Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИЛҮҮ ЭВ НЭГДЭЛ, ЭЕРЭГ ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ ЮМ БОЛ НӨУБ УЛАМ БЭХЖИНЭ

2016-03-28

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Бадамсүрэнгийн Нямдорж. 
Цахим хаяг: Facebook-Нямдорж Бадамсүрэн

Асуулт: Та өөрийгөө болон аймгийн ИТХ-ын талаар товч танилцуулна уу? 

Хариулт: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Бадамсүрэнгийн Нямдорж.  2014 оноос тус сумын Өгөөмөр багаас нөхөн сонгогдон ажиллаж байна. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. 
Манай Ханхонгор сум нь 21 төлөөлөгчтэй ба үүнээс 7 тэргүүлэгчтэй болно.

Асуулт: Та хурлын төлөөлөгч болоод удаагүй байгаа залуу хүн байна. Ер нь яагаад хурлын төлөөлөгч болъё гэж бодов, иргэдээ төлөөлж, тэдний дуу хоолой болж ажиллая гэсэн бодол, сэдэл хаанаас өөрт чинь бий болов? 

Хариулт: Дунд сургуульд байхад манай аав сумын ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгч байсан болохоор багаасаа эхлэн сонсож судалж сонирхож эхэлсэн. Мөн 10 жилэээ төгсөөд оюутан болоод сумынхаа оюутнуудынхаа төлөөлөл болж, аймгийн болон сумын ямар нэгэн арга хэмжээнд оролцож ирсэн. Мөн сумын оюутны холбоог анхлан байгуулж, жил бүр оюутны шинэ жил, спортын тэмцээн уралдаан, аялал, нутгийн зөвлөлийн уулзалт гэх мэт нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ажилладаг байсан юм. 

Ингэхдээ сумын удирдлагууд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын харьяат бизнес эрхлэгч нутгийн ах нартай хамтран ажиллаж, тэд бүгдээс маш их зүйлийг сурч мэдэж мэдэрч, олон нийтийн төлөө зүтгэж ажиллахыг хүсч эрмэлзэж ирсэн бөгөөд ард иргэдийг төлөөлөн ажиллахыг хүсч, зорьсондоо бага багаар хүрч эхэлж байна.

Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах талаар бүрэн эрхийн  хугацаанд хэрхэн ажиллав, онцлог ажлууд юу байв?

Хариулт : Сумын ИТХ-ын төлөөлөгчийн хувьд, сонгогдсон хэсгээсээ буюу багаасаа тулгамдаж байгаа асуудлуудыг айлуудаараа тойрон сонсож, санал хүсэлтийг нь авч судалж, тэдний хүсэлтийг боломжоороо биелүүлэх талаас холбогдох ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Жишээлбэл :
-  Сүлжээ байхгүй байгаа хөдөөний малчдын орчимд үүрэн телефоны сүлжээ тавих ажлыг хөөцөлдөн, сүлжээтэй болсон.
- Бүл хүч муутай айлын хашаа хороо барих ажлыг зуучилж барих барилгын хүчийг тухайн айлд олж өгөхөөр боллоо,
- Багийнхаа болон сумынхаа нийт 9  ажилгүй байгаа иргэдийг ажилтай болгож өгсөн бөгөөд одоо дахин 10 гаруй хүнийг 
         ажлын байранд оруулж өгөхөөр ажил олгогчтой тохиролцоод байна.
- Мөн сумын төвийн албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож холбогдох 
        газруудад дамжуулж уламжиллаа.
- Сумынхаа сургалтын төлбөрийн чадваргүй байгаа 1 оюутны хүсэлт өргөдлийг аймгийн Засаг даргад дамжуулж өгөх 
        нөхцлийг бүрдүүлж уламжилж дэмжүүллээ.
- Багийнхаа фээсбүүк хаягийг болон сумынхаа оюутан залуучуудын ТББ-н фээсбүүк хаягийг идэвхтэй ажиллуулж, сум 
        орон нутагт болж өрнөж буй гол гол ажлуудыг олон нийтэд өөрийнхөө сайн дураар хүргэж ажиллалаа.
- Сумынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж, сумыг аялал жуулчлалын салбараар 
        дамжуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 
Ер нь сумын ИТХ-н төлөөлөгч идэвхи зүтгэлтэй ажиллаж чадвал олон ажлуудыг бүрэн эрхийн хугацаанд амжуулан хийж чадна. Олонхи байгаа тал илүү олон ажлуудыг хийж, бүтээж амжуулж болох боломжтой бөгөөд тэр хэрээрээ ИТХ-н төлөөлөгчийн өөрсдийн чадамж, чадавхи нэмэгдэнэ.

