Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Зулзагийн голд намаржиж буй тус багийн малчин Г.Батсүх нь "Хөшөөтэй толгой” хэмээх газарт малаа хариулж яваад палеонтологийн олдвор олжээ. Тэрбээр энэ тухайгаа аймгийн Музейн захиргаанд мэдээлснээр тус музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг, Байгалын музейн санч Г.Энхбаяр, Улаанбаатар хотын Палентологийн Хүрээлэнгийн мэргэжилтэн С.Өлзийцэрэн, Д.Жаргалсайхан, Хонгор сумын хэсгийн төлөөлөгч С.Уламбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг олдвор олдсон газарт ажиллажээ. Уг Олдвор нь: 80 см урт, 35 см өргөн Хирс хэлбэртэн эртний мөхсөн хөхтөн амьтан-Rhinocerotoidae амьтны толгойн яс, тухайн толгойн яснаас салсан найман ширхэг шүд, долоон ширхэг ясны хэсэг болон өөр хирс хэлбэртэн амьтаны дагзны ясны хэсэг байсан байна. Олдворыг газар дээр нь бэхжүүлж судалгаа хийж сэргээн засварлуулахаар палеонтологийн хүрээлэн рүү хүргүүллээ гэж аймгийн Музейн ЭША Б.Уранцэцэг ярилаа.