Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийслэл, дүүргийн төсвийн төслийг хэлэлцэж батлах ИТХ-ын хуралдаан болон баримт бичгүүд ИЛ ТОД БОЛОХГҮЙ байна.

2016-04-29

                                                                                                     “ИРГЭД ТӨСВӨӨ ХЯНАНА” сүлжээний ахлагч 
                                                                                        Д. Цэрэнжавтай хийсэн ярилцлага

Асуулт: “ИРГЭД ТӨСВӨӨ ХЯНАНА” сүлжээний талаар товч танилцуулбал?

Хариулт:
Иргэд төсвөө хянана ИНБ-ын сүлжээ байгууллага нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Анх гишүүнээр 12-13  байгууллага элссэн. Түүнээс хойш дахин 10 гаруй байгууллага нэгдэн орсноор нийтдээ 20 гаруй байгууллага хамтарч ажилладаг.
Манай сүлжээ нь орон нутгийн төсөвт илүү анхаарал хандуулж ажилладаг. ИНБ-уудын хувьд улсын төсвийн түвшинд буюу макро эдийн засгийн зүйл ярихад хүндрэлтэй байдаг. Харин ИНБ-ууд нь иргэд, оршин суугчидтай илүү ойрхон, холбоотой учраас орон нутгийн төсвийн үйл явц, барим бичгийг ил тод нээлттэй болгож, хяналт тавьж, оролцоог нь дүгнэж ажиллах нь зүйтэй юм уу гэж ажиллаж байна.

Орон нутгийн төсөв бол манай үйл ажиллагааны үндсэн чиглэл. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн төсвийн ил тод байдалд судалгаа, мониторинг хийж, ил тод байдлын загвар стандартыг гаргасан. Гэхдээ энэ дотроос үйл ажиллагааны маань төвлөрдөг цэг нь юу вэ гэвэл, орон нутгийн төсвийг хэлэлцэж баталдаг Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын хуралдаанууд юм.

Асуулт: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах хуралдаан чухам яагаад чухал вэ?
Хариулт:
Орон нутгийн төсвийн хамгийн чухал үйл явдал бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төсөв хэлэлцэн батлах том хуралдаан юм. Тухайн жилийн оны төгсгөлд  аймаг, нийслэлийнх 12-р сарын 5-ны дотор, сум дүүргийнх 12-р сарын 20-ны дотор бүх улс орон даяар дараа жилийнхээ төсвийн төслийг хэлэлцэж баталдаг ИТХ-ын хуралдаанууд болдог. Иймд бид нар орон нутгийн төсвийн ил тод байдлыг дүгнэх зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудад ажиглалт хийн, судалгаа, мониториг явуулж оны төгсгөлд идэвхтэй ажилладаг.

Анх 2010, 2011 онуудад бүх хурлуудыг хамруулж биш, гэхдээ боломжтой 1-2 дүүрэг, аймгуудыг сонгон авч, хуралд нь сууж ажиглаж байсан бол 2014 онд  нэлээд хэдэн аймгууд болон ихэнх дүүргүүдийг хамруулан, 2015 оны төсвийг төслийг батлах явцад нэлээн том мониторинг хийж байсан.

Энэ жилийн хувьд,  Улаанбаатар хот, түүний 9 дүүрэг гээд засаг захиргааны 10 нэгжийг хамруулсан мониторинг хийсэн. Энэ нь  2016 оны төсвийг хэлэлцэж баталсан ИТХ-ын хуралдаануудад хийсэн мониторинг юм. Энэ бол яах аргагүй тухайн орон нутагтаа төсвийн хамгийн чухал үйл явдал юм.
Сүлжээний ИНБ-ууд янз бүрийн дүүрэгт ажилладаг учраас тус тусынхаа ИТХ-ын төсөв хэлэлцэх хуралдаанд сууж, ажиглалт хийсэн. Орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах үеийн үйл явц, холбоотой баримт материалуудыг авч, “Ил тод байдал” сан нэгтгээд, олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн.

