Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дорнод аймгийн 10 гайхамшиг

2017-04-12

1. Чингисийн хэрмэн зам

Монгол улсын нутагт "Чингисийн далан", "Чингисийн зам", "Чингисийн хэрэм" нэртэй нэлээд хэдэн дурсгал байдгийн нэг нь Хэнтий аймгийн Баян - Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруунтайгуур, хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар Цагаан овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм.

Энэ хэрмийн урт нь 500-600 км. Хэрмийн зөв талд буюу урд талд нь харуул хайчны цагдаа цэрэг суудаг байсан бололтой 40x50 м жижиг дөрвөлжин шороон хэрэм олон бий. Жишээ нь: Сайханы хүндийн Талын толгойн өртөөний байсан газраас хойхно буй "Дөрвөлжин буудал", "Улзын өндөр довын энгэрийн хэрэм", Могойн адгийн хэрэм, өгөөмөрийн хэрэм, Дэлгэрэхийн тал, Баян булгийн хэрэм болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг. Заримынх нь хоорондын зайг хэмжихэд 8-12 км байв.

Жижиг хэрмийн дотор хүн сууж байсны ул мөр, хог үлдэц юу ч илрээгүй. Харин заримаас ваар савны хагархай олддог. Ийм хэрэм Чингисийн Хэрмэн замын дагуу олон бий гэж нутгийнхан ярилцдаг. Тэр ч байтугай, хоногийн газрын хэрэм нь дөрвөлжин, үдийн газрын хэрэм нь гурвалжин гэлцдэг.

Ийм урт хэрэм, хэрмийн дагуу жижиг хэрэмтэй газар Монголын өмнөд хэсэгт бас бий. Тухайлбал Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Баяндалай, Ноён сумдын нутагт Чингисийн далан гэдэг ийм шороон урт хэрэм буй. Энэчилэнгээр энд тэнд байх Чингисийн хэрмэн замыг судлаачид эрт цагийн ямар нэгэн харь аймгийн хил мэт байсан боловуу хэмээн үздэг.

Үүнийг доктор Х.Пэрлээ "Монголын нууц товчоо"-ны 281-р зүйлд тэмдэглэсэн 1228-1241 онд Өгөөдэй хаан нутгийн гөрөөсийг ах дүүгийн нутагт явчих вий гэж харамлан урт хороо барьсан нь түүний дөрвөн буруут үйлийн нэг гэж үзэж байсан тэр "Хуруа, Йурха" мөн гэж бичсэн бол хятадын зарим судлаачид Зүрчидийн Алтай улсын үед, Японы судлаачид Ляо улсын үед он цагийн хувьд хамааруулсан зэрэг зүйл буй боловч даланг энэ хэр эртний судлалын үүднээс нарийвчлан судлаагүй байгаа билээ.

"Хэрмэн замд" холбогдох нэгэн домгийг сийрүүлбэл: "Энэ замыг Чингис хаан засуулсан гэх бөгөөд тэр үед хааны бэр эцэгтээ ил харагдах ёсгүй байжээ. Иймээс Чингис хаан бэрийн хамт алс холыг зорих болсонд ёсыг дагаж Чингисээс бэр нь далдуур явах учиртай байснаас олон мянган хүний хүчээр асар их шороон хэрэм бариулж түүний нэг талаар нь Чингис, нөгөө талаар нь бэр нь явсан" гэдэг.



2. Хэрлэн барс хотын туурь, цамхаг

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг.

Хэрлэн барс хот нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т хэрлэн голын эрэгт оршино.

Хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, баруун талын ханын урт нь 1900м, хойт ба зүүн ханын урт нь тус бүр 1700м, урд хана нь 1530м байжээ. Хэрмийн өндөр нь одоо 1,5-2м, зузаан нь 3-3,5м байна.

Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ.

Хэрлэн барс хотыг 1955 онд бага зэрэг малтаж шинжилсэн байна. Шинжилгээний ажлыг их хэрмийн дотор байгаа чулуун хэрэм бүхий дөрвөн барилгад зориулсан байв. Бас нэг суврагын орыг мөн малтаж шинжилжээ. Шинжилгээний дүнгээс үзэхэд энд чулуугаар барьсан дөрвөн сүм байсны гол их сүм нь чулуун хэрмийн хоймор байжээ. Дуганууд нь 4-6 баганатай өнгийн паалантай шатаасан хөх тоосго ба шавар баримал хээ угалзаар нарийн чимэглэгдсэн тансаг сайхан зүйл байжээ. Сүмүүдийн дотроос олон төрлийн хээ угалзаас гадна хүн мал болон луу, зээбад зэрэг юмны дүрс олон гарчээ. 

