Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нутгийн өөрөө удирдах байгууллагад эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байна

2016-03-18

   Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
 Т.Тулгаатай хийсэн ярилцлага 


Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдаж яваа хүний хувьд ямар ямар гол ажлуудыг амжуулж байна вэ?

Хариулт: Нутгийн өөрөө удирдах байгууллага (НӨУБ)  бий болоод хориод жилийн нүүр үзэж,  Дархан хот маань, Дархан сум болон ажиллаж байна. Үндсэн хуулиар төр захиргааны анхан болон дунд шатны нэгж нь орон нутгийн хувьд баг, сум , төвдөө хороо, дүүргийн зохион байгуулалтад шилжсэн.
Манай сумын хувьд 18 багтай, хүн амаараа Монгол улсдаа хоёрт ордог. Ная гаруй мянган хүн амтай хотын эрх зүйтэй сум. Дархан сумын нутгийн өөрөө удирдах  байгууллагыг бэхжүүлэхийн төлөө, үе үеийн Иргэдийн хурлын дарга нар багагүй ажлыг хийж ирсэн. Тэр ажил дээр нь суурилж,цааш нь бэхжүүлэхийн төлөө энэ удаа сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгчид анхааран ажиллаж байна.

Асуулт.Төрийн анхан шатны нэгж нь баг, багийн удирдах байгууллага нь багийн иргэдийн нийтийн хурал байдаг. Үүнийг зохицуулдаг хууль нь амьдралд хэр нийцдэг вэ?

Хариулт:  НӨУБ-ыг бэхжүүлэхэд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу бид ажиллаж,  үүргээ биелүүлэхэд хангалттай биш юм шиг санагддаг.

Нэг талаар хуулиар олгогдсон эрх үүрэг нь эрх мэдлийн хувьд тодорхой хэмжээгээр давуу байгаа юм шиг санагддаг ч бодлого боловсруулах түвшний чиг үүргийн энэ ажил, яг хөрсөн дээр бодитоор буухдаа хэрэгжих талдаа тун бага байдаг. Энэ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд тал талын хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж үзэж байгаа. 
Жишээ нь: Анхан шатандаа багийн Иргэдийн Нийтийн Хурал гэдэг байгууллага байдаг. Өнөөдөр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шууд ардчилал, иргэний оролцоог бий болгосон ажлууд явагдаж байгаа ч гэсэн яг анхан шатан дээрээ засаг захиргааны эрх мэдэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа тогтмолжиж чадаж байна уу,  үгүй юу гэвэл эсрэгээрээ. Нэг үгээр хэлбэл багийн иргэдийн нийтийн хурлаас багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга сонгогддог журамтай явж байгаа.

Асуулт. Сумын ИТХ нь багийн Иргэдийн Нийтийн Хуралд ямар нөлөө үзүүлж ажилладаг вэ?

Хариулт. Хурал нь үүргээрээ багийн доторх бодлогыг тодорхойлж, өөрийн багийн нутаг дэвсгэр дээрх ажлыг улам бүр эрчимжүүлж байх чиглэлтэй байсан хэдий ч Засаг дарга нь эрх мэдлээрээ иргэдийн нийтийн хуралд төдийлэн ач холбогдол өгөлгүй шууд гүйцэтгэгч маягаар оролцдог болж, байр нь солигдчихоод байна.

Мөн НӨУБ-ын чиг үүргийнхээ дагуу сумын ИТХ нь багийн ИНХ-д шууд л үүрэг өгөөд ажиллах боломжгүй. Тиймээс бид зөвхөн чиглэл өгөөд орон нутгийн түвшинд ч, тухайн сумандаа хийж хэрэгжүүлэх түвшний ажлуудыг тодорхой хэмжээгээр харилцан зөвшилцөж, мэдээ мэдээллээр хангаж, арга зүйгээр, материаллаг баазаар туслаж дэмжих талаас нь ажиллахаас биш, шууд удирдан зааварлах түвшний чиг үүрэг эрх зүйн хувьд нь байдаггүй. 

Өнөөдөр багийн ИНХ-ын чадавхийн асуудал нь доголдолтой байна гэж би үзэж  байна. Энэ нь зөвхөн манай сум ч биш, Монгол улсын 21 аймгийн бүх сум, нийслэлийн есөн дүүргийн бүх хороодод ямар нэг хэмжээгээр адилхан байгаа гэж боддог.