Асуулт: Орон нутгийн төсвийг ил тод болгох  хамгийн боломжтой үе нь хэзээ вэ?
Хариулт
: Бүхий л шатны Засаг дарга нар нь төсвийн төслийг боловсруулаад, хуралдаа өргөн барих ёстой, ингэж өргөн баримагц нь олон нийтэд ил тод болговол болчих гээд байгаа юм л даа.

Яагаад үүнийг онцолж байна вэ гэхээр хуралд өргөн барина гэдэг нь хурлын төлөөлөгчид мэдэж авах боломжтой боллоо гэсэн үг, эрх нь нээгдлээ гэсэн үг.
Хурлын төлөөлөгчид иргэдээс сонгогдсон хүмүүс учраас төсвийн төслийг өргөн барингуут нь аваад тойрогтоо, хороондоо, дүүрэгтээ, сумандаа очоод манай нийслэлийн төсөв ийм байна, манай дүүргийн, сумын төсөв ийм байна, үүн дотор манай хороотой холбоотой, манай Баянхошуутай холбоотой, манай Гацуурттай холбоотой ийм ийм хөрөнгө оруулалт орсон байна шүү, цэцэрлэг барина гэж байна шүү, барихгүй гэж байна шүү гэж иргэдтэйгээ ярилцаад, иргэдийнхээ дэмжлэгийг аваад, тэдний санал хүсэлт, захиа даалгаврыг аваад ИТХ-ын хуралдаандаа орж ирэх ёстой байхгүй юу.
Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр биднийг төлөөлсөн хүмүүс маань сонгогдохдоо хайртай, дуртайгаа тасралтгүй илэрхийлж байгаад гарсан хүмүүс шүү дээ. Зөвхөн сонгогдох болохоороо уулздаг мөртлөө жилд 1 удаа төсвийн үеэр яагаад ингээд иргэдтэйгээ уулзах ажил хийхгүй байна вэ?

Асуулт: Орон нутгийн төсвийг батлахад ИТХ-ын төлөөлөгчид маань хэрхэн, яаж хандаж байна?
Хариулт:
Ерөнхийдөө төлөөлөгчид өөрсдөө тойргийнхоо асуудлыг бүгдийг мэдэж байна гэж боддог юм уу, хурал дээр орж ирээд, төсвийн төслийг ярилцаад шийддэг.
Засаг дарга төсвийн төслөө хуралд өргөн бариад, хурал эхлэх хүртэл 10-аад хоногийн хугацаанд хурлын намын бүлгүүд нь ажиллаж байгаа, салбар чиглэлийн хороодуудаар хэлэлцээд, мэдээж цаанаа ажил өрнөж байгаа. Гэхдээ энэ нь хангалтгүй.

Орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах нь тухайн дүүргийн бүх иргэдэд хамаатай төсөв учраас аль хэдэн жилийн өмнө 1 удаа мандат авсан хүмүүс иргэдтэйгээ огт уулзахгүй, асуухгүй, ярилцахгүй байж байгаад ингээд хуралд ороод, шийдэж байгаа нь үнэхээр хангалтгүй гэсэн зарчмын асуудлыг бид тавьж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, төсвийн үйл явц иргэдтэй ямар ч холбоогүй байна. Ингэж төсвийн төслийг мэдээгүй учраас, мэдээллийг өгөх гэж чармайхгүй учраас, төлөөлсөн төлөөлөгч нар нь төсвийн ил тод байдлыг хангахын төлөө ажиллахгүй байгаа учраас иргэдийн хяналт оролцооны маш их боломжууд алдагдаж байна.

Асуулт: Жирийн иргэд орон нутгийн төсвийг хэлэлцэх үйл явцад оролцох идэвх оролцоо, боломжууд нь хэр байна вэ?
Хариулт: Иргэдийн төлөөлөгчийн хуралдаанд жирийн иргэд, оршин суугчид, ИНБ-ууд суух тухай асуудал огт зохицуулагдаагүй. ИТХ-уудаас хуралдааны зарыг иргэдэд зориулж тараахгүй байна.

