Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН KHURAL.MN САЙТ ОЛОН БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН

2016-04-21

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Номинтой хийсэн ярилцлага

Асуулт: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) Нэгдсэн цахим сайтад идэвхитэй хөгжүүлж,  мэдээ, мэдээлэл нийтэлдэг сумдын нэг нь танай сум. Хэдэн онд интернэтийн сүлжээнд холбогдсон бэ?

 Хариулт: Манай сум 2014 оны 11 сарын 05-ны өдөр шилэн кабельд  холбогдож ЗДТГ, ЕБС, СӨББ, ЭМТ гэх төрийн байгууллагууд интернэтийн сүлжээнд холбогдсон.

Асуулт: Танай ИТХ-аас цахим  сайтад мэдээ мэдээлэл нийтлэх журам боловсруулан, хурлын тогтоолоор  баталжээ.  Хэрэгжилт нь ямар байгаа вэ?

Хариулт: УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс 2013 онд бүх ИТХ-уудын нэгдсэн  вэб сайтыг бий болгосон нь хурлынханд маш том боломжийг бий болгосон.
Бусдын  бий болгосон боломжийг бүрэн дүүрэн ашиглах, ажилдаа хэрэглэх, төрийн байгууллагын ажлын цаг зав, цаас, мөнгө хэмнэх зэрэг сайн талтай учир цахим орчинд мэдээлэл солилцох үүднээс санаачилсан журам юм.
Манай цахим дэд сайт одоогийн байдлаар 700-аад хэрэглэгчтэй, 7 хоногийн дундаж үзүүлэлт нь 3000 гаруй иргэнд хүрсэн  байдаг. Айл өрх болгонд ухаалаг гар утас байна, 1 хүүхэд 1 компьютер гэсэн үндэсний хөтөлбөр ч байна.

Иргэдийн мэдээлэл авах, ил тод байдал хангагдах эрх хэрэгжиж байна гэж үзэж байгаа. Наад зах нь тогтоолоо иргэдэд ил тод нээлттэйгээр хүргэх, хэн гэдэг албан тушаалтан нь ямар үүрэг хүлээсэн зэрэг иргэдэд ойлгомжтой болж байна. Тогтоолын хэрэгжилтийг тооцох үйл ажиллагаа гэхэд л ИТХ-аас ажлын хэсэг томилоод тухайлан нэг байгууллага дээр очиж суугаад л эсвээс нэг албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд баахан цаас барьж орж ирээд л тайлан тавьж суудаг байсан ч тэр нь иргэдэд хүртээмжгүй л байсан. Одоо бол харин ИТХ, Тэргүүлэгчид хэзээ ямар шийдвэр гаргасан, хэн хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилт нь ямар болов? гэдгийг иргэд өөрсдөө үнэлэх боломжтой болж байгаагаараа, иргэдээс санал хүсэлтээ шууд илэрхийлэх бололцоотой болж байгаагаараа манай үйл ажиллагаанд дэвшилт гаргаж байна, хэрэгжихгүй байх боломжгүй зүйлээ гэж хэлэхийг хүсч байна.

Асуулт: Цахим журмын давуу талыг нь тодорхойлооч?

Хариулт: 1-рт  технологийн дэвшилтийг ажилдаа эерэгээр ашиглах /төрийн албан хаагчдын компьютерийн хардад асар их мэдээлэл байршиж, вирустэх гэх зэргээр хүндрэл гарч зарим тохиолдолд мэдээлэл эргэн сэргэхгүйгээр устах тохиолдол байдаг бол цахим дэд сайтад нэг удаа байршсан мэдээлэл хэзээ ч хаанаас ч орж дахин дахин харах бололцоотой/
2-рт хяналт хариуцлагыг иргэдийн зүгээс тооцох боломжийг үүсгэж байна. Тогтоол шийдвэрээр үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ойлгомжтой тэдний хараа хяналтын дор явагдсанаар иргэн хүн өөрсдөд нь үйлчлэх үүрэг хүлээсэн төрийн албан хаагч иргэдийнхээ эрх ашгийг төлөөлөн ИТХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг анзаарах, сонирхох, оролцох, дүгнэх боломжийг олгож өгч байгаа. Мянга чихээрээ сонсохоор нэг удаа нүдээрээ хар гэж Монгол ардын зүйр үг бий шүү дээ.
3-рт улс орон маань эдийн засгийн хямралтай байна. ИТХ-ын төсөв бага, орон тооны 2-хон ажилтан ажиллаж, амьдрал өөрөө олон арван салаа үзүүртэй мод шиг л асуудлуудыг ургуулж байна, өнөөдрийн нийгмийн хурдыг гүйцэж явахад бас л хүндрэлтэй болж байгааг бид бүгдээрээ л анзаарч гайхдаг.
7 хоногийн дотор хариуг ирүүлнэ үү? гээд дээд шатны ИТХ-аас албан бичиг ирдэг байсан бол одоо цагийн дараа хариуг энэ мэйлрүү хийнэ үү гэдэг болсон.  Хурдны галт тэргээр зорчдог ийм орчинд бид хуучин муу УАЗ-469-өөрөө л явъя туулах чадвар сайтай юм гээд суугаад байж болохгүй нь тодорхой. Иргэдэд мэдээлэл түгээх, олон нийтээс санал асуулга авах зэрэг цаг хугацаа, хүч хөдөлмөр их ордог ажлуудыг 10 хурууныхаа үзүүрээр гүйцэтгэнэ гэдэг амархан болоод хэнд ч таатай хэрэг.

