Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

2016-10-11

Монгол Улс түүхэн хөгжлийнхээ өнө эртний үеэс засаг захиргааны уламжлалт хуваарьтай байжээ. 1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуу, 1923 онд 6 аймаг, 110 хошуунд хуваагдаж, хошууны нутаг дэвсгэр нь тухайн бүс нутгийн байгаль экологийн онцлог болон нүүдлийн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай уялдан зохицсон байсан байна. 1921-1990 он хүртэл Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн хуваарь дараах үе шатыг дамжсан гэж үздэг.

             -1923-1929 онд 10 гэр, баг, сум, хошуу, аймаг

            - 1927-1931 онд 10 /20/  гэр, сум, хошуу, аймаг

            -1932-1959 онд баг, сум, аймаг Улаанбаатар хот нь хороо, хорин

            -1960-1992 онд сум, түүнтэй адил зэрэглэл бүхий орон нутгийн хот, хороо, аймаг

-1992 оноос баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл 

 1922-1925 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Их шавийн захиргааны дүрэм”, “Ховдын харъяат газрын захиргааны дүрэм”, “Дарьгангийн нутгийн захиргааны дүрэм”, “Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм”-ийг баталсан байна. Эдгээр дүрмийг үндэслэн Монгол оронд ардчилсан засаг захиргааны байгууллага байгуулах ажил 1923,1924 онд амжилттай явагджээ. Үүний үр дүнд орон нутгийн засаг захиргааны хуваарьт үндэслэсэн арван гэр, баг, сум, хошуу, аймгаас Хурал ба тэдгээрийн гүйцэтгэх байгууллагын нэгдмэл систем тогтсон байна. Орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нь үйл ажиллагааныхаа ерөнхий зарчим, бүтэц, арга хэлбэрийн хувьд өөр хоорондоо ялгаатай байжээ. 1922 оны 3 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Нутгийн захиргааны дүрэм” нь арван гэрээс дээш баг, сум, хошуу, аймаг, Засгийн  газар хүртэл бүх шатны засаг, захиргааны байгууллагын бүтэц, чиг үүргийг  маш тодорхой заасан байна. 150 өрх бүрийг нэг сум, сумын доторх 50 өрх бүрийг нэг баг болгон тогтоожээ. Хэрэв үлдсэн өрх сум ба багийн тоонд үл хүрэх нь буй аваас 2 хувьд хүрэхийг нь нэг сум буюу баг болгон, үл хүрэхийг нь бусад сум багт хавсаргана гэжээ.

 “Нутгийн захиргааны дүрэм”-д боловсон хүчнийг оновчтой сонгох, томилолтыг зохицуулсан байхаас гадна төрийн албан тушаалтанд тавигдах ёс зүйн хэмжээ, чадвар чадавхийг зааж, хариуцлага тооцох механизмыг тогтоож өгсөн байна. Үүнд: албан тушаалтан, төлөөлөгчид эрх биш ард олны зовлон зүдүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвал бичиг үсэгт боловсронгуй өөр өөрийн оролдсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино гэжээ. Мөн “Ноёд, баяд ба ураг төрлийг нүүрчлэх ба эзэрхэг харгис сүрээс айх, эд, ашигт шунах зэргээр зусарч, бялдууч, ховдог, авлигач, хааш, яайш хүнийг сонгох зэрэг гэм өдүүлбэл сонгосон, сонгогдсон хоёр этгээдийг цөм улсын цаазыг зоримгоор зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан уул тушаалын орыг өөр хүнээр сонгуулна”  хэмээжээ.

 БНМАУ-ын анхны /1924 оны/ Үндсэн хуульд засаг захиргааны байгууллагуудын дэд систем болох орон нутгийн Хурал, тэдгээрийн гүйцэтгэх байгууллагуудын ялгааг зааж “Орон нутгийн Хурал нь аливаа аж ахуй ба албаны хэсгүүдийг гүйцэтгэн явуулахаар өөрсдийн дундаас аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн аливаа хэрэг явдлыг гүйцэтгэх захиргааны газрыг сонгон байгуулвал зохино”... хэмээн тодорхойлсон байна.

