Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ – ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ХООРОНДЫН ХАРИЛЦААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

2016-04-12

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжоор иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг баталгаажуулж өгсний дээр, төрийн байгууллага, шашны байгууллагуудын хоорондын харилцааг хуульчилсан билээ.

Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль” батлагдснаас хойш 23 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд уг хуульд  5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Mанай улсад төрөөс шашны байгууллагатай харилцах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлд “Монгол Улсад төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээн тунхаглаж, улмаар төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх” гэсэн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт “...олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах...” гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлд “...Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ...” гэж тус тус хуульчилсан байгаа.

“Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангуулах ажлын хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид журам баталж, шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад нь зөвшөөрөл өгөх ажил 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэн болно.
“Тунгаамал төв” төрийн бус байгууллага Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговь аймаг, Нийслэлийн ИТХ-аас баталсан дээрх хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр батлагдсан журмуудыг судалж, зарим газарт хэрэгжилттэй танилцлаа. Аймаг бүрт шашны байгууллагаас тавьж байгаа хүсэлтийг өөр өөр хэлбэрээр шийдвэрлэж байна. Зарим газарт ажлын хэсэг байгуулан байнгын хэлбэрээр ажиллуулж байгаа бол зарим аймагт тухай бүр нь ажлын хэсэг байгуулан ажилллуулдаг байна.Үйл ажиллагаа явуулах болон хугацааг сунгах зөвшөөрлийг олгохдоо зарим аймагт зөвхөн нэг жилээр өгч байхад зарим газарт 3 хүртэл жилээр сунгадаг байх жишээтэй.

Шашны байгууллагын тавьсан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг тодорхой журамлаагүйн улмаас тухайн байгууллагыг хэдий хугацаагаар хүлээлгэх нь ИТХ-ын байгууллагын асуудал болсон гэж хэлж болно. Тиймээс зөвшөөрөл авахыг хүссэн шашны байгууллага нь асуудлаа шийдвэрлүүлэх гэж хэдэн жилээр ч хүлээж болно, эсвэл зөвшөөрөл гарснаа ч мэдэхгүй хэдэн сарыг өнгөрөөдөг байна. Шашны байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн нь энэ байдлын улмаас Монгол улсад амьдрах зөвшөөрлийнхээ \визнийхээ\ хугацааг сунгаж чадахгүй нутаг буцах тохиолдол ч гарч байсан байна. Шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг зохицуулж өгөөгүйгээс тухайн байгууллага дээр хэзээ хаанаас шалгалт ирэх нь тодорхойгүй, нэг жилд хэдэн ч удаа хяналт, шалгалтанд орж болох нь нээлттэй байна.

Тус төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээгээр одоо бүртгэлтэй 782 сүм, хийд цуглаан ажиллаж байгаагаас нийслэл Улаанбаатар хотод 286, орон нутагт 496 байна. Зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, цуглааны 331 нь буддын, 364 нь христийн, 46 нь исламын, 25 нь бөө мөргөлийн, 8 нь католик шашны, 9 нь бахайн, шинто, мууни, хинду зэрэг бусад шашны төлөөллийн байгууллагууд байна.

Зөвшөөрөлгүй ажиллаж байгаа 170 сүм, хийд, цуглаан үйл ажиллагаагаа явуулж байгаагаас орон нутагт 81, Нийслэлд 89 байна. Эдгээр сүм, цуглааны зарим нь бүртгүүлж эрх авахаар холбогдох байгууллагад материалаа өгсөн талаар тайлбар хэлж байлаа. Түүнчлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа бөө, удган, үзмэрч, зурхайч нар болон хувиараа ажиллаж байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл хаана ч байхгүй байна. Эдгээр хүмүүсийн шашны үйл ажиллагаа эрхлэх боловсрол, шаардлагад нийцэж байгаа эсэх, иргэдийн шашин шүтэх эрхийг хэрхэн хангаж байгаа, иргэдээс ямар хэмжээний өргөл, барьц авч байгаа зэрэгт хяналт тавих ямар ч боломжгүй юм. Саяхан Мууний шашинтай холбоотойгоор ямар их шуугиан дэлгэрснийг Та бүхэн мэдэж байгаа. Нэгэнт ИТХ-ууд шашны байгууллагуудад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, тэдгээрт хяналт тавьж ажиллаж байгаа учраас асуудалд нухацтай хандах шаардлагатай байна.  
Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуулийг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд баг, хороо, сум, дүүрэг хүртэл тодорхой энэ чиглэлээр үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна.

Дээрх шаардлагын үүднээс манай төрийн бус байгууллага судалгааныхаа үндсэн дээр Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлтгэн хууль санаачлагчдад хүргүүлсэн бөгөөд хуулийг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмын төслийг боловсруулаад байна.Энэхүү журмын төсөлдөө дараах зүйлийг илүү тодорхой болгосон гэж үзэж байна. Үүнд:
  • шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн болон үйл ажиллагааныхаа хугацааг сунгахаар хүсэлт гаргаж байгаа шашны байгууллагуудын бүрдүүлэх баримт бичгийг ялгаатайгаар тогтоож өгсөн.
  • шашны байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалтыг журамлаж өгсөн.
  • шашны байгууллагаас гаргасан хүсэлтийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хянан шийдвэрлэх хугацааг тодорхой болгож өгсөн. Тухайлбал: Шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагааныхаа эрхийг сунгуулахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тохиолдолд  хүсэлт гаргагчид энэ тухай заавал мэдэгддэг байхаар журамлахаар санал болгож байна.
  • шашны байгууллагад зөвөшөөрөл олгох, үйл ажиллагааных нь хугацааг сунгах асуудлыг дараах байдлаар томьёоллоо. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шинээр байгуулагдаж байгаа шашны байгууллагад 1 жилийн хугацаатай, харин хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа, 5-аас дээш жил ямар нэгэн зөрчилгүйгээр ажилласан шашны байгууллагын ажиллах эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар сунгаж болохоор төсөлд тусгасан.
  • зөвшөөрөл авсан сүм, хийд нь өөрийн салбарыг бусад газарт нээхийг, заагдсан нутаг дэвсгэрээс өөр байршилд үйл ажиллагаа хориглох нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн шашны байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хөрөнгө, мөнгөний маргаан гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор жилд нэг удаа санхүүгийн болон үйл ажиллагааныхаа тайланг удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж, ажиллагсдадаа тайлагнадаг байх, тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлд хүргүүлдэг байх зэрэг зохицуулалтыг тусгаад байна.

Гадаадын улс оронд хориглосон, шашны гаж болон харгис урсгалыг монголд дэлгэрүүлэхгүй байхын тулд шашны байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд шашны чиглэлийн судалгаа, лавлагаа, мэдээллийн сантай байх, зарим ажилтнаа мэргэшүүлэх, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, цуглааны удирдлагад эрх зүйн мэдээлэл өгдөг байх  шаардлагатай гэж үзэж байна
Сүм, хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн ерөнхий боловсролын асуудал, шашны сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн асуудал, шашны байгууллагад орон тоогоор ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудалд зэрэгт төрийн байгууллагуудаас анхаарлаа хандуулах нь чухал юм.


                                                                               “Тунгаамал төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал 
                                                                                                  О.Тунгалаг


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%