Асуулт. Ер нь орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг эхлээд баг дээр хэлэлцэгдэн, батлагддаг болж байгаа. Энэ тухайд ?  

Хариулт: Засгийн газраас төсвийг ард түмний мэдэлд өглөө гэсэн уриа лоозон гаргаж яваад байгаа ч зөвхөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон нутагт нь, тухайн багт нь бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Энэ бүтээн байгуулалтуудын хэлэлцүүлж байгаа гол санаа нь ард нийтийн саналыг авч байгаа нь зүйтэй. 

Нөгөө талаараа ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилтай холбогдуулж Сангийн сайдын баталсан 240 дүгээр журам гэж бий. Энэ журам маань өөрөө бас иргэд орон нутгийн байгууллагуудын хооронд сайн зохицдоггүй. Үүнээс болж гарч байгаа хүндрэл нь гэвэл, 2014 оны ажлын саналыг 2013 оны эцсээр иргэдээсээ аваад, сумын ИТХ-аар оруулж, 2014 оны 3, 4 дүгээр сараас эхлээд худалдан авах, тендер зарлах ажлууд хийгдсэнээр 5, 6 дугаар саруудаас ажлууд нь эхэлж байна.  Уг журамд зааснаар 2014 оны ажил хэрэгжиж эхлээгүй байтал 2015 оны ажилд санал аваад эхлэх жишээтэй. 
Энэ нь өөрөө багийн ИНХ-д хүндрэл нь яаж илэрдэг вэ? гэхээр нэг багийн ИНХ дээр ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлээд 5-7 асуудал дээр ч юм уу санал гаргалаа гэж бодоход тэндээс өгч байгаа мөнгөн дүн дээрээ тулгуурлаад 1-2 ажил л эцсийн байдлаар хийж хэрэгжүүлж эхэлж байгаад л иргэд их бухимдалтай ханддаг.

Яагаад гэвэл тэдний гаргасан санал ямар нэг байдлаар ажил хэрэг болоогүй, үр дүнгээ өгөөгүй байхад дараагийн саналыг авч байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ журмыг эргэж үзэж, харах шаардлага байгаа. 

Асуулт.Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэн болохоор орон нутаг төсвөө юунд зарахаа зөв шийдэх шаардлагатай болдог байх. Чухам ямар юманд төсвөө зарцуулж байна вэ?

Хариулт: Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэн гэж ярьдаг болохоор бүх төсөв орон нутагт шилжсэн гэж нийтээр ойлгоод байдаг. Гэтэл тийм биш зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад л хамаардаг болохоос биш бүх төсөв урьдын адил дээд шатандаа төвлөрсөн хэвээр байгаа. 

Төсөв гэдэг маань өөрөө их өргөн хүрээтэй ойлголт, нэг үгээр хэлбэл бүх хэлтэс, агентлаг түүний харьяа албад мөн тухайн орон нутгийн дэд бүтэцийн асуудал гээд өргөн хүрээтэй. Тэгэхээр төсөв маань яг л босоо удирдлагатай хэвээрээ байгаа хэрэг. Байдал ийм байхад Монгол улсын Засгийн газар иргэдэд төсвийн бүх эрх мэдэл ард түмний гарт шилжлээ гэдэг ойлголт өгч байгаа нь өрөөсгөл. 

Нөгөө талаар НӨУЁБ-ын эрх мэдэл хумигдмал хэвээр байгаа төдийгүй багийн ИНХ-ын материаллаг бааз бэхжих яагаа ч үгүй байна. Энэ нь тухайн оны төсөвт санал авч багийнхаа ИНХ-ын материаллаг баазыг бэхжүүлье, жилдээ иргэдэд тулгуурласан бодлого шийдвэртээ илүү хүртээмжтэй хэрэгжүүлэхийн тулд ИНХ өөрөө хүчтэй ажиллах ёстой гэдгээр анхаарал тавих ёстой. Ингэхийн тулд ажиллах нөхцөл бололцоогоор нь, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр нь бүрэн хангах хэрэгтэй болж байна.

Асуулт. Дархан-Уул аймгийн хувьд тэр дундаа танай Дархан сумын хувьд ИНХ чинь ажиллах нөхцөл бололцоогоор хэр зэрэг хангагдсан бэ?

