Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН” БОЛ ЗӨВХӨН ИРГЭДИЙН САНАЛААР ШИЙДЭЖ ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ

2016-04-08

Өсөж төрсөн нутагтаа сайхан амьдрах хүсэлтэй олон хүн хөдөө орон нутагт амьдарч байна. Гэвч манай улсын сум, орон нутгийн эдийн засгийн хөгжил жилээс жилд зогсонги байдалтай болж байгаагаас, иргэд хот руу  тэмүүлж, хөдөө  нутаг улам бүр эзгүйрсээр байгаа.
Хөдөөнөөс Нийслэл хот руу шилжих олны урсгал нэмэгдсээр ганцхан жилийн дотор 90 мянган хүн амьдралын эрхээр хот бараадаж байна гэсэн тооцоо байдаг. Энэ нь манай улсын засаг захиргааны нэгжээс жил бүр 10 сум арчигдах хэмжээний нүүдэл болж байна гэсэн үг юм. Ер нь манай улс шиг өргөн уудам нутагтай атлаа хүн амын тэн хагас нь дөрвөн уулын дундах жижигхэн хөндийд шахдалцан амьдардаг улс байхгүй. Ийм учраас төвлөрлийг сааруулж, сум, орон нутгийг иргэдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх, орон нутагт иргэдийн хяналттай эрх мэдлийг өгөх зорилготой “шууд ардчилал хөтөлбөр” орон даяар хэрэгжүүлсэн түүхтэй .
 Тус хөтөлбөрийн хүрээнд сум, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, иргэд тухайн газар орноо өөрсдийн оролцоотойгоор хөгжүүлэх зорилготой. Иймд орон нутгийн хөгжлийн санг сум бүрт байгуулахаар болсон. Хөгжлийн сангийн гол эх үүсвэр нь улсын төсвөөс орох санхүүжилт байх учраас улсын төсөвт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байгуулахаар хуульд тусгасан байна. ДНБ-ний НӨАТ-ын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь зэрэг орлогоор орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийн бүрдүүлэхээр болжээ. 
2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий “Орон нутгийн хөгжлийн сан”-тай байхаар хуульчилсан нь бас нэг дэвшил гарсан гэж үзэж болно.
Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг “ Орон нутгийн хөгжлийн сан” гэж тодорхойлсон билээ. Уг хөрөнгөөр тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн санал санаачлага дээр тулгуурлан хүрээлэн буй орчныг нь хөгжүүлэх боломж нээгдэнэ. Орон нутгийн хөгжлийн сан нь аймаг, сумдад байгаа Засаг захиргааны хэт их эрх мэдлийг иргэдийн гарт шилжүүлж ингэснээр тэдний оролцоотой сум орон нутгийг хөгжүүлэх таатай боломжийг олгох зорилготой юм. Төсвийг зарцуулах асуудал нь тухайн орон нутгийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр баталгаажиж гарах ёстой. Ингэснээр “Эрэг нь усаа хашиж, Эзэн нь юмаа мэднэ ” гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байгаа юм.
“Баг хорооны Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл, арга хэмжээ тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар Баг хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулна”      / Төсвийн тухай хуулийн 63.1 /
“Энэ хуулийн 63.1-д заасан санал болон баг хорооны иргэдийн нийтийн хурал дээр гаргасан саналыг “ Иргэдийн нийтийн хурал хэлэлцсэн, Тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг сонгоно “ / Төсвийн тухай хуулийн 63.2/  хуулийн дагуу иргэдээс саналыг авч эрэмбэлж хэрэгжүүлнэ.

