Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЮНИС

2016-04-12

Хөгжил хөдөө, хотгүй ирэх учиртай. Гэтэл тэр хөдөө, орон нутагт ирэхийг яарахгүй байгаа учир иргэд нь түүний хойноос хот руу нүүсээр байна. Хөгжлийг дуудах хөрөнгөө орон нутаг нь хуримтлуулж чадахгүй байгаа ч төсвийн хөрөнгийг анх удаа орон нутаг нь өөрөө мэдэн, захиран зарцуулах тухай анхны хууль ирэх оноос хэрэгжинэ.
Харин энэ хууль нь хөгжлийг ирүүлэх зайлшгүй бөгөөөд хангалттай нөхцөл болж чадах уу? Орон нутгийн хөгжлийг ер нь хэрхэн санхүүжүүлдэг вэ? Хот, орон нутгаа яавал тогтвортой хөгжүүлэх вэ? Энэ асуудлыг шинэ өнцгөөс харж улс орон даяараа ухаан бодлоо уралдуулах цаг, боломж ирлээ.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЭХ ҮҮСВЭР

Аймаг, сумдын нутаг дэвсгэрийн хил хязгаарыг байнга өөрчилж, төвүүдийг нь үргэлж сэлгэн нүүлгэж, сэмлэн задалж ирсэн учир манай улсад цэгцтэй хот суурин газар бий болоход ихээхэн бэрхшээлтэй байдаг. Хөгжил бол олон хүнтэй суурин газар л ирдэг.
Эдүгээ аймгуудыг том болгох, газар нутгаа таван бүсэд хуваах тухай ярьсаар л байна. Нийслэлийн хот, дүүргийн нутаг дэвсгэрийг ямар нэг тушаал, тогтоол гаргаад л өөрчилчих юм. Богд уулын бүх ам, хормойг  хот, дүүргийн эсвэл улсын харьяа болгож байгаад албан тушаал, эрх мэдэлдээ тааруулах замаар завшсаар байгаа нь үүний тод илрэл.
Засаг захиргааны нутаг дэвсгэрийн хязгаарыг дур мэдэн өөрчилж болоод байгаагийн нууц нь улс төрийн шийдвэрийг эдийн засгийн харилцаагаар баталгаажуулдаггүйд оршиж байна. Газар өмчлөлийн асуудлыг хурдан шийдэх боломж нэгэнт бүрдэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, улмаар хөгжлийг ирүүлэх түлхүүр бол байгалийн болон хүний бүтээсэн баялгаас хураан авч нийтийн хэрэгцээнд ашигладаг хураамж, орлого, ашгийн татварууд юм.

Байгалийн баялаг олборлосны хураамжийг /royalty/ орон даяар жигдрүүлэхгүй бол бүх аймаг зөвхөн газраа ухаж, уул уурхайг л хөгжүүлэх хандлагатай болжээ. Канадад энэ хураамжийн 60 хувийг нь олборлолт явуулж буй мужид, үлдсэнийг нь бусад муждаа хуваарилдаг хуультай тул муж бүр өөр өөрийн гэсэн аж үйлдвэрийг хөгжүүлж байна. Хөвсгөл аймгийнхан Өмнөговьийн тэр хураамжийн тодорхой хэсгийг авдаг бол заавал Далай ээжийн эрэг дээрх Бүрэнхаан уулаа нурааж, фосфор авна гэхгүй байхсан. Улс орныхоо хаана нь, хзээ, юугаа хөгжүүлэхээ удирдаад явж чадахгүй болж байна.
Аж ахуйн байгууллагууд бизнес эрхлэн олж буй ашиг, хүн амын орлого, үл хөдлөх хөрөнгө, зарим оронд нийт борлуулалтаас тодорхой хувиар татвар хураамж, тухайн орон нутагт дэд бүтцийг барьж байгуулах, оршин суугчдын аюулгүй байдал, хөрөнгийг нь хамгаалах зэрэг нийтийн үйлчилгээнд зарцуулдаг.

Зарим оронд жижиг аж ахуйн газраас ямар ч татвар авдаггүй. Учир нь тэд ажлын байр бий болгож, орон нутгийн хүн амын хэрэгцээг ханган бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг тул зөвхөн  холбогдох стандартыг биелүүлэхийг шаарддаг.
Харин дээрх татваруудыг хураах, зарцуулах харилцаа ойлгомжгүй, хувь хүнээс хамааралтай болж, улмаар татвар төлсөн субъект, зарцуулалтыг нь мэдрэхгүй болсон орон нутагт хөгжил тогтворгүй болдог. Тод жишээ нь Монгол Улс.
Манай улсад татварын аль байгууллагатай харьцах нь тухайн компанийн эргэлт болоод татвар төлөх хэмжээнээс хамаарч, том бол улсын, дундаж бол хот, аймгийн, бага бол дүүрэгт ногдох бөгөөд жил бүр өөрчлөгдөнө. Татварын зарим нь хураасан газраа үлдэж бусдыг нь улсын орлогод төвлөрүүлдэг.