Хариулт: Манай суманд ч мөн ялгаагүй, харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төрийнхөө тамгыг гэртээ хадгалаад явж байгаа багийн ИНХ-ын дарга нар олон байгаа. Ийм байдлуудыг шинээр бий болсон ИНХ-ын дарга нар анхааралдаа авч, өмнөх оны төсөвт гэхэд л Дархан сумын ИТХ-аар хэлэлцэж, аймгийн Засаг даргад, ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэст, аймгийн Ерөнхий аудиторт хүргүүлсэн. 

Яагаад хүргүүлж байгаа юм бэ гэхээр НӨУЁБ бэхжихийн тулд, багийн ИНХ-ын материаллаг баазыг нэмэгдүүлэхийн тулд урьд оныхоо төсөв дээр явуулаад, аймагтаа нэгтгэж явуулснаар Сангийн яаманд очиж эцсийн байдлаар хянагддаг. 

Гэтэл Сангийн яам нь орон нутгийн төсвийг хаа байсан өнгөрсөн 2013 оных нь төсвийг 2012 оны сүүлд баталсан төсвийнхөө жишгээр ихэнхийг нь хасаад оруулж ирдэг. Жишээ нь сумын ИТХ-ын тэргүүлэгчид бид төлөөлөгчидтэйгээ, багийн ИНХ-тайгаа ажиллах, иргэд рүүгээ чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг маш их хиймээр байдаг. Тэхэд одоо энд орж ирсэн төсвөөс үзвэл багийн ИНХ-ын материаллаг баазыг бэхжүүлэхээр оруулсан бидний саналыг огт дэмжээгүй хасаж оруулж ирсэн байгаа.

Асуулт. Яагаад хасагдсан гэж. Та бүхэн онцын шаардлагагүй юманд төсвөө хийсэн биш үү? Түүнээс ор тас хасна гэж байх уу?

 Хариулт. Дархан сумын ИТХ нэг жилийн хугацаанд сургалт, зөвлөгөөн хийх болон бусад ажлыг хийх төсөв нь ердөө л 130 мянган төгрөг. Үүнээс болж НӨУЁБ ажлаа жигд явуулахад доголдол гарч байгаа юм.  Бид ийм аргагүй байдлуудаас болж аймгийн ИТХ-д ханддаг ч үр дүнгүй өнгөрдөг. Гэтэл 2014 оныг иргэдийн шууд оролцооны жил гээд л зарлачихсан. Үүнтэй холбоотой ажлуудыг сумын ИТХ-аас хийгээд л байдаг ч  үр дүн гардаггүй амьдралд хэрэгждэггүй. 

Нөгөө нь багийн ИНХ-ын даргад өрөө ч байдаггүй, ширээ сандал ч байдаггүй болохоор ИНХ-ын дарга нь тамга тэмдгээ гэртээ аваачихаас өөр аргагүй байдалд ордог. ИНХ-ын дарга нар үргэлж л иргэдтэйгээ уулзахын тулд байнгын ажлын байр байх шаардлагатай. Гэтэл иргэд баг дээр ирээд зөвхөн багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай л уулздаг. Багийн ИНХ-ын даргатай уулзах нөхцөл бололцоо муутай болохоор багийн ИНХ-ын даргын нэр хүнд байр суурь нь муу байдаг.

Асуулт. Багийн ИНХ-ын дарга нарын урамшуулалын тухай тодруулна уу?

Хариулт. Багийн ИНХ-ын дарга нар маань баталгаажих түвшний доод хэмжээний урамшуулал авдаг. Энэ урамшууллаар багийн ИНХ-ын үйл ажиллагааны бүх зардлыг нөхөөд, таван тэргүүлэгчээ мэдээллээр хангаж бичиг цаасны, утсаар ярих, зар тараахаас эхлээд зөндөө зардал гарна. 

Түүнчлэн баг дээрээ өдөрлөг, тэмдэглэлт үйл явдал зохион байгуулах зэрэгт багийн ИНХ-ын дарга нарын оролцоо маш их хэрэгтэй байдаг болохоор тэр болгонд нь цөөхөн хэдэн төгрөг нь татагдаад, өөрт нь юу ч үлддэггүй. 
Манай сумын 18 багийн ИНХ-ын дарга нар маань үнэхээр сэтгэлээрээ ажиллаж байгаа болохоор  үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.


                                                                                                                        Ярилцлага өгсөн Танд баярлалаа 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%