ОНХС-ийн төлөвлөлт

 1-Р ҮЕ ШАТ: Баг, Хорооны айл өрх бүрт санал авах маягтыг 1–р улиралд багтаан хүргүүлнэ.
2-Р ҮЕ ШАТ: Иргэд өөрсдийн саналаа бүлгээрээ, гэр бүлээрээ, эсвэл Иргэний танхим, Иргэдийн нийтийн хурал зэрэг боломжийн аргаар хэлэлцэж гаргана.
3-Р ҮЕ ШАТ: Иргэдийн саналыг санал асуулгын хуудсаар, бүлгийн ярилцлагын хэлбэрээр, цахим хэлбэрээр цуглуулна.
4-Р ҮЕ ШАТ: Дээрх 3 аргаар цуглуулсан саналыг нэгтгэн дүгнэж ЖИЛ БҮРИЙН 2 ДУГААР УЛИРЛЫН ЭХНИЙ 30 ХОНОГТ БАГТААН ЗДТГ-т хүргүүлнэ.
5-Р ҮЕ ШАТ: Нэгтгэгдэн ирсэн иргэдийн саналд үндэслэн сум, дүүргийн ЗДТГ-т урьдчилсан жагсаалтыг бэлтгэнэ. Энэ үе шатанд:
• Орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөхөд төсөв, хөрөнгө оруулалт болон тухайн салбарыг хариуцсан мэргэжилтэнүүдийг оролцуулсан арга зүйн зөвлөмж өгч дүгнэлт гаргах үүрэг бүхий 7-оос доошгүй гишүүдээс бүрдэх ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар томилж ажиллуулна.
• Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсэгтэй хамтран бүх баг хорооноос ирсэн ирүүлсэн саналуудыг нэгтгэн олонхийн санал авсан дарааллаар нь эрэмбэлж багцална.
• Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд тусгах саналуудыг тусад нь эрэмбэлж баг тус бүрт нь хэлэлцүүлэх зарчмаар эрэмбэлж саналыг нэгтгэдэг.
Дархан сумын 18 багийн Багийн Иргэдийн нийтийн хурлуудаас  ирүүлсэн саналыг сумын ЗДТГазар  санал бүрээр төрөлжүүлэн нэгтгээд Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн зорилт зорилгод нийцүүлж урьдчилсан жагсаалтыг бэлтгэдэг байна.
Багуудын Иргэдийн нийтийн хурлаас гаргасан санал / эрэмбэлсэн жагсаалт/-ыг сумын Засаг даргын Тамгийн газар зарим тохиолдолд өөрчлөх тохиолдол гардаг. Энэ нь батлагдсан төсөв болоод Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Тухайн жилийн зорилго зорилттой уялдаж байгаагаас шалтгаална.
Тухайлбал: 2014 онд 19 хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл хэмжээнд 2.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.  Мөн 2015 онд 8 төсөл арга хэмжээнд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс  5 ажлыг 280.1 сая хийж гүйцэтгэжээ. Энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээ бараг 10 дахин буурсан үзүүлэлт гэж хэлж болох юм. Хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь багуудад хийж хэрэгжүүлэх ажлын тоо хэмжээ буурсантай шууд холбоотой.
Дархан сум 75 мянга гаруй мянган хүн амтай. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар багийн ИНХ-аар иргэдийн санал авах, өрх бүрээс санал асуулгын хуудас бөглүүлэх зарчмаар саналыг авч нэгтгэдэг байна.
Өнгөрсөн 2014 онд өрх бүрээс санал асуулгын хуудсаар - 2645 , Багийн Иргэдийн нийтийн хуралд сууж саналаа өгсөн - 793 хүн саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл иргэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр манай сум, багт энэ онд ямар хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна вэ ? Бид амьдарч буй орчноо хэрхэн тохижуулах вэ? Хэрхэн оролцох вэ? гэсэн асуудлуудыг иргэд өөрсддөө оролцдог болсон байна. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар Иргэний Танхимаар болон багийн Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан иргэдийн дунд санал асуулга өрнүүлж, хөрөнгийн хуваарилалтыг эрэмбэлж байна.
Энэ ажилд аймаг, Сумын  ИТХ-ын Төлөөлөгчид ч идэвхитэй оролцож байна. Жишиг хороолол, Хүүхдийн тоглоомын талбай, Гэрэлтүүлэг, Зам засвар, Цэцэрлэг барихыг иргэд түлхүү хүссэн учир иргэдийн саналын дагуу бүтээн байгуулалтууд хийгдсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр өгсөн зээл, төслүүд үнэхээр эзнээ олсон уу, зээлийн үр дүн нь ямар байна гэдгийг иргэдээрээ хэлэлцүүлж, үр дүнг тооцдог болсон юм. Энэ мэтчилэн иргэдээсээ асуусан, зөвлөсөн, санаа бодлыг нь тусгасан хамтын шийдвэрүүд амьдралд ойрхон байдаг учраас үр дүнгээ өгч байгааг Дархан суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас харж болно.
 
