөөс иргэний оролцоог хуульчилсан нэг салбар нь төсөв, орон нутгийн хөгжил хоёрыг холбосон явдал юм. Энэ чиглэлд хийгдсэн шинэ алхам, эерэг өөрчлөлтийн эхлэл нь Төсвийн тухай шинэ хуулиар төсвийн зарцуулалтыг орон нутгийн иргэдийн эрх мэдэлд шилжүүлсэн явдал юм.
Төсөв бол нийтийн өмч. Тиймээс төсвийг нийтийн зорилгын төлөө, олон нийтийн тусын тулд тэдэнд нээлттэй байлгаж, ил тод мэдээлж, хамтран хэлэлцэж, тэдний хараа хяналт дор зарцуулдаг байх ёстой.
Уг хуульд зааснаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн асуудлаар баг, хороодын иргэдээс олон нийтийн нээлттэй санал асуулга авч, энэ үндсэн дээр шийдвэрлэхээр заасан. Тэндээс гарсан саналыг Иргэдийн нийтийн хурал хэлэлцэн, эрэмбэ дарааг тогтоох юм. Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, тэндэхийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардлыг хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглох заалттай.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоо бүр байхгүй байгаа нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалт төдийлөн хийгдэхгүй байна. Тиймээс орон нутгийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд иргэдийн саналыг авах нь иргэдэд илүү үр дүнтэй, хэрэгцээ шаардлагад нийцсэн худалдан авалт болох юм.
Улс орны хэмжээнд шууд ардчилал, иргэдийн оролцоог хангах талаар хууль дүрэм гарч, хэрэгжиж эхэлж байгаа боловч, орон нутагт буюу хэрэгжилт нь учир дутагдалтай байна. Жишээ татая: нэг багийн иргэдийн нийтийн хурал, ирцийн хувьд хангалттай гэж үзсэн тул болж байна. Тухайн баг нь нийт 1600 орчим насанд хүрсэн иргэнтэй. Гэтэл тухайн ИНХ-д 68 хүн ирж, сумын ЗДТГ-аас урьдчилан бэлтгэсэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын 43 саналыг бараг 100 %-ийн саналаар баталчихлаа.
Дээрх жишээнээс харахад:
• Нийт 1600 хүний 808 өрхтэй багаас тухайн суманд хийгдэх хөрөнгө оруулалтуудыг 67 хүн шийдчихлээ.
• Тус ИНХ-д ажилгүй, боловсрол багатай, настай голдуу иргэд ирсэн байсан нь тухайн асуудлыг ойлгохгүй,
сүүлдээ залхсан байдлаар шийдэх байдал ажиглагдсан.
сүүлдээ залхсан байдлаар шийдэх байдал ажиглагдсан.
• Урьдчилсан хаанаас оруулсан нь мэдэгдэхгүй, намын мөрийн хөтөлбөрийг үндэслэл болгосон жагсаалтаар
баталсан.
баталсан.
• Хэсэг бүлэг албан тушаалтны үзэл бодлыг баталгаажуулах хэрэгсэл болж байгаа.
Эндээс харахад Төсвийн тухай хуульд иргэн хүн шууд оролцохоор багийн ИНХ-ийн хүчинтэй ирц бүхий хурлаар заавал шийдвэрлэхээр заасан атлаа “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 23.10-т зааснаар 20-30 өрх тутамд нэг иргэн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцох заалтаар 1600 иргэний асуудлыг 67 хүн шийдвэрлэж байна. Энэ мэт Иргэний оролцоо гэж ярих, хэлэх, цаас хууль гаргавч тэр нь иргэний оролцоо байж чадаж байгаа эсэхийг мэдэж, мэдрэх шаардлагатай байгааг харуулж байна.
Асуулт: Сумын төлөөлөгчдийг чадавхижуулах талаар сум болон аймгийн Хурлаас ямар ажлууд хийгдэж байна?
Хариулт: Сумын төлөөлөгчдийн хувьд бусад сум, аймгийн хурлуудтай туршлага солилцох, нутгийн удирдлагын холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг төсөл хөтөлбөрийн газруудын сургалтанд хамруулах зэргээр чадавхижуулж байна.
Асуулт: Эмэгтэй төлөөлөгчийн хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болон жендерийн асуудлын талаар таны бодол?
Хариулт: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог олон нийтээрээ нэмэгдүүлэхийг зорьж, эмэгтэйчүүдийн манлайллыг үгүйлж байна.
Эмэгтэй хүн аливаа асуудалд нарийн мэдрэмжтэй, хүнлэг талаас нь хандаж, авилгалд автдаггүй онцлог зантай. Бас ямар ч үед эрчүүдэд түшиг тулгуур болж чаддаг. Ер нь эмэгтэйчүүд аливаа салбарт тэр дундаа улс төрд амжилттай яваа бол заавал хөндлөнгийн дэмжлэг байгаа эсэхийг харж, хайж байдаг. Энэ нь гол саад бэрхшээл болдог.
Эмэгтэйчүүд үнэхээр хүнд нөхцлөөс манлайлан гарч ирдэг. Наад зах нь санхүүгийн хувьд гэхэд л, өрхийн санхүүгийн эрх мэдэл ихэвчлэн өрхийн тэргүүнд байдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг дэмжих дургүй байдаг нь хэнд ч илт байдаг. Тэр хүмүүст би “Эхнэрээсээ салаад улс төрд ороод үз. Бизнесээ явуулаад үз дээ” гэж хэлмээр санагддаг.
Бас нөгөө талаас нь харах юм бол эмэгтэйчүүдэд ч сул тал байдаг. Баг болж хамтарч, тууштай байж чаддаггүй. Өчүүхэн зүйлийг ч өө сэв болгож хардаг. Энэ бүхнийг даван туулаад, манлайлан гарч ирж чадсан эмэгтэйчүүдээ хүндэтгэх хэрэгтэй л гэж хэлэх гэсэн санаа.
Асуулт: Эмэгтэй, залуу төлөөлөгчийн хувьд энэ бүрэн хугацаанд төлөөлөгч байсан туршлага дээрээ тулгуурлан нутгийн өөрөө удирдах байгууллагын цаашдын хөгжил, үүрэг ролийг юу гэж үзэж байна? Юу хиймээр байна вэ?
Хариулт: Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчийг улс төрөөс ангид байхыг хуульчилсан. Энэ ч зөв гэхдээ энэ бодлогын нэг сул тал нь хувийн болон төрийн бус салбарын хүмүүс иргэдийн төлөөлөгч болсноор эхний жилүүдэд төлөөлөгчөөрөө чадавхижих гэсээр хугацаа алдаж байх шиг санагддаг.
Бас нэг асуудал нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсөв маш бага байдаг. Энэ нь төлөөлөгчдийг богино хугацаанд чадавхижуулах, тойргийн асуудал шийдвэрлэх гэх мэт гол гол асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй болгож байна.