Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманы чуулганы нээлтэнд хэлсэн үг

2016-04-06

УИХ-ын дарга З.Энхболд,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм хүндэт Төлөөлөгчид өө,
Канад Улсын элчин сайд Эд Жэйгэр,
Хөгжлийн түншүүд,
Иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Эмэгтэй манлайлагчдын энэхүү чуулганд оролцож байгаадаа би их баяртай байна. УИХ-ын даргын хэлсэнчлэн, сонгууль болтол гурав сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Үндэсний чуулган нь Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр явагдаж байгаа нь чухал ач холбогдолтой.

Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хувьд ч дурсгалтай өдөр тохиож байна. Яг дөрвөн жилийн өмнө Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Улс төрийн эрх тэгш байдлыг хангах арга замыг тодорхойлох нь” Азийн бүсийн бага хурлыг зохион байгуулж байв. Нэртэй эрдэмтэн судлаачид, эмэгтэй манлайлагчид оролцсон тус бага хурлаас Ази, Номхон далайн бүс нутагт улс төрд жендэрийн тэгш байдлыг хангах 6 үе шат бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг дэвшүүлж байсан билээ.

2000 оноос хойш НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын бусад байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт жендэрийн тэгш байдлыг үйл ажиллагааныхаа нэг гол хэсэг болгон ажиллаж ирсэн бөгөөд энэ чиглэлээр томоохон дэвшил ч гарлаа. Сургуульд суралцаж буй охидын тоо өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, бага сургуульд суралцагчдын хувьд жендэрийн тэгш байдал хангагдаад байна. 1990 онд хөдөө аж ахуйгаас бусад салбарт эмэгтэйчүүд нийт ажиллагчдын 35 хувийг бүрдүүлж байсан бол одоо 41 хувь болж өсөөд байна. Гэвч дэлхийн олон улс оронд улс төрд жендэрийн тэгш байдал бодит амьдралд хэрэгжээгүй хэвээр байна. Парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэх Мянганы хөгжлийн зорилт хангагдаж чадаагүй. 2016 оны нэг дүгээр сарын байдлаар дэлхийн хууль тогтоох байгууллагууд дах эмэгтэйчүүдийн төлөөлөл 22.6 хувь байгаа бол Ази, Номхон далайн бүс нутаг 18.8 хувь байгаа нь Арабын улсуудын дараа доороосоо хоёрт орж буй үзүүлэлт юм. Харин Монгол улсад УИХ-ын гишүүдийн 14.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх нь хүний эрхийн асуудал, ёс суртахууны үүрэг, мөн хөгжлийн асуудал юм. Аливаа улс төрийн тогтолцоо хүн амынхаа тал хувийг бүрэн оролцуулдаггүй бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс улс төр, эдийн засгийн шийдвэр, ахиц дэвшилд нөлөөлж, түүний ач тусыг хүртэх боломжоо алдаж байна гэсэн үг. Удирдах албан тушаалд эмэгтэйчүүд цөөн байгаа нь нийгмийн хэм хэмжээ, гэр бүлийн үүрэг хариуцлага, жендэрийн ялгаварлан гадуурхал, мөн үлгэр дуурайл авах эмэгтэй удирдагч цөөн зэрэг олон шалтгаантай гэдгийг судалгаануудад дурдсан байдаг. Сонгуулийн үеийн улс төрийн дайралт, ширүүн өрсөлдөөнд орохоос эмэгтэйчүүд зайлсхийдэг нь бас нэг шалтгаан мөн. Ийм саад бэрхшээлүүдийг бид улс төрийн хүрээнд болон нийгмийн хэм хэмжээнд зориуд зохих суурь өөрчлөлт хийж, эмэгтэйчүүдийн улс төрд оролцох эрмэлзлийг дэмжсэн орчин нөхцөл бий болгох замаар даван гарч чадна. Өнөөдрийн Чуулганаар эдгээр асуудлыг авч хэлэлцэх байх гэж бодож байна.

Өнгөрсөн жил олон улсын хамтын нийгэмлэг 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталлаа. Эмэгтэйчүүд Тогтвортой хөгжлийн бүх зорилтыг хангахад нэг чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд маш олон зорилтын хувьд эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, эрх мэдэлжүүлэх асуудал нь зорилт ба шийдлийн аль аль нь болж тодорхойлогдсон билээ.

Тэгш эрхийг хангах, хүн бүрт адил тэгш хандах тухай асуудал бол 2030 он хүртэлх хөгжлийн зорилтын гол цөм юм. Гэхдээ тэгш эрх гэхээр хүн бүр эдийн засгийн үр ашиг хүртэх тухай яриад зогсох бус харин хүн бүр нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломж нөхцөлийг хангах, хүн бүр эрхээ тэгш эдлэх боломжоор хангах тухай асуудлыг ярих ёстой.

Энэ нь хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлж буй Монгол Улсын хувьд эмэгтэйчүүд эдийн засгийн боломжоос тэгш хүртэхээс гадна төрийн албанд ч, улс төрд ч аливаа чухал шийдвэрийг гаргахад адил тэгш оролцдог байх ёстой гэсэн үг юм.

Монгол улсад энэ жил УИХ-ын болон орон нутгийн сонгууль болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нэр дэвшигчдийн 30% нь заавал эмэгтэй байх квот тогтоосон УИХ-ын өнгөрсөн жилийн шийдвэрийг талархан дэмжиж байна. Гэвч эмэгтэйчүүд сонгогдоход квот дангаараа хангалттай биш. Улс төрийн намууд эмэгтэйчүүдээ дэмжиж, тэднийг идэвхтэй сурталчлах шаардлагатай. Эмэгтэй нэр дэвшигчдээ олон нийтэд өргөнөөр танилцуулж, хэвлэл мэдээллээр сурталчлах нь зүйтэй. Орон нутгийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчиддээ өөрийн санаачилгаар квот олгосон Ардчилсан намын шийдвэрт мөн талархаж байна. Бусад улс төрийн нам ч ийм алхам хийх байх гэж итгэж байна. Аймаг, нийслэлд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай бөгөөд цаашид парламентын болон орон нутгийн сонгуулийн аль алинд хуулиар квот тогтоох нь зүйтэй. Эдгээр нь зөвхөн эхлэлийн арга хэмжээ юм. Өнөөдрийн Чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж, цаашид хийх өөрчлөлтийг төлөвлөх сайхан боломж олгож байна.

Энэ Чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Эмэгтэй гишүүдэд тус Чуулганы зохион байгуулж байгаад, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канадын Элчин сайдан яаманд тус Чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Чуулганаар бүтээлч хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%