Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУДАЛГААНД СУУРИЛЖ БОДЛОГО ШИЙДВЭР ГАРГАВАЛ АМЬДРАЛД ОЙРХОН

2016-04-18

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын Төлөөлөгч,
Тэргүүлэгч, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга
Сэрээнэн овогтой Сосорбурамтай хийсэн ярилцлага


Асуулт: Сумын төлөөлөгч хүний хувьд, таны төлөөлж байгаа Цагаанхайрхан сумын тухай уншигчдад товч танилцуулбал?
Хариулт: Цагаанхайрхан сум нь 18-р зууны эхэн үе хүртэл Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуунд харьяалагдаж байсан ба 1712 онд Хошууч бэйсийн хошуу болон улмаар 1725 онд Сайн ноён хан аймаг байгуулагдахад түүнд харьяалагджээ.
1921 оноос Сайн ноён хан аймгийн Хошууч бэйсийн хошуунд, 1923 оноос Хан тайшир аймгийн Отгонхайрхан уулын хошуунд багтсан байна. БНМАУ-ын улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 сарын 07-ы Өдрийн хурлаар Завхан аймгийг 21 сумтай байгуулах болж түүний нэг нь Цагаанхайрхан сум  болсон юм.
 Манай сум 265332 мянган га нутаг дэвсгэртэй, сумын төв нь “Ширээ”. Ширээгийн голын хөвөөнд Улиастай хотоос 44 км, Улаанбаатар хотоос 1100 км зайтай оршдог.
Мал аж ахуйн 3 баг, сумын төвийн 1 баг нийт 4 багт 1244 хүн амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 844 нь насанд хүрэгчид байна. Нийтдээ 75941 толгой малтай, сумын хэмжээнд 11 ААН, 6 төрийн байгууллагад дунджаар 160 гаруй хүн ажилладаг. Тал аж ахуйн 251 өрхөд 481 хүн хөдөлмөр эрхэлж байна.

Асуулт: Та ямар мэргэжилтэй вэ? Нийгэмд идэвхтэй байж, эмэгтэйчүүдийн дуу хоолойг гаргах ёстой гэсэн санаа сэдэл танд яагаад бий болов?
Хариулт:   Би худалдааны эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжилтэй. Манай улсын хүн амын 51% -ийг эзэлж байгаа эмэгтэйчүүд маань өнөөдөр амьдрал дээр дэндүү хүнд ачааг үүрч явдаг билээ.
Тэр тусмаа эмэгтэйчүүдийн амьдарч ажиллаж байгаа орчин бүхэлдээ тэдний оролцоонд тулгуурладаг. Гэвч эдгээр хүмүүсийн маань эрх ашиг нийгэмд төдийлөн хангагдахгүй байна. Ялангуяа хөдөө малчин гэр бүл байна гэж бодоход гавьяа шагнал, нэр хүнд гэрийн эзний нэрээр явж, харин ажил хөдөлмөрийг эн тэнцүү гүйцэтгэж байгаа бөгөөд мөн түүний зэрэгцээ улс орондоо ирээдүйг нь бүтээлцэх үр хүүхдээ төрүүлэн өсгөж байгаагаараа илүү их баялагийг бүтээж байгаа эмэгтэйчүүдийн маань нэр хүнд орхигдож байгаа нь нууц биш юм.
Иймээс энэ асуудлуудыг тэдний дотор ажиллаж амьдарч, үнэн нүүр царайг нь харж байгаа бид л шат шатандаа шийдвэрлүүлж байх, асуудлыг хэлэлцүүлж, ажил амьдралыг танилцуулж, тэдний дуу хоолой болж баймаар санагдсан учир би эмэгтэйчүүдийнхээ төлөө ажилламаар санагдсан.
Иймээс шийдвэр гаргах түвшинд орж ажиллавал асуудлыг шийдвэрлүүлэхэд бас арай ч ойр болох юм уу гэсэн үүднээс 2012 онд сумын ИТХ-д нэр дэвшиж, сумын хурлын төлөөлөгч болсон.