Асуулт: Та  өөрөө аялал жуучлалын чиглэлийн мэргэжилтэй, сумын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсрууллаа гэж байна. Энэ талаар дэлгэрүүлбэл..? 

Хариулт: Би 2008-2012 оны хооронд ХИС-н аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Иймд сум орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, сумын төсвийн орлогын тодорхой хэсгийг энэ салбараас бүрдүүлэх ямар боломж, нөөц байна вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд байнга хайж, бодож явдаг.

Манай сум нь аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гол тулгуур бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэрт 10 гаруй жуулчны баазууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилдээ олон мянган жуулчин дайран өнгөрдөг гээд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой сум юм. Тиймээс аялал жуулчлалын байгууллагууд ард иргэд сумын хамтын ажиллагааг бэхжүүлж, аялал жуулчлалыг түшиглэж сумаа хөгжүүлэх боломж бүрэн байгаа юм.

Манай сумын “Сумыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-нд аялал жуулчлалын талаар заалт байдаг ч  одоо болтол хэрэгжихгүй үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс өөрийн давуу талаа ашиглан, тус салбарыг хөгжүүлэх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ажиллаж байгаа эхний алхам маань сумын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулах ажил байлаа. 
Үндсэндээ, тус хөтөлбөрт аялал жуулчлалыг хэрхэн яаж хөгжүүлэх, ямар ямар үр ашигтай байдал бий болох, гарах үр дүн, хүрэх үр дүн гээд бүхий л үйл ажиллагаа, арга хэлбэрүүдийг багтааж оруулж өгсөн. Үүний эхний ажил нь “Монгол говийн нүүдэлч малчдын холбоо”-той хамтран, энэ оны 08 дугаар сарын 08-нд сумын Мандах багийн нутагт “Монголын нүүдэлчдийн нэг өдөр” гэдэг аялал жуулчлалын өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. 

Энэ арга хэмжээнд Ханхонгор сумын Мандах багийн малчид иргэд хамрагдаж, ажлуудыг гардан гүйцэтгэх бөгөөд тэдний эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх, монголын нүүдэлчин малчин ард иргэдийн өдөр бүртээ хийж заншсан соёлын шинжтэй зан үйлийн ажлуудыг жуулчдад сонирхуулах, сум орон нутгаа суртачлах гэх зэрэг хэд хэдэн зорилгыг агуулж байгаа юм.

Асуулт: Орчин үеийн техник технологи, фейсбүүк ашиглаж олон нийтэд мэдээлэл түгээж ажиллаж байгаа юм байна. Тэгвэл нутгийн удирдлагын хөгжил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд  цахим ертөнцийг ашиглах ямар санаа оноо байна вэ? 

Хариулт: Сүүлийн үед фээсбүүк цахим ертөнцийн хөгжлийг иргэн бүр ашиглаж хэвшиж эхэлсэн. Энэ салбарыг ашиглаж сум орон нутгаас хийх гэж байгаа ажлаа санал асуулгаар асууж санал авдаг, хийсэн ажлаа тайлагнаж үнэлэлт дүгнэлт авдаг, цаг үеийн шаардлагатай байгаа зарлал мэдээллийн шинж чанартай гол гол ажлуудаа иргэддээ мэдээлдэг гэх мэт байж болох бүх боломжийг ашиглах нь маш чухал юм. 

Гэхдээ мэдээж хамгийн гол зөв хандлагатай, эерэг харилцааны хүрээнд ашиглаж хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн үед ажиглаж байхад манай сумын энэ салбарын хөгжил тийм ч хурдан биш байгаа мөн мэдээлэл маш дутмаг байгаа нь анзаарагддаг. Боломж байгаа дээр нь алдалгүй ашиглаж авах нь их чухал байна. 

Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг  төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?

