Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСЭДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

2016-09-09

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож байна.
Өнөөдөр /2016.09.09/ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсэдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлсэн юм.

 Тэрбээр: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг  дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө, хүндэтгэл үзүүлэх учиртай энэ түүхэн өдөр Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын болон аймгийн салбар комиссын өмнөөс та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе бол бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм.
Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс  онцгой анхаарч ирлээ. 
Цаашид хэлмэгдэгсэдийн хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлийг нь  мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүслийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж  ажиллах болно” хэмээн хэллээ. 
Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийдийн Да лам Д.Базаррагчаа буяны ном айлдсан юм.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж, Дархан сумын 8 дугаар багийн өндөр настан Б.Багааг “Найрамдлын Дархан” тэмдэг, Ч.Эрдэнэбилэгийг Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагналаа.
Арга хэмжээний үеэр хэлмэгдэгсэдийн ар гэр үр хүүхдүүдийн зүгээс  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулсан хөшөө байгуулах" саналыг гаргалаа.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон хууль хяналтын байгууллагууд  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30.0  мянга гаруй хүнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээгээд байна. 
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд  17500 гаруй хэлмэгдэгсдэд 17,5 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг олгожээ. Бас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийн хүнд гэр хашаа, орон сууц худалдаж авахад нь зориулж 3 тэрбум орчим төгрөг олгосны дээр 68 гаруй сая төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгожээ.
Аймгийн хэмжээнд хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ нар 290 хүнд 284 сая төгрөгийн нөхөх олговор олгосон ба хуулинд заасны дагуу гэр орон сууцаа хураалгуулсан хэлмэгдэгсэдийн эхнэр нөхөр болох  өөрийн гэсэн орон гэргүй 6 хүнд гэр, орон сууц олгуулсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%