Дээр дуррдсан хот болон сүмийг 1731 онд Монголоор явсан хятад жуулчин Гүн-чжи-яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байна.


3. Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ.

Буйр нуурын тэгш талархаг газар байдаг тул эргийн шугам маш жигд булан тохой цөөтэй. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг.

Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар юм. Нуурын ус гүйхэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална.



Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг. Мөн 49 зүйл хөвөгч замаг, 57 зүйл хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйл тана хясаа бүртгэгдээд байна.

Буйр нуурын загасыг бүр XIX зууны үеэс ашиглаж ирсэн бөгөөд Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлэн нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ.

Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий. Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна.

Нүүдлийн шувуудын 115 зүйл өндөглөдөг, 59 зүйл дайрч өнгөрдөг, 7 зүйл өвөл ирж өвөлждөг, 9 зүйл тохиолдын байдлаар хаяа тааралддаг ба 9 зүйл шувууны оршин амьдарна. Буйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг ус намгийн шувууд ихтэй учраас Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээ.


4. Хайлангийн хадны буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддог. Тиймээс Дорнод Монголын хүрэл зэвсгийн түүхийг өгүүлэх, хүрэлийн үеийн томоохон соёлууд нэг дор оршсон соёлын цогцолбор дурсгалт газар хэмээн үзэх үндэслэлтэй.

Дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний хэлбэртэй, оюуны болон эдийн соёлын тухай олон мэдээллийг өгч чадах түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд юм. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээгээр 510 орчмыг малтан шинжилсэн байна.




5. Их бурхант цогцолбор

Дорнод аймаг, Халх гол сум Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлага удирдлагаар 1859- 1864 онд бүтээсэн дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ.

Энэ дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий.

Их бурханыг бутээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг.

Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы дүр эл шүтээнийг To ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35 градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн дотор цогцлуулжээ.

Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окпадников 1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа "Их бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл боловуу. Энэ нь X-XI зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.



6. Шонх таван толгойн хүн чулуун хөшөө

Шонх таван толгойн хүн чулуун хөшөө Дорнод аймаг, Халх гол сум Төв Азийн Эртний нүүдэлчдийн сүрлэг, дурсгал, оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө Дорнод монголын нутагт нэлээд бий.

Уг хүн чулуун хөшөөг XIII-XIV зууны язгуурлаг хүний оршуулгын зан үйлд зориулж үлдээсэн дурсгал хэмээн үздэг. Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд уг дурсгалыг тайлбарлахдаа тэр үеийн хүмүүс оршуулсан хүнийхээ мөнхийн харуул болгож, сүнс, хойд насыг эрхэмлэдэг заншлын дагуу энэ дурсгалыг бүтээжээ гэдэг санал дэвшүүлсэн байдаг, Дорнод Монголын хүн чулуун хөшөө нь Түрэгийн хүн чулуун хөшөөдийг бодвол бодит дүрслэл сайтай урлагдсан байхаас гадна хүнийг түшлэгтэй сандал дээр суулгасан байдлаар дүрсэлсэн байна.

Шонх таван толгойн хүн хөшөөнд хүнийг баруун гартаа аяга, сав барьж энгэртээ аван зүүн гараараа сандлын түшлэгийг тохойлдсон, өвдөг дээрээ тавьсан байдлаар дүрсэлсэн байна. Хөшөөнд дүрсэлсэн дээлийг ихэвчлэн зөв энгэртэй байдлаар дүрсэлсэн нэлээд хэлхгэр том гэсэн санаа оруулан дүрсэлсэн нь Түрэгийн хүн чулуун хөшөөнд дүрсэлсэн хувцаснаас ялгаатай.

Хүн чулуун хөшөөний өөр нэгэн онцлог бол маш уран нарийн аргаар жижиг дүрслэлүүдийг гаргасанд оршино.