Асуулт: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс зарласан уралдаанд танай сумын ИТХ цахим сайт хөгжүүлэлтээрээ хөгжүүлэлтээрээ шалгарч байсан . Энэ тухайгаа яриач?

Хариулт: Тийм ээ. 2014, 2015 онуудад “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс 14 шалгуур үзүүлэлтээр шилдэг цахим дэд сайтыг шалгаруулах уралдаан зарласан. 2 жил дараалан шалгарсан.  2014 оны тухайд маш хүндрэлтэй байсан. Уралдаан 10 сарын 01-нээс 12 сарын 01 хүртэл хугацаанд зарлагдсан. Гэтэл манайд 11 сарын 05-ны өдөр шилэн кабель тавигддаг нэг сарын ажлыг нөхөж болно оо гээд явж байтал 10-аадхан хоноод сүлжээ тасарлаа гээд 7 хоног  интернэт тасарчихлаа. Жи-Мобайлын модем аваад ашиглаж байтал өвөл хүйтэнд антень нь царцсаны улмаас  тасалдаад үүрээр, өдөр дунд нэг ордог тэр үед нь л амжиж бүх зүйлээ хийнэ хөгтэй мөртлөө хөгжилтэй тэгж явсаар байгаад шалгарсан болохоор их урам орсон байх. Шагнал нь ч их өндөр 1.0 сая төгрөг.  Төсвийн цалин хардаг төрийн албан хаагч бид нарт бол том урамшуулал юм. Төслийн нэгжийн хамт олондоо маш их баярладаг даа. Ганц цахим дэд сайт гэлтгүй тэтгэлэгт хөтөлбөр, сайн туршлагын семинар, сайн туршлага дэмжих, Төлөөлөгчдийн сургалт, Манлайллын сургалт, Үндэсний чуулган гээд нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжилд асар их хувь нэмэр орууллаа даа.

Асуулт: Цахим сайт мэдээ мэдээллийг хурдан шуурхай түгээх, иргэддээ цаг тухай бүрт хүргэх боломж байдаг. Танай сумын иргэдийн хэдэн хувь нь интернэт хэрэглэгч бэ?

Хариулт: Үнэхээр шуурхай, цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, шуурхай хүрдэг. Цахим журмыг авч нийтлээд 2 хонож байтал Төмөрбулаг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Бямбадорж танай цахим журмыг шууд авч хэрэглэх гэж байна, зөвшөөрөх үү? гэж байхад Арбулаг сумын ИТХ-ын дарга Д.Чулуунбаатар “Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хяналт тавих журам, хяналтын маягтууд” чинь үнэхээр аятайхан болжээ сумандаа авч хэрэглэе гэж байх жишээтэй. Энэ бүхэн чинь өөрөө цахим ертөнцийн л буян юм даа. Сумын иргэдийн тухайд судалгаа хийж үзэхэд 20% нь шууд хэрэглэгч байж чадаж байна. Үүрэн телефоны компаниуд иргэн бүрийг ухаалаг утастай болгох аяныг өрнүүлж байгаа цаашид хэрэглэгчдийн чадвар туршлага өсөхийн хирээр ойрын 2-3 жилийн хугацаанд бүгд манай цахим сайтын хэрэглэгч болох бүрэн боломжтой.  Төрийн албан хаагчид бол бүрэн цахимжсан.