Хэрвээ мэддэг бол хүмүүс хуралд суух, чих тавих, сонирхох сэдэл үүсэх байх байсан байх, харамсалтай нь тийм юм огт байгаагүй.
Урьд жилүүдэд шууд очоод суух гэхээр суудал байхгүй, урьдчилаад хэлэхгүй яасан бэ, зөвшөөрөл авсан юм гэх мэт асуудал гардаг байсан учраас бид нар энэ жил албан бичиг урьдчилж явуулсан бүгд зөвшөөрсөн. Багахангай, Налайх, Багануур дүүргийн ИТХын хуралдаанд хүртэл сууж, ажиглалт мониторингоо хийсэн. Ямар ч байсан нийслэл дүүргүүд энэ тал дээр ил тод болж байна.

Гэхдээ бид нараас өөр хүн суухгүй байна. Өөр ТББ-ууд байж л таараа. Тэр байгууллагууд нь сонирхож суухгүй байна, идэвхтэй иргэд нь байхгүй байна. Ахмадын зөвлөл гээд албан ёсны дүүргийн дэргэд төсвөөс санхүүжилт авдаг байгууллагуудын төлөөлөл бол байсан. Харин зориудаар хяналт тавих, ажиглалт хийх байдлаар оролцож байгаа  жирийн иргэд хүмүүс байхгүй байсан.

Асуулт: 2016 оны төсөв хэлэлцэх ИТХ-ын хуралдаануудад хийсэн судалгаа, мониторингийн дүнгээс танилцуулбал ?
Хариулт:
Ер нь төсвийг хэлэлцэж батлахаас өмнөх үед бид нар илүү анхаарсан. Өөрөөр хэлбэл, урагшаа хандсан яагаад гэвэл, төсөв нэгэнт батлагдчихвал, бидэнтэй бидэнгүй хэрэгжинэ, хэрэгжилтэнд нь хяналт тавих тухай яригдана.
Иймээс төсвийг батлахаас өмнө хавар төсвийн төлөвлөгөө боловсруулахад нь, эсвэл 11-р сард төсвийн төслөө хуралд өргөн барих үед иргэд нь мэддэг, ил тод болдог бол үнэхээр орон нутгийн иргэдийн жинхэнэ хяналт оролцоо гэдэг маань ингэж эхэлнэ.

2016 оны төсөв хэлэлцэх, батлах хуралдаануудад хийсэн мониторинг дүгнэвэл тухайн орон нутгийн ИТХ-аар хэлэлцэгдэх төсвийн төсөл эсвэл өмнөх төсвийн гүйцэтгэлийн тайлан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайлан, дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэл зэрэг  ИТХ-д орж байгаа төсөв болоод түүнийг дагалддаг баримт бичгүүд нь ерөөсөө ил тод болохгүй байна.

Олон жилийн өмнө ярьж байсан, тэр хэвээрээ л байна. Нөгөө талаас оршин суугчид, иргэд, ИНБ-ууд шаардаад байгаа юм ерөөсөө байхгүй. Бид нар үүнийг нэг анзаарахгүй, тоохгүй хэвээрээ байна. Төсвийг мэдэх, төсвийг сонирхох нь яагаад чухал вэ гэдгийг хэлэлцүүлгүүд дээр ярихгүй байна.