           Засаг захиргааны нэгж байгуулагдсан түүхээс

                                                            1921 онд

1.Түшээт хан аймаг

2.Цэцэн хан аймаг

3.Засагт хан аймаг

4.Сайн ноён хан аймаг

5.Жавзандамба хутагтын шавь зэргээс бүрдэж байсан байна.

1923 онд

1.Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг

2.Цэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг

3.Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг

4.Сайн ноён хан аймгийг Цэцэрлэг мандлын аймаг гэж тус тус нэрлэх болсны дээр  1925 онд Дүрвэд 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймаг байгуулжээ.1925 онд Их Шавийн анхдугаар их хурал болж шинэ аймаг байгуулж Дэлгэр их уулын аймаг гэж нэрлэжээ. Мөн биеэ даасан Хасгийн тав, Алтай урианхай, торгууд, захчин хошууд, Улаанбаатар хотоос засаг захиргааны нэгж зэргээс бүрдэж байсан байна.

            1931 оны 1 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар хурлаас Улсын Бага хурлын тэргүүлэгчдэд “Орон нутгийн засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай хууль”, Сонгуулийн тухай зааврын төслийг оруулан батлуулж, шинээр 13 аймаг байгуулах, хуучин байсан 525 сумыг 324 сум болгон цомхотгосон шийдвэр гаргасан байна. Улаанбаатар, Алтанбулагийг хот гэж нэрлэн, хотын захиргааг шинэчлэн байгуулсан байна.

           Хуучин 5 аймгийн суурин дээр дараах аймгууд байгуулагджээ. Үүнд:

1. Архангай

2.Алтай

3.Дорнод

4.Дорноговь

5.Дөрвөд

6.Завхан

7.Өвөрхангай

8.Өмнөговь

9.Тариалан

10.Төв

11.Хөвсгөл

12.Хэнтий

13.Ховд

            Дараа нь 1932 оны 12 дугаар сарын 30-ны Сайд нарын Зөвлөлийн 21 дүгээр хурлаар Тариалангийн аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс аймаг гэж нэрлэхээр тогтжээ. 13 аймгаас тасарч Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дундговь, Сүхбаатар аймгууд шинээр байгуулагдсанаар 18 аймагтай болсон байна.

 Социализмын үеийн төрийн засаг, захиргааны байгууллагын хоорондын харьцааг тус улсын 1960 оны Үндсэн хуульд нарийвчлан тодорхойлсон билээ. Үүнд: “Аймаг, сум, баг, Улаанбаатар хот хороо, хоринд төрийн эрх барих дээд байгууллагууд нь хөдөлмөрчдийн депутатуудын Хурал мөн. Аймаг, хот, сум, хорооны Хурлуудыг тус тусын доод Хурлуудаас сонгогдсон төлөөлөгчдөөр байгуулна. Улаанбаатар хотод 200 хүн ам тутмаас нэг төлөөлөгч, аймгуудад 400  хүн ам тутмаас нэг төлөөлөгчийг тус тус сонгоно. Баг ба хорьдын Хурлууд нь баг, хорины бүх сонгуулийн эрх бүхий хүмүүсээс байгуулагдана. Аймгууд ба Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын тогтмол их Хурлууд нь 3 жилд нэг удаа хуралдана. Сум, хороо, баг, хорины хөдөлмөрчдийн тайлан, илтгэлийн ба сонгуулийн тогтмол Хурлууд нь жилд нэг удаа хуралдана” гэж хуульчилж байжээ.

 Тогтмол бус Хурлуудыг аймаг, хот, сум, хороо, баг, хорьдын бүх сонгуулийн эрхтэй хүмүүсийн хагас хувиас доош бус буюу мөн хурлаар сонгогдсон  засаг захиргааны байгууллагын гуравны хоёр хувиас доошгүй нь шаардах буюу мөн түүнчлэн БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даалгавраар зарлан хуралдуулна гэж заасан байна.