Асуулт: Төлөөлөгч болсон бүрэн эрхийнхээ хугацаанд ямар ямар ажил хийв, сум орон нутгийн шийдвэр бодлогод эмэгтэйчүүдийн санаа бодлыг аль хэр тусгаж ажилласан бэ?
Хариулт: Төлөөлөгч болсноор сум багийн иргэд, түүний дотор эмэгтэйчүүдийн талаар тодорхой судалгаануудыг явуулсан. Үүнд: суманд ямар ямар мэргэжилтэй боловсон хүчин байгаа тэдгээрээс эмэгтэй хэд, ямар ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, хэн ямар ямар төсөл хөтөлбөрт хамрагдсан, тэдгээрийн амьдралын боломж, хөрөнгө санхүү, үр дүнгийн байдал, өрх толгойлсон эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт байгаа хүмүүсийн судалгаа, малчин өрхүүдийн дэлгэрэнгүй судалгаануудыг гаргалаа.

Асуулт: Танай сум хэдэн хүн амтай вэ? Үүнээс хэдэн нь эмэгтэйчүүд байна, судалгаанаас харахад тэдний нийтлэг хэрэгцээ шаардлага юу байна вэ?
Хариулт:
Манай  сум нийтдээ 1244 хүн амтай, эдгээрийн 49,8% буюу 620 нь эмэгтэйчүүд байдаг. Үүнээс 84 нь жараас дээш настангууд байна. Ганц бие 34 эмэгтэй өрх толгойлон амьдарч байна. Мөн МАА-д ажиллагдаг 481 хүний 50,1%  буюу 241 нь буюу эмэгтэйчүүд байна. Эдгээрийн 24 нь 55 –аас дээш насны эмэгтэйчүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй 83, нийгмийн халамжинд хамрагддаг 69 хүн байдаг. 2011 онтой харьцуулахад сумын нийт хүн ам 112-оор буурсан байна. Мөн 119 хүүхэд шинээр мэндэлж, 93 хүн шилжиж ирсэн ба 369 хүн шилжин явсан бөгөөд 32 хүн нас барсан байна. 52 хүүхэд их дээд сургуульд суралцаж байгаагийн 12 нь энэ онд сургуулиа төгсөнө.
Судалгаанаас үзэхэд хүмүүс олноор шилжин явж байгаа нь  орон нутагт ажлын байр ховор, хүмүүс хэт их бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон, тал аж ахуйн салбарт ажиллах хүсэл сонирхол бага, биеийн амрыг харах явдал их байна. Мал аж ахуйд ажиллагсдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж чадах юм бол хүмүүс хот руу биш хөдөө рүү л нүүх болно гэж бодож байна.

Асуулт: Дээрх судалгаануудыг яг юу юунд ашиглаж байна? Энэхүү судалгаан дээрээ тулгуурлан төлөөлөгч хүний хувьд ямар бодлого шийдвэр гаргахад лобби, нөлөө үзүүлж байна вэ?
Хариулт:
Сумын ЗД-ын үндсэн чиглэлд эмэгтэйчүүдийн талаар зарим асуудал оруулсны нэг нь сумын эдийн засгийн гол үндэс суурь болсон мал аж ахуйд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөдөлмөрийг орон нутагт үнэлүүлэх, шагнаж урамшуулах, мал маллагааны арга туршлагыг залуучуудад сурталчлах зорилгоор “Төлчин эмэгтэйчүүд”-ийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулан явуулах болсон.  Энэ ажил нь нилээд үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. Уг чуулга уулзалтаар эмэгтэйчүүд тодорхой ажлуудыг хийж хэвшүүлэх уриалга гарган түүнийгээ хүн бүр хэрэгжүүлэхийн төлөө санаачилга гарган ажиллаж байна. Жишээ нь байгаль дэлхийдээ ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд зуслан, хаваржаа, намаржаандаа хог хаягдал хаяхгүй тусгай цэгт шатааж хэвшсэн айл бүр хогийн уут, савтай болсон. Өвөлжөө бууцаа тохижуулж тэг горьтиг татах, хоол хүнсний зориулалтын амбаар савтай болох, зарим айл бод, бог малын хашаа, хужир өвс тэжээлийн хашаа барьж тохижуулсан байна.
Малын сүү саалийг саалийн хугацаанд ашиглан сум багийн нэрийн бүтээгдэхүүн хийх, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Мөн “Өөрсдөө үйлдвэрлэж-өөрсдөдөө хэрэглүүлцгээе” уриан дор хүн бүр юу хийж чаддагаа үзэсгэлэнгээр харуулж байна