Хариулт : Нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал гэдэг нь сумынхаа ард иргэдийн хүсэл сонирхлын дагуу сумынхаа хэмжээнд холбогдох хөгжлийг гол гол бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж, баталж амьдралд хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг үзэх нь гэж боддог. 
Зовлонтой тал нь ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдчихоод ажлаа муу хийх, айлуудаа хэсэхгүй, ард иргэдээ сонсохгүй байгаа байдлаас болж нэр хүндээ алдах улмаар тэр нь сумын нутгийн өөрөө удирдах байгууллагыг тэр чигээр нь буруутгаж харах гэх мэт асуудал болно гэж бодож байна. 
Тулгамдаж байгаа асуудал нь сумын ИТХ-н төлөөлөгчдийг улирлаар ч юмуу тодорхой хэмжээгээр цалинжуулах асуудал байгаа. Ингэснээр тухайн төлөөлөгч хүн үүргээ улам их ухамсарлаж, сум орныхоо хөгжил дэвшлийн төлөө одоо байгаагаасаа илүү их хүчин чармайлт гаргаж ажиллах болов уу гэж бодож байна.

Асуулт: НӨУБ-ыг бэхжүүлэх талаар таны санал?

Хариулт : Нэгэнт сонгогдож гарч ирсэн бол бодлогоор ч юмуу хуулинд тусгадаг ч юмуу улстөржих, намчирхах байдлыг л халах хэрэгтэй. Сумын түвшний гол гол хөгжлийн асуудал дээр намчирхаж улстөржих байдлаас болж сум хохирох хандлага байгаа. Тиймээс илүү эв нэгдэл, эерэг харилцааг бэхжүүлэх юм бол НӨУБ улам бэхжих байх гэж бодож байна.

Асуулт:  Сум орон нутгийг хөгжүүлэх төсөв, хөрөнгө оруулалтад иргэдийн өөрсдийн оролцоо, хяналт ямар байна, иргэдийн оролцоотой төсвийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ? 

Хариулт :Зохистой хэрэгжүүлж чадахгүй байгаа. Хэдий иргэдийн санаачлагаар хийж байгаа гэгддэг боловч зарим нэг ажлууд нь гүйцэтгэл муу, чанар муу үр дүн муутайн дээр өндөр өртөгтэй байдаг. Мөн нэгэнт л иргэдийн санаачлагаар хийгдэж байгаа юм бол хуулиндаа мөн зохицуулалт хийж, тухайн сум орны иргэдийг өөрсдөөр нь тухайн ажлуудаа гүйцэтгүүлэх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. 

Ингэснээр тухайн сумын иргэд 1-рт сэтгэлээсээ чанартай хийж гүйцэтгэнэ, 2-рт ашиг орлогоо сумынх нь иргэд хүртэж, эдийн засагт нь дэмжлэг болно, 3-рт баталгаат хугацаа ашиглалтын байдлаас хамааран, араас нь хэл ам хийгээд явахад сумандаа байдаг хүмүүс байвал илүү амар. Тэгэхгүй бол гадны хүмүүс ирж нэг ажлыг хийгээд явахад тухайн ажил нь шаардлага хангахгүй болсон тохиолдолд тэр хүмүүсийг эргэж дуудна, ирнэ ирэхгүй, ирвэл тэд нарт зардал чирэгдэл гарна гээд хэн хэндээ төвөгтэй гэх мэт асуудлыг зохицуулах хэрэгтэй байна.

Мөн тухайн хөрөнгө оруулалтыг сумын хэмжээнд зөв бодлогоор зөв ашиглахгүй бол чанаргүй боловч их хэмжээний өртөгтэй олон ажлууд хийгдэж байгаагийн дээр тэр нь үр дүнгүй ашиглалт муу байна. Тиймээс сумын шийдвэр гаргах түвшний удирдлагууд энэ талаар маш сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Асуулт: Хөдөө орон нутагт иргэдийн сэтгэлээ, хандлага ямар байна вэ? 