Асуулт: Орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангахад онцолмоор сайн туршлага болохуйц шинэ зөв хандлага байна уу? ИТХ-ууд маань хэр санаачилгатай ажиллаж байна вэ?
Хариулт: 2013 оноос хойш Нийслэл Улаанбаатар хотын ИТХ нь дараа жилийнхээ зөвхөн төсвийн төслийг нийслэлийн Иргэний танхимд 11-р сарын 20-доор буюу хуралдаанд өргөн барихаас өмнө хэлэлцүүлж байна. Одоогийн байдлаар 3 удаа хэлэлцүүлэг хийсэн. Хүрээ нь явцуу, жилд зөвхөн нэг удаа болж, 100 гаруй хүн оролцдог хэдий ч энэ нь зарчмын  хувьд маш чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Аймаг, сум, дүүргийн өөр ИТХ-уудад ингэж төсвийн төсөл, түүнийг дагалдаж ордог баримт бичгүүдийг хэлэлцдэг гэсэн ямар нэгэн мэдээлэл бидэнд олдоогүй.
Мониторингт хамрагдсан бүх дүүргүүдээс Чингэлтэй дүүрэг хуралдаандаа хамгийн нээлттэй суулгасан, бүх материалаа  шууд, чөлөөтэй өгсөн. /хурлын төсвийн төслийг урьдчилж өгөөгүйгээс бусад бүх тэмдэглэлийг өгсөн./

Асуулт: Мониторинг хийж, хуралд ажиглалт хийж байхад орон нутгийн төсөв хэлэлцэн батлах ИТХ-уудын хуралдаан ер нь ямаршуу болдог юм байна?
Хариулт: Хурлын үйл явцын тухайд гэвэл, нэгдүгээрт, хуралдааныг ерөөсөө зарлахгүй байна. Улаанбаатар хот, зарим ИТХ нь төсөв хэлэлцэх том хуралдааныг зарладаг ч ажил хэргийн албан мэдээ маягаар, зүгээр л нэгэн тавих ёстой учраас зарлаж байгаа болохоос яг иргэдэд зориулж хуралдааны зарыг явуулахгүй байна. Дүүргүүдийн хувьд бол үндсэндээ хуралдааныг зарладаггүй.

Хуралдааныг зарлахгүй байна гэдэг маань хүмүүс сонирхохгүй, хүмүүс мэдэхгүй, үзэж харъя  гэсэн ч боломжийг олгохгүй байна гэсэн үг.

Ийнхүү хуралдааны тухай зар үндсэндээ байхгүй, нэг мэдэхэд л болчихсон байдаг. Жишээлбэл энэ жил бид нар дүүргүүдийн хуралдаанд мониторинг хийхэд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хуралдаан 12-р сарын 10-ны өдөр болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, 10-ны дотор дүүргийн төсвийг Засаг дарга нь хуралдаа өргөн барих ёстой, бид нар бодохдоо хуралдаан бол 10-наас хойш 20-ны дотор болно гэж бодож байтал 10-ны дотор 2 дүүргийн хуралдаан болсон.
Хэдэн хоногийн өмнө өргөн барьсан байх л даа, гэхдээ заавал 10-нд яарч хуралдаж байгаад бид нар гайхаж байгаа. Хуулиараа болж л байгаа юм л даа, гэхдээ яагаад 5 хоног сунгаад 17,18-нд хуралдаад, бусад дүүрэг шигээ, энэ хооронд хүмүүсээсээ санал аваад, хэлэлцүүлэхгүй, яагаад энэ асуудлыг иргэдтэйгээ харилцах, хүмүүсийн оролцох боломжийг хангахгүй яаран сандран хуралдаж байна вэ гэдэг нь сонирхолтой байгаа юм.

Нэг сайн юм нь гэвэл, Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал UBS телевизээр бүрэн дамжуулдаг учраас Улаанбаатар хотын иргэд үзэж, мэдэх боломжтой. Өөрийнх нь сонгосон, өөрийнх нь хорооноос, дүүргээс гарсан хүмүүс юу хэлж байна, хэлээгүйг нь мэдэх боломжтой. Гэхдээ энэ бол зүгээр л ажиглах боломжтой.

Хоёрдугаарт, төсөв хэлэлцэх хуралдаануудыг харахад, маш богино хугацаанд болоод өнгөрч байна. Жишээ нь Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төсөв хэлэлцэх хуралдаан дээр тэмдэглэлээс нь үзэхэд огт асуулт, хариулт гараагүй байх жишээтэй.
Сонгинохайрхан дүүргийн хурлын тухай ямар ч мэдээлэл олдоогүй, бид сууж амжаагүй, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу хурлын тэмдэглэлийг авах гэтэл бидэнд өгөөгүй. Их л эв нэгдэлтэй хуралдлаа гэсэн мэдээ л зурагтаар хальт гарсныг харсан.