 Аймгууд ба Улаанбаатар хотын Хурлуудын завсар цагт аймгууд ба Улаанбаатарт засаг захиргааны эрх барих дээд байгууллага нь аймгууд ба Улаанбаатар хотын хөдөлмөрчин ардын их Хурлуудаас 3 жилийн хугацаагаар 1000 хүн тутмаас нэг гишүүнээр сонгогдсон бага Хурлууд болно. Аймгууд ба Улаанбаатар хотын бага Хурлууд нь жилд 2 удаа хуралдана. Өдөр тутмын ажлыг явуулахын тулд аймгууд ба Улаанбаатар хотын бага хурлууд нь өөрийн гишүүдийн дотроос 7-13 хүртэл хүмүүсээр тэргүүлэгчдийг сонгох, Үүнд: дарга, орлогч дарга ба гишүүдээр тус тус бүрэлдүүлэн сонгоно. Захиргаадын дарга нар нь бүхий л ажил хэргүүдийг удирдах хийгээд захиргаадын Хурлуудыг зарлан хуралдуулах ба мөнхүү хурлуудыг удирдан даргална.

 Аймгууд ба Улаанбаатар хотын бага Хурлууд хийгээд тэдгээрийн тэргүүлэгчид аймаг, хотын захиргаад сум, хороодын захиргаад нь:

1. Өөрийн нутаг дэвсгэрийн соёл, боловсрол, улс төр, аж ахуйн байгууллагыг удирдах, орон нутгийн төсөв батлах;

2.  өөрийн харъяа засаг захиргааны байгууллагуудын ажил хэргийг удирдах;

3.  улсын ёс журмыг хамгаалж, хуулийг сахиулах, ард иргэдийн эрхийг хамгаалах явдлыг хангах; 

4.  Засаг захиргааны эрх барих доод байгууллагуудын тогтоол, тушаал нь хэрэв БНМАУ-ын иргэдийн нийтээр дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад харштай байвал хүчингүй болгох эрхтэй байв.

 Аймгууд ба Улаанбаатар хотын бага Хурлын Тэргүүлэгчид хийгээд сум, хороо, баг, хорьдын захиргаад нь өөрийн сонгогдсон Хурал ба мөнхүү засаг захиргааны дээд байгууллагын өмнө шууд тайлангаа гаргаж хариуцна гэж хуульчлан тогтоосон байна.

 “Аймаг, сум байгуулах тухай” Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар  сарын  06-ны өдрийн 32 тоот тогтоолоор Дархан хотын хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийг байгуулж, төвийг нь Дархан, Эрдэнэт хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Орхон аймгийг байгуулж, төвийг нь Эрдэнэт, Чойр хотын  хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт Говь-сүмбэр аймгийг байгуулж, төвийг нь Чойр гэж нэрлэхээр тус тус шийдвэрлэж 21 аймагтай болсон байна.

                        Одоо Монгол Улсад 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 152 хороо, 1575 баг гэсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй байна. Нийт сумдын 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл, 8.5 хувь нь дундаж буюу 5001-7000, 9.7 хувь нь 7001-ээс дээш хүн амтай байгаа юм. Хөдөө орон нутагт 1588.9 мянган хүн амьдарч байгаагийн 483.0 мянга нь аймгийн төвд, 438.7 мянга нь сумын төвд, 667.1 мянга нь хөдөө амьдарч байна. 

             Баг нь Чингисийн үеийн арванаас эхлээд шинэ түүхийн үеийн хорин, дөчингөөс үүдэлтэй нэг нутаг ус, овог төрлийн хүмүүсийн өрх гэр, хот айлууд нэгдснээр байгалийн угшилтай, засаг, төрийн үйлчилгээгээр холбогдсноор нийгэмшсэн байгаль нийгмийн бүтээгдэхүүн бөгөөд “жам ёсны нэгж” юм гэж  хуульч, эрдэмтэн  Б.Чимид тодорхойлжээ.

            Хөдөөд 50-иас, хотод 100-гаас доошгүй өрхөөр бодож байгуулсан өөрийн нутаг дэвсгэр бүхий багийг байгуулж ажиллуулж байснаа 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн үүсэж тэдгээрийг татан буулган зарим үүргийг нь хөдөө аж ахуй, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйн бригадын даргад хавсаргасан нь төр–иргэний холбоог алдагдуулсан, засаг захиргааны ажлыг аж ахуйн ажилтай хутгалдуулсан нь алдаа болсон байна.