Хариулт: Сум орон нутгийн хөгжил гэхээд дандаа, барьж, байгуулж байгаа зүйлийг яриад байдаг.  Тэгвэл эерэг, зөв сэтгэлгээ, хандлагыг иргэдийнхээ оюун санаанд суулгаж чадвал бас нэгэн чухал ололт юм. Ингэхдээ харилцааны соёлтой, нийгмийн идэвхтэй, хүнлэг ёсыг дээдэлж, цаг мөч бүр бусадтай харилцахдаа дандаа зөв харилцааг хэрэглэж, эерэг хандлагыг дэлгэрүүлэх нь чухал юм. 
Үүний гол үр дүн нь сумаараа эвсэг, эрч хүчтэй санаа нийлсэн нэг баг хамт олон болох, муу буруу зүйлийг арилгасан, дандаа сайн сайхан зүйлийг ярьдаг, хардаг, хэрэгжүүлдэг, хийж бүтээдэг болох юм бол эцсийн дүндээ сумандаа л хэрэгтэй, ард иргэддээ л хэрэгтэй зүйл болно гэж боддог. 

Яагаад энэ зүйлийг хийх шаардлага байна гэвэл сум маань цөөхөн  хүн амтай мөртлөө иргэд нь үл ойлголцол, намчирхах, улстөржих, нэгнийхээ алдаа дутагдал, буруу үйлдлүүдийг өөр хоорондоо байнга ярьж, үндсэндээ хов живэнд хэтэрхий их автсан, нэгнийхээ дээр гарах гэсэн атаач санаатай, нэгэндээ сайрхсан, атаархсан гэх мэт дандаа л нэг сөрөг хандлага ажиглагдаад байна. Тийм учраас энэхүү сөрөг хандлагыг эерэг хандлагаар сольж эерэг давалгаанд сумаараа нэгдэж чадвал амжилтанд хүрнэ гэж үзэж байна. 

Асуулт:  Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болон жендерийн асуудлын талаар таны бодол? 

Хариулт : Манай сумын 21 төлөөлөгчөөс 7 нь эмэгтэй төлөөлөгч байдаг. Зөв үзэл бодолтой, зөв хандлагатай, эерэг харилцаатай, үгээ хэлэх газраа хэлж чаддаг, хийх ажлаа хийж чаддаг эмэгтэйчүүд байх юм бол эмэгтэй төлөөлөгчдөө заавал тоо заагаад байх шаардлага байхгүй гэж боддог. Учир нь зарим эрэгтэй төлөөлөгч нар үг хэлж чаддагүй, санаачлага байхгүй, ажлаа хийж чадахгүйн дээр намчирхаж, улстөржих талдаа сайн сөрөг хандлагыг маш их гаргадаг юм.
Жишээ нь: анхан шатны нэгж дээр ч гэсэн эмэгтэйчүүд хамт олноо зөв удирдан зохион байгуулж чадаж байвал амжилтанд хүрч болдог гэдгийг, түүнчлэн эрэгтэй эмэгтэй аль нь ч хамаагүй хүн зөв л ажиллаж чадвал боломж бололцоо байгаа гэдгийг манай сумын 4-р баг буюу Жаргалант багийн Засаг дарга Б.Мөнхжаргал эгч маань нотолж, харуулж байгаа юм. 

Асуулт: Сумын хуралд залуучуудын төлөөлөл болж байгаа хүний хувьд залуу хүмүүс сум орон нутгийн хөгжлийн төлөө юу хиймээр байна, цаашид юу хийх сэн гэж бодож байна вэ? 

Хариулт: Залуучуудын хувьд сум орон нутагтаа ажиллаж амьдрах хүсэл зорилго их байдаг ч тэдэнд тохирсон боломжийн цалинтай ажил байдаггүйн дээр амьдрах нөхцөл таатай орчин дутмаг байдаг шиг санагддаг. 

Яахав төрийн болон төсвийн байгууллагуудад тодорхой орон тоон дээр зарим залуучууд маань ажиллаж байна. Залуучууд бид шинэ үеийн төлөөлөл гэдэг утгаараа цаг үе, орчин цагийн улс орны хөгжлөө дагаад дандаа шинийг эрэлхийлж хөгжиж байдаг хүмүүс юм. Тиймээс суманд тэрхүү хөгжлийн урсгалыг ямар нэгэн байдлаар үргэлж нэвтрүүлж, сумын хөгжилтэй уялдуулж, бодлогын хэмжээнд барьж ажиллах нь чухал юм шиг санагддаг. 
Мөн сум орныхоо ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг салбар салбараар нь хэсэгчлэн уулзаж тодруулж, шийдэж болох арга замуудыг ард иргэдээс өөрсдөөс нь саналыг авч, түүнийгээ сумын хөгжилтэйгээ уялдуулж ажиллах нь хамгийн чухал. 