Асуулт: Төсөв хэлэлцэх хуралдааны зохион байгуулалт, хуралдааны дэг ямар байна?
Хариулт: Дүүргийн ИТХ-ын хуралдаанууд  дэг ерөнхийдөө байхгүй, хуралдааны журмыг барих, дэгийг мөрдөх тал дээр нэлээн сул, жаахан задгай, хайш яйш явагдаж байна. Хурлыг хурлын дарга удирдаад, хурлын дэг журмаа барьдаг албан ёсны юм нь байхгүй, таньдаг хүмүүсийн захиргааны ердийн хэлэлцүүлэг байдлаар явагдаж байна.

Нөгөө талаар, орон нутагт давхар дээлний асуудал нэлээн байна. өөрөөр хэлбэл нийслэл дүүргийн гүйцэтгэх албан тушаалтнууд, ЗДТГ-ын ажилтнууд, байгууллагуудын дарга нар төлөөлөгч байдаг учраас асуулт хариулт гарахаар төлөөлөгч нар хоорондоо дотроо ярилцаад өнгөрч байна. Хариуцлага тооцох боломжгүй, адилхан төлөөлөгч хүмүүс, жаахан муудалцаад, тохилцож байгаад өнгөрч байна. Үүн дээр цаашид нэлээн анхаарах ёстой юм болов уу гэж бодож байна.

Асуулт:  Та бүхэн төсөв хэлэлцэн баталж байгаа хурлуудын хурлын протокол, тэмдэглэлүүдтэй хэр танилцав?
Хариулт: Хурлын тэмдэглэл нь эрхзүйн баримт бичиг, хуулийн баримт учраас хурлын тэмдэглэлийг авч, анализ дүн шинжилгээ хийх чухал гэж бид үзсэн.   Яагаад гэвэл, хурлын тэмдэглэлд хурлын процессыг хэр үнэн тэмдэглэж үлдээсэн байна вэ, төлөөлөгч санал хэлээгүй байхад нь санал хэлсэн болгож уу эсвэл хэлсэн байхад нь орхисон байна уу үгүй юу гэддгийг хянахад хурлын тэмдэглэл маш чухал.

Мөн бид нар нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын хуралдаанд сууж дууссаны дараа бүх  дүүргүүд уруу бичиг явуулж хурлын тэмдэглэл, материалаа өгөөч ээ гэхэд Хан-уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүд өгөөгүй. Ийнхүү бид нар мониторинг судалгаа хийсэн 10 нэгжийн 6-ын протокол, Улаанбаатар хотын хувьд хурлын аудио бичлэгийг авсан.
 
Асуулт: Иргэд бидний татварын мөнгөнөөс бүрдсэн төсвөөс иргэд бидний нийтлэг эрх ашгийн төлөө юу хийж, бүтээх вэ гэдгийг л бидний сонгосон төлөөлөгч нар хэлэлцэн баталж байгаа биз дээ? Яагаад өгөхгүй байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлах юм?
Хариулт: Үнэхээр олон удаа бичиг явуулсан ч дээрх 3 дүүрэг хурлын тэмдэглэлээ өгөөгүй. Зарим дүүрэг нь байгууллагын нууц гээд өгөөгүй. Энэ бол байж болшгүй зүйл. Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг авъя гээгүй, ИТХ-ын албан ёсны хуралдааны  тэмдэглэлийг авъя гэсэн санал тавьсан. Хуулиараа бол байгууллагын нууц биш бол тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг ч авах ёстой. Тийм том юм хүсээгүй байхад хуралдааны тэмдэглэлийг өгөхгүй байна.