Монгол Улсын татварын орлогын бараг 98 хувийг нэг мянга хүрэхгүй компани төлж, үлдсэн 60 гаруй мянган компани 2 хувийг нь төлдөг учраас сая сонгуулийн хөтөлбөртөө хоёр том нам тэднээс 1 хувийн татвар авна гэж амласан. Тэр 1000 компанийн дийлэнх нь Улаанбаатарт байдаг, улсын татварын албатай харьцдаг тул хөдөөд хөгжил хүрэхгүй байна.
Нөгөө талаасаа энэ том компаниуд нийслэлд үйл ажиллагаагаа явуулж татвараа төлдөг ч хотын дансанд татвар нь ордоггүй болохоор нийслэлийн дэд бүтцийг хамгийн их хэрэглэдэг атлаа үйлчилгээний төлбөрөө төлөхгүй байгаа хэрэг. Улаанбаатарт өөрийн хөгжлийн хурдаа даахаа больсныг замын байдал, сургуулийн хүртээмж, цахилгаан дулааны тасалдал өдөр бүр сануулж байна.
Асуудлыг шийдэх нэг арга бол орон нутгийн түвшинд бүх татварыг хураан аваад 5:3 гэсэн харьцаагаар улс тавыг нь, орон нутаг, тухайн аймаг, хот гурвыг нь ногдуулбал олон шат дамжлага, авлига алга болж хөгжлийн хөрөнгийн эх үүсвэр хот, орон нутагт бий болно.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮҮСМЭЛ ЭХ ҮҮСВЭР

Хот, орон нутагт бүх татвараа өөрөө хураадаг, тодорхой хэсэг нь тэгээд үлддэг болмогц, татварын орлогыг төлөвлөж боломж гарч, улмаар хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх баг нэг шинэ эх үүсвэр байгуулах нөхцлийг бүрдүүлнэ. Энэ бол олон жилийн хугацаатай, тогтмол хүүтэй, орон нутаг өөрөө гаргадаг бонд буюу өрийн бичиг юм.
Энэхүү өрийн бичгийг олон оронд Municipal bond буюу Muni гэж нэрлэдэг бөгөөд энэ бонд тодорхой зорилготой, түүнийгээ тусгасан нэртэй, өрийн хүүнд авч буй төлбөрөөс /бас купон гэдэг/ орлогын татвар авдаггүйгээр онцлогтой. Учир нь төр татвараа хэзээд ч авах учир худалдан авах баталгаатай орлого гэж үздэг.
Нөгөө талаасаа оршин суугаа газрыг нь тохижуулж, нийтийн үйлчилгээний шинэ объект барьж буй учир хувь хүмүүс талархалтай ханддаг. Жишээ нь Баянхошуу хөгжил гэдэг бонд гурав, эсвэл таван жилээр гаргаж орсон орлогоор нь шаардлагатай дэд бүтцийг бий болгох, иргэд газраа бүртгүүлэн хөрөнгөө баталгаажуулсны дараа хоршоолол байгуулж, улмаар хоттой хамтран дэд бүтэц татаж, орон сууцны хороолол барьж бусдад борлуулснаар бондны төлбөрийг барагдуулах боломж бий болдог.

Хөгжлийн хөрөнгийг босгох дээрх эх үүсвэрүүдийг аймаг, орон нутаг ашиглах хууль эрх зүйн болон боловсон хүчний чадвартай болчихбол хөдөө хөгжиж, хот цэцэглэх бусад бүх нөхцөл бүрдэж байна.
Аймаг орон нутаг морь, бөхөөсөө гадна хөгжлөөрөө өрсөлдөх сайхан боломж нээгдэж, улс төрийнхөн хүссэн үедээ аймаг, сумуудыг өөрчилж чадахгүй болно. Яагаад гэвэл өр төлбөрийн асуудал гараад ирнэ.
Ер нь Монголын аймаг бүр Европын хэд хэдэн улстай тэнцэх том нутаг дэвсгэртээ өөрийн онцлогтой бүтээгдэхүүн гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлэх эдийн засгийн суурь нь зөвхөн татвараа хураах, зарцуулах эрхтэй болсон цагт л тавигдах юм.
Дараа нь аймаг бүрийн бизнесийн өрсөлдөх чадварыг нь хэмжих, хооронд нь харьцуулан зэрэглэх шаардлагатай бөгөөд энэ талаар Өрсөлдөх чадварын судалгааны төвийн саяхан гаргасан санаачилга цагаа олсон алхам болжээ.
Хөгжил хот, хөдөөгүй ирж чадвал яваандаа хөдөө тийш хүмүүсийн урсгал их болдгийг хөгжсөн орны туршлага харуулж байна.
                                                                                                                                                                                               2012.08.22


Эх сурвалж: Дамбадаржаагийн ЖАРГАЛСАЙХАН
“УХААЛАГ ТӨРИЙН НУУЦ” 
Нийтийн засаглалын тухай нийтлэлүүд
хуудас 228-231


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%