Асуулт: Танай сайт болон цахим хуудсаар дамжуулан иргэн санал хүсэлт тавьж байна уу?

Хариулт: Иргэд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асуух, санал хүсэлт илэрхийлэхэд хүртэл шуурхай хурдан амар байна гэж байгаа. Мөн төрийн үйлчилгээний талаар гомдол ч ирдэг. Бид анхаарах засах шаардлагатай нөхцөл байгаа болохоор л иргэд хэлдэг, хэлэхгүй өвөр зуураа ярих бол маш их шүү дээ. Төрийн албан хаагч асуудлыг шийдэхгүй, шийдэж чадахгүй байгаад байвал иргэд хандахаа болиод муу хэлээд эхэлнэ шүү дээ. Нэг жишээ хэлэхэд 5-р багийн иргэн Б.Мандхай “Сум хөгжүүлэх сангийн зээлийг хэзээ, хаана, хэн шалгаруулдаг юм бэ?” тэр талаар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу нь бид холбогдох ажилтанд албан тоот хүргүүлээд хариуг нь эргээд цахимаар мэдээлсэн иргэн маш талархалтай хүлээн авсан. Цаашид цахимаар иргэд хүсэлтээ ирүүлбэл бид журмын дагуу хариулт өгөөд явах болно.

Асуулт: Цахим хуудсаа хөтөлж хөгжүүлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгардаг уу?

Хариулт: ИТХ-ын ажлын цар хүрээ өргөн атлаа хүний нөөц дутагдалтай. Байгууллагын чиг үүрэг нь орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, чиглүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид хяналт тавих өөрөөр хэлбэл иргэний эрүүл мэнд, боловсрол, зам гүүрээс эхлээд  хамаарахгүй асуудал гэж үгүй.
Судалгаа шинжилгээ хийх, иргэдийн эрэлт хэрэгцээг мэдрэх, хууль, эрх зүйн орчныг нарийн судалж байж шийдвэр, тогтоолоо гаргах гээд хувь хүний ур чадвар шаардсан ажил их байдаг учир цаг зав их муу байдаг. Гэтэл цахим сайтад байршуулах мэдээг хэдэн үг хэлхээд тавьчихаж болохгүй, холбогдох зургийг чанартай сайн авахаас өгсүүлээд бэрхшээл бас байна.

Төрийн байгууллагын төсөв хөрөнгөний боломжгүйгээс болж зураг авах аппарат авч чадахгүй 3 жил бодоод л явж байна. Мэдээгээ боловсруулчихаад оруулахад интернэтийн хурдаас шалтгаалаад цаг хүртэл оролдож хүлээх ч үе гардаг. Өөрийгөө боловсруулах, өдөр тутам хөгжих шаардлага байна, хөдөө орон нутагт  интернэт орчны мэдлэг боловсролтой хүн /ID инженер гэдэг байх/ ч олдохгүй, админы хувьд мэдэхгүй, чадахгүй зүйл гарахад асуух сурах хүнгүйгээс хойш бүхнийг л өөрөө хийх, оролдох хэрэг гарна.

Асуулт:  Цахим сайтын талаар цаашид  ямар  үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхийг хүсч  байна вэ?

Хариулт: 2016 онд орон нутгийн сонгууль болно, төлөөлөгчийн зарим хэсэг нь шинэчлэгдэн, өөрчлөгдөнө, ИТХ-ын төлөөлөгчийнхөө үйл ажиллагаа, хувь нэмрийг  сонгогчдод нь бүрэн дүүрэн мэдрүүлэхийн тулд төлөөлөгч өөрөө цахимаар иргэдтэйгээ харилцах чадварт сургах, админы сургалтыг зохион байгуулж өгөөч гэж төслийн нэгжийн хамт олноосоо хүсэх байна даа.
Яагаад гэхээр цахим дэд сайтуудыг нэгтгэсэн khural.mn нэгдсэн сайт бие биенээсээ суралцах, тэргүүний шилдэг туршлагуудаас судлах, үйл ажиллагаагаа бусдад тайлагнах, судалгааны болон шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл түгээх , унших зэрэг бүх л хэрэгцээг хангах супер маркет гэж ойлгодог. Энд та өөрийн бүтээгдэхүүн, туршлагыг зарж болно, бусдаас авч болно. Унаа машин, бензин шатахуун, томилолтын зардал шаардахгүйгээр Увсад, Дорнодод очиж болно.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%