Нэг дүүрэг зүгээр л өгөхгүй гэж байсан. Өгөхгүй гэсэн хуулийн үндэслэлээ хэлнэ үү гэхээр хариу байдаггүй, байгууллагын нууцад хамаарна гэж байгаа бол байгууллагын нууцын жагсаалтаа өгчих гэхээр бас байхгүй байдаг. Зарим нь наашаа цаашаа, өгсөн гээд чулуу хөөлгөөд өгөөгүй.

Бид нарт уул нь ил тод байвал маш хэрэгтэй. Бидний сонгосон хүн тухайн хурал дээр үг хэлсэн юм уу, нэг ч үг хэлээгүй байвал бас сонин, иргэдтэйгээ уулзахдаа цэцэрлэг барина гээд сонгогдсон мөртлөө 4 жилд  тухайн цэцэрлэгийн талаар хөөцөлдөж явсан үгүйг хурлаас харна. Үүнийг мэдэж авахад чухал ач холбогдолтой.

Асуулт:  Орон нутгийн төсөв хэлэлцэх хуралдаанд мониторинг хийхэд цаашид онцолж анхаармаар асуудлын талаар таны бодол?
Хариулт: Хурлаар хэлэлцэх гэж төсвийн төсөл болоод холбогдох материалын төслийг урьдчилж тараадаггүй. Хурал дээр зөвхөн төлөөлөгч нарт тарааж өгөөд, хуралд сууж байгаа бусад хүмүүс, бид нарт олдохгүй байгаа юм.

Энэ ямар учиртай вэ гэвэл: Засаг дарга ямар төсвийн төслийг өргөн барьсан, 5, 6 эсвэл 10 хоногт  хурлын ажлын алба, намуудын бүлгээр орохдоо хэн нь юу зассан байна, яаж оруулчихсан бэ, жишээ нь дүүрэг боломжгүй юмыг тойрогтоо лоббидоод, нам энэ тэр гэж байгаад оруулсан уу үгүй гэдгийг  мэдэх гэхээр өөрөөр хэлбэл энэ хооронд ямар өөрчлөлт орсныг мэдэхийн тулд хуралдаан дээр төлөөлөгчдөд өгч байгаа төсөл маш хэрэгтэй байгаа юм. Засаг дарга өргөн барьсныг, төлөөлөгчдөд өгснийг харьцуулах юм бол тэр хооронд юу янзалсныг нь  мэдэх боломжтой.
Гэтэл Засаг даргаас өргөн барьсан төсвийн төслийг, өөрчлөлт оруулсан материалуудыг  иргэд байтугай ажиглалт хийж байгаа бидэнд тарааж мэдээлэл өгөхгүйгээр хурал уруу шууд оруулаад, төлөөлөгч нар өөрсдөө тохирсон гээд баталж байгаа нь маш ноцтой асуудал юм.

Сүүлд нь ажиглагдсан зүйл гэвэл, төсвийн төслийг ИТХурал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2-оор шийдэх асуудлын зааг ялгаа харагдахгүй байна. Үүнийг хаана хаанаа анхаарч, эргэж хармаар асуудал байх шиг байна. Жишээлбэл ИТХ дээр хувьчлах эд хөрөнгийн жагсаалтанд оруулсан мөртлөө дараа нь тэргүүлэгчдийн хурлаар түүний хасч байх жишээтэй. Хэрвээ ИТХ-аар шийдсэн бол түүнийгээ цуцлахыг бас л төлөөлөгчдийн хурлаар л шийдмээр байгаа юм, зохицуулалтыг нь ойлгохгүй байгаа юм. магадгүй энэ асуудлыг тэргүүлэгчдээр шийдэж болно гэж эрхийг нь өгсөн юм уу гэдэг зааг ялгааг маш тодорхой болгох шаардлагатай байна.

Асуулт: Орон нутгийн төсвийг хэлэлцэн батлах нийслэл, дүүргийн ИТХ-ын хуралдааны явцад хийсэн мониторингийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэвэл?
Хариулт: Мониторинг дүгнээд бүх материалыг www.tusuv.mn сайтны орон нутгийн төсөв хэсэгт тавьсан байгаа, тэндээс дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.
                                                  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%