Өвөрхангай аймгийн сумдын шинээр сонгогдож, томилогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга нарт аймгийн бодлого шийдвэрийг танилцуулах, аймаг орны цаг үеийн ажилтай холбоотой мэдээлэл, үүрэг чиглэл өгөх зорилготой нэгдсэн сургалт семинарыг 2016 оны 12-р сарын 2-ны өдөр зохион байгуулсан.
Энэхүү сургалт семинарын үеэр Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Төсвийн тухай, Газар, Байгаль орчин, Өмч, Шилэн данс, Мэдээлэл авах эрх, Нийтийн сонсголын тухай зэрэг хуулиудын хүрээнд сум, багийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тахай "Санамж бичиг"-ийг байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Санамж бичгийн үндсэн чиглэл
1. Сум, багийн өөрөө удирдах байгууллагын манлайлал, ур чадвар, хууль эрх, онол, арга зүйн сургалт семинарыг тодорхой сэдэв, агуулгын хүрээнд жил бүр зохион байгуулах.
2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн цаашдын хандлага, иргэд сонгуультны оролцоо, нутгийн удирдлагын бие даасан байдал, иргэний эрх, эрх чөлөө, ардчилалын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж санал, дүгнэлтээ төр, засагт уламжилж шийдвэрлүүлэх.
3. Тухайн орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн олон талт ажлыг иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн чадварлаг зохион байгуулах, хөгжлийн бодлогоо ул суурьтай, судалгаа тооцоотой боловсруулж батлах, хэрэгжүүлэх замаар иргэнд чиглэсэн бүх төрлийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай чанартай болгож иргэн хүний идэвх санаачлагатай, ажил хэрэгч оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах.
4. Нутгийн өөрөө удирдах байгууллага, сонгуультан ажилтны сайн арга барил, санал бодлыг хөхүүлэн дэмжих, тулгамдсан зарим чухал асуудлаар иргэд, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой санал санаачлага өрнүүлж ажиллах.
5. Олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж байгаа нутгийн удирдлагын байгууллагуудыг чадавхижуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрт хамтран оролцох.
6. Монголын нутгийн удирдлагын холбооноос эрхлэн гаргадаг "Нутгийн удирдлага" сэтгүүл, ном гарын авлагыг сонгуультан ажилтнуудад захиалан өгч ашиглуулах, санал бодлоо илэрхийлэх чиглэлээр хамтран ажиллаж МНУХ-гоо бүх талаар дэмжиж бэхжүүлэх.
Хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилт
1. Энэхүү санамж бичгийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санамж бичгийн заалт бүрт төлөвлөгөө гарган биелэлт үр дүнгээ жил бүрийн XII сарын 25-ны дотор дүгнэж ажиллана.
2. Санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд өөрчлөлт оруулах, шинэчлэх талаар талууд санал гаргаагүй тохилдолд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.