Нутгийн өөрөө удирдах ёсыг зүй ёсоор хөгжүүлснээр хүн эрх чөлөөтэй байж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцон, өөрийнхөө төлөө ажиллаж, үүрэг, хариуцлага хүлээх чадвартай болгох нь чухал байгаа юм.
Энэхүү бололцоог олгож буй нэг хэлбэр нь аймаг, сумдын ИТХ-ын дэргэд “Иргэний танхим”-ыг байгуулж аливаа шийдвэр гаргахын өмнө иргэдээсээ асууж, иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, хүсэлт мэдээллийг хүлээн авах, орон нутгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцэх, иргэдийн саналыг сонсох, орон нутгийн түвшинд гарах шийдвэрийг сайжруулах, бодитой, үр дүнтэй шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах, иргэдийн  санал, хүсэлтийг хүлээн авах, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах ажлуудыг хийжээ.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал нь манай улсын төвлөрсөн удирдлагаас ангижрах гол нөхцөлийг бүрдүүлж өгснөөр орон нутгийн удирдлагын тогтолцоо нийгэмд иргэн бүр өөрийн амьдарч буй орон нутгийнхааа суудлыг шийдвэрлэхэд шууд оролцох, мөн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих, шийдвэр гаргах түвшинд шударга, эрх тэгш, чөлөөтэй оролцох эрх зүйн орчныг бүрдүүлж байна.

1998-2002 онд улсын төсвийн 40 хувийг орон нутаг зарцуулдаг байсан. Харин 2002 онд батлагдсан төсвийн тухай хуулийн дагуу улсын нийт төсвийн ердөө наймхан хувийг орон нутгийн төсөв эзэлдэг болжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүн улсын нийт төсвийн 92 хувийг захиран зарцуулж, үлдсэн багахан хэсгийг гурван сая орчим хүн хуваан зарцуулж байв. Харин төсвийн тухай хуулийг шинэчлэн орон нутгийн төсөвт орох мөнгөний хэмжээг иргэдийн хяналттайгаар нэмэгдүүлэх болсон .Ийнхүү иргэд өсч төрсөн нутгаа өөрсдийн гараар хөгжүүлэх эрхтэй болж байгаа юм. Тухайн аймаг, суманд тулгамдаж буй асуудлыг иргэд хамтдаа ярилцаж шийддэг болж байна гэж ойлгож болно. 
Ер нь иргэд сум, орон нутгийн хөгжил зөвхөн Засаг даргаас хамааралтай мэтээр бодож даргын гар харан суудаг нь маргаангүй үнэн. Харин иргэдийн оролцооны талаар ойлголттой болчихвол хэний ч гарыг харалгүй нутаг усныхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдөө гар бие оролцоод, өөрсдөө удирдан зохион байгуулах бололцоотой болж байгаа юм. Тухайн орон нутагтай холбоотой шийдвэрийг зөвхөн Засаг дарга гаргадаг биш иргэд олон нийт оролцон шийдвэрлэхээр болж байгааг ойлгосон иргэд үүнд ам сайтай байсан юм.
Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлснээр тухайн орон нутгийн эдийн засгийн өсөлт нэмэгддэг гэсэн судал¬гааг АНУ-ын эрдэмтэд дэлхийн 52 орны жишээг судлан тогтоосон байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн оролцоог хаана нэмэгдүүлнэ тэнд эдийн засгийн хөгжил нэмэгддэг гэсэн зүй тогтол байгааг судлаачид хэлдэг.