Шонх таван толгойн хүн чулуу хэмээх энэхүү дурсгал өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Анх байсан газар нь Дорнод аймгийн Халх гол сумын төвөөс өмнө 7 км зайд орших Шонх таван толгой. Шонх таван толгойд хоёр хүн чулуу байсны нэгийг нь нийслэлд авчирчээ. Цагаан өнгийн гантиг чулуугаар уран чадварлаг цоолборлон урласан уг хөшөө нь бүрэн бүтэн үлдсэнээрээ бусад хүн чулуунаас онцлог юм. Түшлэгтэй исэр сандалд заларсан эр зүүн гартаа урт иштэй цомбон хундага барьж баруун гараа сандлын тохойвч дээр тавьж суусан байдаг. Шанаархаг эрүү, жирэвгэр хөмсөг, жартгардуу том нүдтэй. Бөмбөгөр оройтой, зузаан хүрээтэй, оройдоо жинс, ардаа залаа бүхий дүгрэг малгай өмсч, хоёр чихний араар багцалж боосон шибилгэр гэзэг унжуулжээ. Баруун ташаандаа мөлгөр булантай, зүүн ташаандаа дөрвөлжин хэлбэртэй хавтага зүүсэн нь онооны завсраар цухуйж харагдана. Сандлын хөл хоорондоо зөрөлдсөн ба уулзварт нь цэцэг хэлбэрийн тав гаргаж түшлэгийн арыг цэцгэн хээгээр чимжээ. Шонх таван толгойн хүн чулууг 1962, 1969, 1984 онд судлан шинжилжээ.



7. Хамар даваа дээрх Ялалтын хөшөө

Дорнод аймаг, Халх гол сум Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна.



М.П.Яковлевийн хөшөө Баянцагааны нуруун дахь ЗХҮ-ын баатар М.П.Яковлевын танкын хөшөө сүндэрлэж байна. М.П.Яковлев 1903 онд Сибирт төрсөн орос хүн. Түүхнээ Баянцагааны тулалдаан хэмээн алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7 болсон тулалдаанд түүний командласан танкийн 11-р бригад алдар гавьяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулсан юм. 1939 оны 7-р сарын 12-нд Халх голын гарамд тулж ирсэн их буу, меномет, пулеметоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж танкийн бригад явган цэргийг биечлэн удирдаж шинээр тулаанд орсон тэр мөчид М.П.Яковлев танкнаасаа гранат барьж гарч ирэн явган цэргийг удирдаж дайсны өөдөөс давшилтанд орж баатарлагаар амь үрэгджээ. Бригад командлан захирагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11-р бригадыг түүний нэрээр нэрлэжээ. М.П.Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газар БТ-7 танкаор сүрлэг хөшөө босгож хашаанаас 10 метрийн зайнд алдрын хос багана боссон нь Монгол Оросын найрамдал танкийн 11-р бригадын эрэлхэг 72 дайчдын мөнхийн дурсгал болгон хан тэнгэрт гялалзаж байна.


8. Халх, Нөмрөгийн сав газар

Төв Азийн нэгэн гайхамшиг Монголын Дорны их тал нутаг үргэлжилсээр Монгол улсын зүүн хязгаарт хүрнэ. Эндээс зүүн тийшлэх тутам ОХУ, БНХАУ-ын нутаг дахь алс Дорнодын хэсгийг хамран өмнө зүг чиглэлтэй үргэлжилэн сунаж тогтсон их хянганы нуруутай залгана.

Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар нь байгалийн үлэмж үзэсгэлэнтэй мөн соёл, түүхийн ховор нандин өвийг агуулсан нутаг юм.

Халх, Нөмрөгийн сав газар нь энэхүү хоёр голоос гадна олон жижиг гол горхи, голын татам, бургасан шугуй бүхий голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулын хөндий, нуга, намгархаг газар хийгээд, элсэн манхан бүхий дов толгод, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоцтой билээ.

Энэхүү газрын бүх гол, горхины ус нь Монголын Дорнод талын цэнхэр мэлхий болох Буйр нуурыг тэтгэдэг юм. Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог.

Халх гол буюу Халхын гол нь Евразийн зүүн хойд хэсгээр урсах гол бөгөөд Монгол улсын зүүн хэсэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн хойд хэсгээр урсана. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ.


233 км урттай. Усаа цуглуулах талбай нь 17,000 км². Их хянганы нурууны далайн түвшнээс дээш 1443 метр өндөрт өргөгдсөн газраас эх авч, Хөлөнбуйр хотын нутгаар урсаад Монгол улсад орж, Дорнод аймгийн Халх голын нутгаар урсч байгаад хоёр орны хилийн шугамыг тодорхойлон тахиралдан урссаар Буйр нуурт цутгана. Халх голд Хайлаастын гол цутгадаг.

Төгсгөл хэсэг нь хоёр салаалдаг бөгөөд нэг нь Буйр нуурын баруун хойд хэсэгт цутган, яг хойд талаас нь Орчун гол урсан гарч Далай нуурт цутгана. Харин нөгөө нь Шарилжийн гол гэгдэх бөгөөд Буйр нуурт цутгалгүй шууд Орчун голд нийлдэг байна.

Баянцагааны нуруунд байрладаг Ерэн баатарын хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж босгожээ. Энэхүү хөшөөг амь үрэгдсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын яруу алдарт дурсгалыг мөнхжүүлж БНМАУ-ын Засгийн газрын шйидвэрээр Халхын голын түүхэн ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм” гэж бичсэн байдаг.