Асуулт: Та бүхэн эмэгтэй төлөөлөгчийн хувьд эмэгтэйчүүдэд хандсан шийдвэр бодлого, үйл ажиллагаа явуулах гэж илүү хичээдэг байх, тэгвэл нөгөө талаас эмэгтэйчүүдийн маань идэвх оролцоо ер нь ямар байна вэ?
Харилт:
Ер нь эмэгтэйчүүдийн бодлого шийдвэрийг тухайн төвшиндөө гаргуулж чадах л чухал юм. Эмэгтэйчүүдийн ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн идэвх чармайлт, оролцоо маш сайн байдаг. Харин төрийн албан хаагчид юм уу, залуучууд арай удаандуу оролцоод байдаг шүү.

Асуулт: Танай сум хэдэн төлөөлөгчтэй вэ? Түүнээс хэдэн нь эмэгтэй төлөөлөгчид байна?
Хариулт
: Манай сум нийт 15 төлөөлөгчтэй. Үүний 20%  нь буюу 3 нь эмэгтэй төлөөлөгч байдаг.

Асуулт: Танай сумын эмэгтэй төлөөлөгчид 2012-2016 оны бүрэн эрхийнхээ хугацаанд эмэгтэйчүүдэд зориулсан ямар асуудал шийдэхээр зорилго тавьсан бэ?
Хариулт:
Эмэгтэйчүүдтэй холбоотой сум орон нутагт шийдвэрлэвэл зохих аливаа асуудлууд, мөн байгаль орчин, нийгэмд сөрөг үр дагавар өгөх асуудлуудыг сум орон нутгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тулгуурлан шийдвэрлүүлж ирлээ. Үүний нэг жишээ нь “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг жил бүр зохион байгуулж, сайн малчин эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулах, төлчдийн дунд урлаг спортын арга хэмжээ явуулах, шаардлагатай асуудлаар сургалт зохион байгуулах, мал маллагааны уламжлалт өв соёлоос суралцах, харилцан туршлага солилцохын зэрэгцээ МАА-н бүтээгдэхүүнийг үйлдэрлэж, нутгийн нэрийн бүтээгдэхүүн хийх, өвөлжөө бууцаа үлгэр жишээ тохижуулах, хог хаялдалгүй байлгах зэрэг ажлууд хийгдээд байна.
Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, УИХ, Засгийн газраас тэдэнд хэрэгжүүлэх ямар асуудлууд тавигдаад байгаа, мөн тэдэнтэй холбоотой ямар эрх зүйн хэм хэмжээний актууд гарч байгаа, ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэх мэт олон зүйлээр сургалт, мэдээллийг аймаг орон нутгаас тодорхой холбогдох мэргэжилтнүүдийг авч ирж сургалт, мэдээлэл өгүүлж, оюуны хөрөнгө оруулалт оруулж байна. Эмэгтэйчүүд маань их сэтгэл хангалуун байдаг.  

Асуулт: Эмэгтэй төлөөлөгчийн хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болон жендерийн асуудлын талаар таны бодол?
Хариулт:
Нийгмийн тодорхой нэг бүлгийг удирдах, мөн Иргэдийн хурлын төлөөлөгч байна гэдэг нь зөвхөн нэр төрийн хэрэг биш илүү их хариуцлага, илүү их үүрэг даалгавар, илүү өндөр шаардлага өмнө минь тавигдаж байна гэж би ойлгодог. Түүнээс аль нэг нам, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхолд таалагдаж байх явдал бишээ.

