Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймагт өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

2016-08-31

Намрын улиралтай золгожээ. Хаяагүй их ажил өрнөж, өвөлд бэлдсээр... Дархан-уул аймгийн удирдлагууд ирэх өвөл “асуудал тарьж мэдэх газруудаа” онцгой анхаарч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлээд байна. Дугаарын зочноор аймгийн засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариулсан орлогч Т.Ганболдыг урьж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд тантай уг асуудлаар ярилцаж байна. Дарханчууд өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг наймдугаар сарын эхээр байгуулагдаад ажиллаж байна. Зохион байгуулалт, дэд бүтэц их засварын ажил, хөдөө аж ахуйн салбар, бусад гэсэн дөрвөн чиглэлээр 30 гаруй ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар /2016.08.25/ 75 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

-Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний байгууллагуудын өвлийн бэлтгэл ажилд багагүй анхаарч байгаа байх?

-Ерөнхийдөө аймгийн дүнгээр өвлийн бэлтгэл гайгүй сайн хангагдаж байна. Эрчим хүчний байгууллагууд төлөвлөгөөний дагуу ажиллаж, өвлийн бэлтгэлээ 70-аас дээш хувьтай хангаад байна. Санхүүтэй холбоотойгоор өвлийг давахад хэд, хэдэн газар хүндрэл үүссэн. Ажлын хэсэг тухайн асуудлуудтай газар дээр нь танилцаж найман байгууллагад 150 гаруй сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн зүгээс шийдээд өгчихвөл хүндрэлтэй асуудлууд үгүй болох юм байна гэж үзсэн.
Судалгааг аймгийн Засаг даргад танилцуулж, зөвлөлийн хурал болон аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, төсвийг тодорхой хэмжээнд тодотголоо. Тухайлбал, Хонгор сумыг дулаанаар хангадаг “Эмт наран” ОНӨААТҮГ бий. Тус станцын 7, 8 дугаар зуухны тогоо ажиллах боломжгүй болсон тул төсвийн тодотголоор 10 гаруй сая төгрөг батлуулж засварлахаар боллоо. Мөн БСШУСЯ-ны нийт 104 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ОИЦ сургуулийн А байрны дээвэр, 1 дүгээр сургуулийн гадна цэвэр ус, дулааны шугамыг засварлахаар болсон.

-Хонгор сум гэснээс сумдын өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байна вэ?
-Дархан сумын 1, 2, 3 дугаар багт “Мөнхийн илч” ХХК-ийн ажиллуулдаг уурын зуух байдаг. Энэ компани өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэвийн хангаж байна. Шарын гол сумын “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн зарим зуухны засвар хийгдсэн. Тус компани олон жил хуримтлагдсан өр авлага ихтэй, мөн хөрөнгө санхүүгийн эх үүсвэр байхгүйн улмаас засвар үйлчилгээ нь бүрэн хийгдээгүй, хүндрэлтэй зүйлүүд байна. Өнөөдрийн байдлаар хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлууд 20-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Нуулгүй хэлэхэд “Дулаан Шарын гол” ТӨХК-д өвлийн бэлтгэл ажил тааруу явагдаж байна. Иймд ТУЗ-д нь асуудлыг шийдвэрлүүлэхээр тавиад байна. Энэ асуудлаар Эрчим хүчний яамны холбогдох албаныхан ойрын хугацаанд манай аймагт ирж ажиллана. Орхон сумын хувьд хүндрэлтэй асуудал алга.

-Аймаг, сумдын дулааны станцуудын хувьд нүүрс, түлээний нөөц ямар байна?
-Дарханыг нүүрсээр хангадаг “Шарын гол” ХК-иас дулааны станцууд гэрээний дагуу шаардагдах нүүрсээ бэлтгэж байгаа. Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна.