Сумын аль ч насны, аль ч салбарын иргэд чөлөөт цаг, ажлын хажуугаар цагийг зөв боловсон үр дүнтэй өнгрөөх үүднээс соёл спортын цогцолбор төвтэй болох шаардлага байна. Ингэснээр тэр төвдөө иргэд маань ирж үйлчлүүлэх, спортоор хичээллэх, соёлын ямар нэгэн төрлийн үйлчилгээ авах, оюуныхаа мэдлэгийн хүрээг тэлсэн сүүлийн үеийн номын сан, цахим номын сан, интернэт гэх мэт иргэдэд хэрэгтэй олон үйлчилгээг нэг дор цогцлоох хэрэгтэй байна.

Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарыг одоо байгаагаас нь улам илүү их чадварлаг, чанартай түвшинд хүргэж чадвал, сумандаа ирж суралцах хүүхдийн тоо, сумандаа ирж эмчлүүлэх иргэдийн тоо өсч, үндсэндээ сумын хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх хандлагыг шийдэх гарц гэж ойлгодог. 
Ингэж сумын төв дээр хүн амын төвлөрлийг нэмснээр худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх иргэдийн тоо өсөх, тэгсэнээр тухай байгуулагуудын худалдаа наймааны зах зээлийг нэмэгдүүлэх гэх мэт өөр хоорондоо уялдаа холбоотой байх нөхцлийг хангах юм. Гэхдээ хамгийн гол зорилго нь сумаараа эрүүл чийрэг биетэй, аймгийнхаа хэмжээнд тэргүүлэх боловсролын салбартай болох нь хүссэн хүсээгүй ард иргэдийн хүсэл сонирхлыг татаж чадах юм.

Асуулт: Хэрвээ та сумынхаа ИТХ-ын дарга болбол... гэсэн асуултыг хамгийн сүүлд таньд тавимаар байна. 

Хариулт: Хэрвээ сумын ИТХ-н дарга болвол дараахь чиглэлээр ажиллана гэж бодож байна.
- Сумын хөгжлийг ард иргэдийн хүсэл сонирхолтой нийцүүлсэн, тэдний таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө 
        бүхий л арга хэмжээг санаачилж, шийдэж ажиллах
- Сумаараа эерэг хандлагыг төлөвшүүлж, зөв харилцаатай, нийгмийн идэвхтэй, хүнлэг ёсыг дэлгэрүүлсэн, дуугарвал 
        дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй тийм сайхан хамт олныг бүрэлдүүлэх. Хэдий өөр өөр ааш зантай 2.000 хүн байгаа ч 
        тэднийг нэгтгэж болох бүхий л арга замыг ашиглаж хэрэглэж ажиллах.
- Сумаа аймгийнхаа хэмжээнд манлайлагч, хөгжлийн түүчээлэгч сум болгох зорилгыг тавьж түүндээ хүрэх гэж бүхий л 
        боломжийг ашиглаж ажиллах
- Сумынхаа ард иргэдийн эдийн засгийн байдлыг дээшлүүлэх талаас холбогдох бодлогын болон шийдвэрийн арга 
        хэмжээнүүдийг зөв тодорхойлж ажиллах
- Сумын аялал жуучлалын салбараар түшиглэн сумынхаа хөгжлийн үзүүлэлт, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх
- Сумын залуучуудын хүсэл сонирхлыг нэгтгэж сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө хийж болох шинэ шинэлэг 
        санаануудыг гаргаж ирэх, нутгийн ахмад туршлагатай албан хаагчдынхаа үгийг сонсож, заавар зөвлөгөөг авч, нутгийн 
        иргэдийг холбосон хамтын сайн туршлагыг гаргаж ирэх
Эцсийн дүндээ сум орон нутгийн хөгжлийг дээшлүүлж, аймагтаа тэргүүлэх хэмжээний сум болон дэвшихийн төлөө шаардлагтай бүхий л эерэг сайн сайхан ажлуудыг хийж бүтээхийн төлөө ажиллана гэж бодож байна.


Цаг заваа гарган, ярилцлага өгсөнд Танд баярлалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%