Асуулт: Та сумынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга юм байна. Энэ албыг хэр удаан  хашиж байна? Сумын эмэгтэйчүүдийн зөвлөл ер нь юу хийж байна ?
Хариулт:
Би 1981 оноос хойш ерөнхийдөө эмэгтэйчүүдийн ажилд оролцож эхэлсэн.Анх намайг сургууль төгсөөд ирэхэд багш маань энэ ажлыг хийдэг байсан. Тэгээд Сайнбилиг багш маань намайг тэргүүлэгчээрээ авч ажилуулсан юм. Ингэж анх энэ ажилд хөл тавьж байлаа. 1990-ээд оны үед үйл ажиллагаа нь нэг хэсэг зогсонги байсан л даа. 1996 оноос Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн Холбооны дарга болсон. Ингээд 2009 онд сумын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болж энэ чуулганы төлөөөлөгчдийн саналаар сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон. Энэ ажлыг 8 жил хйиж байна. Хийгээд байвал хийх ажил их л дээ. Гэхдээ энэ нь хөрөнгө санхүүгээс шалтгаалан төдийлөн биелэгдэхгүй байх, мөн нийт хүн амын 51%-ийг эзэлдэг ч энэ орон тоо тодорхой төсөв хөрөнгөгүй, өөрийн ажлын чөлөө зав, сайн сэтгэлийн үрээр хийгдэж байгаа тул хараахан сэтгэлдээ хүртэл хийж чаддаггүй.
Би ажлынхаа эхлэлийг эмэгтэйчүүдтэй холбоотой бүх төрлийн судалгаануудыг гаргахаас эхэлж байлаа. Үүний үндсэн дээр сум орны удирдлагуудад бодит байдлыг таниулах, тодорхой төвшинд хэг хэмжээнийхээ хэрээр шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна.

Асуулт: Сум орон нутгийг хөгжихэд ер нь юу саад болж байна вэ?
Хариулт:
Улс орны нийгмийн гаж тогтолцоо, хэт их улс төржилт, хувийн эрх ашиг, нэр төрийн төлөө улайран хөөцөлдөх нь хаана ч хөгжил, дэвшилд, нийгэмд үнэхээр чөдөр тушаа болж байна. Тэрээр чадвар муутай, мэдлэг сул боловсон хүчнүүд дээрээс аль нэг хүний юм уу, намын шахалтаар ирж, тухайн ажил төрлийг төрийнх биш хувийнх мэт ойлгон, ажлын чадамжгүй, хөдөлмөрийн бүтээмжгүй байна. Үүний хор уршгаар тухайн орон нутгийн залуучууд, мэргэжилтэй боловсон хүчнүүд ажилгүй эсвэл хаа нэг газар ажил горилон явж байна. Жишээ нь жирэмсний амралт авсан хүний оронд ч орон нутгийн залуучуудаас ч орох эрхгүй,  дээрээсээ үл таних нэг хүн гэр орон ч үгүй ирээд, айл айлаар хэд хоноод, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, ажил хийхгүй байна. 

Манай улсын орон  нутагт бүх эрх мэдэл шилжээд байгаа нь мэдэгдэхгүй харин ч дээрээ хэт төвлөрөөд байгаа юм шиг дүр зураг харагдаж байдаг. Энэ нь орон нутаг төлөвлөсөн ажил санасны зоргоор биелэгдэхгүй, орон нутгийн хөгжил дэвшил удааширч байгаа юм шиг надад санагддаг.
Энэ бүх алдааг шат шатандаа ухамсарлан ойлгож хүн бүр дутагдалаа засчихаад, улс орныхоо төлөө чин үнэнч ажиллавал, Монгол улс маань хөгжил дэвшлийн дээд цэгт хүрч мандан бадрах болно.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%