-Өвөл хотын зам талбайд хальтиргаа гулгаа ихэсдэг. Цас хайлуулах бодисоо хангалттай нөөцөлж чадсан уу?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэгт аймгийн НААҮГ-ын дарга гишүүнээр ажиллаж байгаа. НААҮГ-ын төсөвт туссан байдаг. Иймд цас мөс хайлуулах бодис буюу давс, элс зэрэг шаардлагатай бүх зүйлийг нөөцлөх чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Хангалттай нөөц бэлдэх боломжтой гэж бидэнд мэдэгдсэн.
-Айл өрх, албан байгууллагын дулааныг товлосон хугацаанд нэгэн зэрэг өгөх үү?
-Дулааныг нийтээр нь нэгэн зэрэг өгч чадахгүй. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт: “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-аас энэ оны тавдугаар сард аймгийн хэмжээнд 134 ААНБ-д есдүгээр сарын 15-нд дулаанаа авахын тулд танай байгууллага хариуцсан инженерийн шугам сүлжээгээ засварлах тухай албан шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл хувийн хэвшлүүд хөрөнгө санхүүгээс гадна аравдугаар сараас халаалтаа авна гэсэн нэрийдлээр засварын ажлаа хойш тавих асуудал гаргаж байна. Хоёрдугаарт: Төсвийн хүндрэлээс үүдэн цаг агаар дулаан байвал боловсролын байгууллагуудыг хоёр долоо хоногоор хойшлуулж дулаанаа ав гэдэг чиглэлийг холбогдох газраас өгсөн байна. Энэ бол эрсдэлтэй алхам гэж үзэж байна. Манай ажлын хэсгээс хуулийнхаа хугацаанд дулаанаа ав гэдэг шаардлагыг тавина.
Айл өрхүүдийн хувьд дулаанаа цаг хугацаанд нь авна. Гэхдээ СӨХ-д өөрсдийн мэдлийн шугам сүлжээ болох 0 цэгээс хэрэглэгч хүртэлх шугамын засвар үйлчилгээг яаралтай хийх шаардлагатай байгаа юм. Хэд хэдэн байранд шугам хоолой хагарсан тул дулаан авахад хүндрэлтэй байсныг төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. Засвараа хугацаанд нь хийчихвэл асуудалгүй.
-Бичин жилийн өвлийг хатуу болдог гэж малчид ярьдаг. Хөдөө аж ахуйн салбарынхан маань өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-Энэ жил аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр нийт 650 гаруй мянган мал өвөлжинө. Одоогоор малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалгыг мэргэжлийн байгууллагууд хийж байна.
Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20 гаруй сая төгрөгийн өвс нөөцөлсөн. Одоогоор аймгийн нөөцөд 100 тн, Дархан суманд 40 тн өвс, Хонгор суманд 70 тн өвс тус тус нөөцөнд байна. Харин Орхон, Шарын гол сум өнгөрсөн жил нөөц өвсөө борлуулсан. Уг орлогоороо энэ жил дахин өвсний нөөц бүрдүүлнэ.
Засгийн газрын албан даалгаварын дагуу манай аймаг нөөцөөс гадна нийт 63.3 мянган тн хадлан бэлтгэх үүрэгтэй. Сумдууд хуваарийн дагуу бэлтгэж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар аймагт 228 тн өвс, 124 тн тэжээл байна. Хадлан хураалтын дийлэнх хувийг Хонгор сумын нутаг дэвсгэрээс бэлтгэдэг. Энэ жил Хонгор суманд өмнөх жилүүдтэй харьцуулбал хадлангийн өвс сайн ургасан. Малчид хаанаас ч хадлангаа бэлтгэх бололцоотой.


Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд Сэлэнгэ аймгийн Баянгол, Хушаат, Жавхлант, Ерөө, Мандал зэрэг зэргэлдээх сумдад мал бүхий иргэдийг отроор нутаглуулах асуудлаар тус сумдын удирдлагуудтай хэлэлцэж байна.

-Энэ жил манай аймаг урьдын жилүүдтэй харьцуулахад илүү ургац хураана гэсэн урьчилсан судалгаа гараад байгаа. Намрын ургац хураалтын ажил эхлэхэд бэлэн үү?
-Аймгийн хэмжээнд 2016 онд нийт 18.4 мянган га.д тариалалт хийсэн. Үүнээс 11.7 мянган га-г үр тариа, 6.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамал тариалсан. Ургацын урьдчилсан дүнгээр үр тариаг нэг га-гаас дундажаар 16.2 цн буюу 18.8 мянган тн, төмс 605 га талбайгаас 7.5 мянган тн буюу га-аас 125.3 цн, хүнсний ногоог 1.9 мянган га талбайгаас 17.7 мянган тн буюу га-аас 138.6 цн, тосны ургамал 1.8 мянган тн, малын тэжээл 105 тн-ыг тус тус хураах тооцоог гаргалаа. Цаг агаар хүндрэхгүй бол бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх боломжтой. Манай тариаланчид есдүгээр сард ургацаа хурааж эхэлнэ.

-Баярлалаа.                 Ярилцсан М.ГҮНЖИЛХАМ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%