Урьд нь орон нутгийн төсвийн орлого зарлагаасаа илүү гарах юм бол илүү гарсан зардлыг аймаг авчихдаг байсан бол шинэчлэгдсэн хуулийн дагуу энэ мөнгө нь ОНХС-д орно. Мөн жилийн эцсээр орон нутгийн төсвөөс илүү гарсан мөнгийг улсын төсөвт шилжүүлдэг байсан бол мөн л тухайн сум орон нутгийн хөгжлийн санд энэ мөнгө нь үлдэх юм байна. Орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдсан мөнгөө хэрхэн яаж зарцуулахыг сумын Засаг дарга биш иргэдийн нийтийн хурлаас шийддэг болж байгаа зэрэг олон давуу талыг нэрлэж болно.
Ямартай ч иргэдийн оролцоог хуулиар баталгаажуулчихлаа. Иргэд орон нутгийнхаа хөгжлийн жолоог өөрсдийн гараар залж аймаг, сумаа хөгжүүлээд эхэлчихвэл хот суурин газрын төвлөрөл ч буурах дамжиггүй. Энэ ч утгаараа Төсвийн тухай хуулинд “Орон нутгийн хөгжлийн сан” –гийн тухай  зүйл заалт туссанаар иргэдэд шийдвэрээ тулган хүлээлгэдэг тогтолцооноос “Төр нь иргэндээ үйлчилдэг, иргэн нь засаг төрөө хянадаг” , иргэддээ сайн сайхан амьдралынхаа төлөө өөрсдөө тэмцэж, өөрсдөө бий болгодог тэр л нөхцөлийг бий болгох боломжийг олгосон явдал юм.  Иргэд ашиг сонирхолоо хамгаалахын тулд өөрөө өөрсдийгөө зохион байгуулан нэгдэх нэг хэлбэр нь багийн иргэдийн нийтийн хуралд идэвхтэй оролцож тулгамдсан асуудлыг зөв тодорхойлж олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх гарц юм.

    Хүн төрөлхтний түүхэнд ард түмний оролцоо, хяналт дутагдсанаас төр ард түмнээсээ хөндийрч, тэднийхээ эрх ашгийн төлөө оюун ухаан, хүч бололцоогоо дайчлан ажиллахын оронд өөрсдийн болон хэсэг бүлгийн эрх ашгийг бүхнээс тээгүүр тавьж, ард түмэнд үйлчлэгч гэдгээ умартан, тэдний санал бодлыг үл хайхран, хүсэл зорилгоо нийгэмд тулган хүлээлгэж, дураараа авирлаж, төрийг дарангуйлагч хүчин болгосон гашуун туршлага цөөнгүй байсныг бид мэднэ. 

Иймээс иргэд тодорхой мэдлэг мэдээлэлтэй байж, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож, төрийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах боломж бүрдэж байна. Иргэд өөрсдөө өөрсдийнхөө төлөө ажиллаж амьдрах нөхцөлийг орон нутагтаа улам бүр хангах, өөрсдийнхөө хүчин мөхөсдсөн асуудлыг төртэй гэрээ байгуулан хариуцуулж, түүнд хяналт тавин ажилладаг иргэн төвтэй нийгмийг төлөвшүүлэн, хөгжлийнх нь зөв голдрилд оруулж, иргэдийн ая тухтай аж төрөх нөхцлийг хангахад тус сан ач холбогдол үр дүнгээ өгч тухайн орон нутагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр байна.

Г.Мөнхгэрэл Дархан сумын ИТХ-ын Иргэний танхим, Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%