Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулж Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Б.Эрдэнэбаяр нар тус аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байгаа сэтгүүлчидтэй “Сэтгүүлчдээс асууя” уулзалт ярилцлага хийлээ. Уулзалтыг МСНЭ-ийн тус аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулж нийт 40-өөд сэтгүүлч оролцлоо.
Уулзалтын эхэнд Сэтгүүлчдийн салбарын дарга Н.Гантулга НҮБ-ын шийдвэрээр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг анх тэмдэглэдэг болсон тухай, МСНЭ-ээс гаргасан уриалга, Дарханы сэтгүүлчдийн салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийсэн юм. Дараа нь аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хэлэхдээ:-“Та бүхэнд дэлхий нийтээр тэмдэглэж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас гаргаж байгаа шийдвэр зорилтуудыг цаг алдалгүй ард түмэнд хүргэхийн зэрэгцээ аймгийн хэмжээнд болж байгаа үйл явдлыг цаг наргүй ажиллан хүргэж ирсэнд талархаж явдаг. Төрийн бүх ажил, аймгийн ололт амжилт, оршиж байгаа дутагдлыг та бүхэн мэдээлж хүргэдэг учраас иргэд эргээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн санаа бодлоо бидэнд хүргэснээр аймгаас зохих шийдвэр гаргахад тус дөхөм болдог. Иймээс төр ард түмнийг хооронд нь мэдээллээр хангаж ирсэн та бүхэндээ дахин баяр хүргэе. Бид энэ удаагийн уулзалтыг хийх болсон нь та бүхэн биднээс дандаа асуудаг, ярилцлага авдаг. Харин энэ удаа хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулж бид та нараас асууж сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийн байгууллагад чинь ямар тулгамдсан асуудал байна вэ? Ямар санал хүсэлт, ямар шүүмжлэл байгаа бол гэдгийг сонсохыг хүссэн юм” гэв.
Энэ үеэр сэтгүүлчдээс Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулж сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж дүгнэх саналыг гаргалаа.
Эдгээр гарсан саналуудыг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат хүлээж авснаа мэдэгдээд шилдэг нийтлэлийг уралдааныг хэдий хугацаанд яаж зохион байгуулах саналаа боловсруулж танилцуулахыг хүсч дэмжинэ гэдгээ илэрхийлээ. Уулзалтын төгсгөлд зарим шилдэг тэргүүний сэтгүүлчдэд шагнал гардууллаа. Үүнд МСНЭ-ийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр “Ди Би Эс” телевизийн зураглаач Д.Лхагвапүрэв, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр сэтгүүлч Х.Соёл-Эрдэнэ, Ж.Золзаяа, Г.Мөнхгэрэл, Засаг даргын жуухаар Б.Болорцэцэг, О.Баясгалан нар шагнууллаа.
Б.Норовсамбуу