Өнөөдөр Олон улсын багш нарын 22 дахь өдөр болон Монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна. Баярт зориулсан хүндэтгэлийн хуралд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат нарын аймгийн удирдлагууд оролцож багш нартаа баярын мэнд дэвшүүллээ.

Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм багш нарааХөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан, БСШУСЯ-ны жуух бичиг, Найрамдлын Дархан тэмдэг, Аймгийн тэргүүний ажилтан, Аймгийн жуух бичиг зэрэг төрийн олон медалиар шагнаж алдаршуулсан юм.

Дархан-Уул аймагт 2016-2017 оны хичээлийн жилд ЕБ-ын 27 сургуульд 19544 сурагч, 43 цэцэрлэгт 7852 хүүхэд сурч хүмүүжин сургалт хүмүүжлийн ажлыг 1350 багш эрхлэж байна. Энэ хичээлийн жилээс бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр 2012 оноос эхэлсэн бага, суурь, ахлах боловсролын үндэсний цөм хөтөлбөр улс орон даяар бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн жил гэдгийг боловсролын салбарынхан онцолж байлаа.

Энэ хичээлийн жилд аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарт “Ухаалаг сургууль”, “Бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна нэн шаардлагтай газарт цэцэрлэгийг шинээр барих, Хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд тусгай боловсрол олгох бүлэг нээх, Сэргээн заслын үйлчилгээ үзүүлэх зэрэг боловсролын тэгш үйлчилгээг жигд үзүүлэх зорилт тавин аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Шинэ зууны боловсролын хурдасгуур, бүтээлч хөдөлмөрийн эзэд болсон нийт соён гэгээрүүлэгч багш нартаа хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.