Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Иргэдээс Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд хандан гаргасан өргөдлийг саналын хайрцгаар дамжуулан хүлээн авах, түүний нууцлалыг хангах, Байнгын хороонд шуурхай хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах дараах асуудлаар гаргасан өргөдлийг энэхүү саналын хайрцгаар дамжуулан хүлээн авна.
1.2.1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсронгуй болгох асуудалд санал өгөх;
1.2.2. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
1.2.3. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын шийдвэр, эрх зүйн актуудыг хянуулах.
Хоёр. Саналын хайрцгийг байрлуулах, хариуцан ажиллах
2.1. Саналын хайрцгийг аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар актаар хүлээн авч аймаг, нийслэл, дүүргийн Иргэний танхимд битүүмжлэн /лац/ байрлуулна.
2.2. Аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь саналын хайрцгийг холбогдох албан тушаалтны ажил үүргийн хуваарьт тусган хариуцуулна.
2.3. Саналын хайрцагт цугларсан өргөдлийг 14 хоног тутамд хариуцсан ажилтан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд “Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Төрийн ордон-14201, Улаанбаатар хот” гэсэн шуудангийн хаягаар хүргүүлнэ.
2.4. Аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь энэхүү журмын талаар иргэдэд танилцуулга хийж ажиллана.
Гурав. Хариуцлага
3.1. Саналын хайрцгаар дамжуулан гаргасан өргөдлийн нууцыг чанд хадгалах ба зөрчсөн этгээдэд Хувь хүний нууцын тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулна.
3.2. Холбогдох албан тушаалтан энэхүү журмыг зөрчсөн бол түүнийг харьяалан удирдах албан тушаалтанд хандаж хариуцлага ногдуулна.