9. Вангийн цагаан уул

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн наахна оршдог. Далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул. Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ.

Уулын тахилгыг 1937 онд хааж 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө 3 жил тутамд нэг тахидаг. Вангийн цагаан уулын тухай нутгийнхан ийнхүү домоглодог. Монгол улс Манжийн дарлалд байх хүнд хэцүү цаг үед Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ.

Их зант түшмэл Монгол нутгийн Цагаан уулыг өөрийн эзэмшил газраа хэмээн өмчлөхөөр улайрч гэнэ. Үүнд эгдүүцсэн Халхын мэргэн То ван ийн хэлжээ. “Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа, харин танай манай хоёр айл хөрш болон амьдрах болбол манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй байх шүү” гэжээ. Далд утгатай энэ үгийг тайлж эс чадсан манж түшмэл “хичнээн том үхрийн шир байлаа ч бүхэл бүтэн уулнаас юу хороож чадах билээ, ийм тэнэг хүн яаж яваад вангийн зэрэгт хүрсэн юм бол хөөрхий, манай ихэс дээдэс ийм тэнэг Монголчуудын юунаас нь тэгтлээ айн болгоомжилдог байна, өнөөх айхтар эр зориг цэцэн цэлмэг ухаан нь тэгээд энэ үү, би энэ уулыг гартаа оруулах нь тодорхой боллоо. Тэр цагт хаан эзэн миний хичээл зүтгэлийг үнэлэх буй за” гэж хэлээд, “за тохирлоо шүү, ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж танайхан ярьдгийг та юу эс андах билээ, энэ уулнаас ердөө нэг үхрийн ширний хэмжээтэй нь танай газар нутаг, илүү гарсан нь бүгд минийх болно шүү” гэв.

Ингээд гурав хоногийн дараа уулзаж Цагаан уулыг хувааж авахаар болжээ. Мэргэн То Ван том эр үхрийн ширийг тойруулан хурц хутгаар утас шиг нарийхан болгон зүсүүлж маш урт сур бэлдэж, хатаж агшихаас нь сэргийлэн усанд хийн хадгалжээ. Ингээд болзсон өдөр ирэхэд То ван манж түшмэлд хандаж, “За сайн харж байгаарай” гээд урт сураа хөврүүлсээр Цагаан уулыг битүү цагираглан хүрээлэхэд хоёр алд хэртэй үзүүр илүү гарчээ. Тэгээд То ван “манай уулнаас нилээд хэсгийг нь хулгайч авсан байна. Олон жилийн өмнө аав минь эзэн хаанд бэлэглэхээр зэхсэн алтаа энэ ууланд нуусан гэдэг. Гэтэл алт нуусан яг тэр хэсэг нь алга болсон байна, та тэр алтыг хулгайлж аваад дахин алт олох гэж шунахайрч байгаа юм байна. Энэ уулыг манай уул гэж зарга үүсгээд байсан учрыг чинь оллоо. Би таны тухай эзэн хаанд зарга мэдүүлэх болно” гэж их л ширүүхэн хэлж гэнэ.

Гавъяа шагнал битгий хэл ял шийтгэлд ч унаж магадгүй болсон манж түшмэл сандран, “үгүй дээ тэнгэр угсаат түшмэл минь, би юу дутсан гэж хулгай хийх билээ, тэр алтыг лав өөр муу хүн авсан байх, тэр хулгайчийг барих хэрэгтэй шүү” гээд То ванд мөнгөн ембүү хоёрыг бариад яарч сандран буцжээ.

Мэргэн То ван эр зориг гарган ухаан сийлж нутгийн уулаа харийн түшмэлд алдалгүй авч үлдэж чадсан учир тэр уулыг Мэргэн То вангийн цагаан уул гэж нэрлэх болжээ. Он цаг улирах хирээр Мэргэн То нь орхигдон Вангийн цагаан уул болон үлджээ.


10. Мэнэнгийн тал

Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм. Талын гадарга жигд, налуу нь 10 м/км-ээс хэтэрдэггүй. Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн 600 м өндөрт оршдог. 
Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал нь Нөмрөг, Халх голын сав газартай хил залгаа орших жижиг дов толгодуудтай хялгант хээр бүхий уудам газар юм.



Мэнэнгийн тал бол цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломж бүрджээ. Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн хялгант хээр түүний салшгүй хэсэг болох цагаан зээрийн их сүргийг хамгаалах нь дэлхий дахинд их ач холбогдолтой.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%