             1957 оны 07 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын 114 дүгээр зарлиг гарч Улаанбаатар хотыг 10 хороонд хуваасан байна. Үүнд: Чингэлтэйн хороо 10, Чойбалсангийн хороо 10, Найрамдлын хороо 15, Сүхбаатарын хороо 10, Хоршооллын хороо 10, Уурхайчдын хороо 8, Төмөр замын хороо 6, Ажилчины хороо 11, Толгойтын хороо 8, Амгаланбаатар хотын хороо 12 хоринтойгоор байгуулагдсан байна. Дараа нь дээрх хороод цомхотгогдож, 1965 онд Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрийн районууд байгуулагдсан. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж Улаанбаатар хотын засаг захиргааны нэгжүүд нь дүүрэг, хороо гэж нэрлэгдэх болсон юм.

             Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлийн 3.4-д “Баг нь сумын, хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн” гэж тодорхойлсон байна.

 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байгаа хороод нь хөдөөгийн багийг бодвол шийдвэрлэх асуудал олонтой, зарим хороод нь хөдөөгийн сумаас хэд дахин олон хүн амтай байдгаараа онцлогтой. Нэг хороонд оршин суудаг хүн амын тоогоор Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүд тэргүүлж байна. Нийслэл хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 17817 хүн, харин  хамгийн бага хүн амтай Багануур дүүргийн 2 дугаар хороонд 197 өрхийн 596 хүн оршин суудаг.

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсад нийт 1575 баг, үүний дотор хөдөөгийн 1397 баг үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөөгийн нэг багт дунджаар 250 орчим өрх айл, хөдөлмөрийн насны 489 хүн, сургуулийн насны 274 хүүхэд,  сургуулийн өмнөх насны 143  хүүхэд ажиллаж, амьдарч байна. Хөдөөгийн багийн 70.0 орчим хувь нь эрчим хүчний ямар нэгэн эх үүсвэргүй, ихэнх хувь нь холбоотой боловч тогтмол ажилладаггүй, багийн Засаг дарга нарын 22.6 хувь нь ажиллах байргүй, 35.3 хувь нь иргэддээ хүрч үйлчлэх унаагүй байна.

Ихэнх баг нь Засаг дарга, эмчийн цалингаас өөр төсөвгүй тул бие даан үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байгаад анхаарч арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Баг нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн үйлчилгээ явуулах байргүй, албан хаагчдын ажиллах нөхцөл муу зэрэг хүчин зүйлээс шалтгаалан засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлын үр дүн өнөөгийн шаардлагад хүрэхгүй байна.

 Багийн бүтэц, зохион байгуулалт, ажлын албыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, орон нутгийн онцлог зэргийг харгалзахаас гадна, хөдөөнөөс суурин газарт чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хотжих үйл явц эрчимтэй явагдаж байгаатай уялдуулан ялгавартайгаар тогтоон ажиллуулах шаардлагатай байгаа нь амьдрал дээр харагдаж байна.

Багийг аймгийн төвийн болон өрх, хүн амын олонх төвлөрсөн томоохон сумдын “төвийн баг”, хөдөөгийн сумдын баг, түүнчлэн говь, хангайн гэж ангилан байгуулах, хүн амын доод хязгаарыг хуулиар ялгаатай тогтоож өгөх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Баг, хороог байгуулах, татан буулгах асуудлыг хуульд нарийн заах, баталсан цав, байршил бүхий нутаг дэвсгэр, төвтэй болгох нь чухал.

Томоохон багийн төвд буюу 2-3 багийн дунд сургууль, хүн, мал эмнэлгийн салбар, нийгмийн халамж, даатгалын байгууллагын болон бусад төрийн үйлчилгээний цэг, салбарыг ажиллуулж, багийн төв дээр Засаг дарга, эмч, байгаль хамгаалагч, цагдаа, хэсгийн төлөөлөгч зэргийг суурьшин амьдрах боломжийг бий болгох талаас анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

 Улаанбаатар хотын тухайд иргэдэд үйлчилгээг аль болохоор ойртуулж, хороон дээр асуудлыг шийдвэрлэдэг байхаар бүтцийн өөрчлөлт хийвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна.

 Засаг захиргааны анхан шатны нэгж хороо, багийн хөгжлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, хороо, багийн чадавхыг бэхжүүлэх, хороо, баг, иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлэн тэдгээрийн эрэлт, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ЗӨВЛӨХ О.ТУНГАЛАГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%