2017.01.24 - ны өдөр П.Мөнхжаргал Тэргүүнтэй Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" МСУХолбооны Тэргүүлэгчдийн хурал болж уг хурлаар энэ оны дээд 3 насны болон эрлийз дээд 3 насны аймгийн аварга хүлэг шалгаруулах хурдан морьдын уралдааныг 2017.03.04-нд Мөнххаан суманд зохион байгуулахаар боллоо.Мөн аймгийн алдарт уяач цолны болзол хангасан уяачдын амжилтын цуваа бусад материалтай танилцлаа.
Монголынг ард түмэн олон зууны турш хурдан морь таних, уяж сойх талаар судлан, ном зохиол бичиж үлдээж байсан байна. Энд дурдагдсан зарим нэг шинжээс сонирхуулья.
Хурдан морийг шинжэхдээ эхлээд гадаад төрхийг анхаарах бөгөөд энэ шинжийг арван хэсэгтхувааж үзнэ. Толгойн шинж Туурайн шинж Сүүлний шинж Дууны шинж Мөрний шинж Усны шинж Идэшний шинж Шүдний шинж Шөрмөсний шинж Бүх биеийн шинж Толгойн шинж Адууны толгойг хэлбэр дүрсээр хонин толгой, туулайн толгой, хүдрийн тогой, мэлхийн толгой, араатны толгой гэх мэт хэсэгт хуваана. Эдний дотроос туулай толгой, мэлхийн толгойтой морь нь хамгийн хурдан гэж үзнэ. Мөн хандгай мэт толгойтой морийг хурдан гэж үзнэ. Хурдан морины нүд, магнай, ам хамрын нүх,самсаа их, чих, түүшүү, омруу буюу доод уруул том, хэлний хэьтэш агуу, эрүүний хоорондын хонхор өргөн, гүнзгий, хоншоор урт болоод монхор,хөмсөг гурвалжин, толгой ерөнхийдөө томруухан агаад шөвгөр, хаингар, доод эрүү нь дээдхээсээ урт юм уу эсвэл чимхүүр мэт нийлж байна.
Жишээ нь Улсын наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Дамдингийн зээрд азарганы толгойг дурдаж болно. Туурайн шинж Туурайг лавхай аяган туурай, махан туурай, шувууны хумс, сарлаган туурай, хурдан хумс, гэх зэргээр ангилна. үүнээс хамгийн тэргүүн сарлаган туурай. Энэ нь уг нь бүдүүн богино, амсараараа хөмөргүү, ирмэг хурц, ялихгүй зууван, агаад өсгийн зүгт сэтэрхий, гахай гүн хатингар, ерөнхий хэлбэр нь далбигар биш цобон, том байна. Бас галуун сагагтай хурдан морь байдаг. Галуун сагаг хоёр янз. Давхихаараа босдог галуун сагагтай морины хурд буурдаггүй сайн. Жишээ нь: Улсын наадамд дөрөв түрүүлж, гурав айрагдсанг Төв аймгийн Баянжаргалан сумын Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы туурай ийм байжээ. Давхихаараа улам налдаг галуун сагагтай хөл их муу. Учир нь ийм адуу тун амархан майхайлдаг. Хойд хөлийн хүчтэйгээр авч шидсэн их биенийхээ хурдыг урд хөл нь тогтоож дийлэхгүй учраас маахайлна. Ялангуяа уруу газар татвал осолтой. Дундговь аймгийн уяач Шагдарын шарга үрээ галуун сагагтай байснаас уралдаж ирээд, уруу газар татахад маахайлж байсан байна. Богино сагагтай морь маахайлахгүй хөл сайтай байдаг.
Мөн туурайн ширхэг хөндлөн, тэвтэгшхэн байвал сайн. Сүүлний шинж Ясан сүүл нь урт, самбай нь өтгөн, үзүүр нь шингэн байх хэрэгтэй. Мөн сүүлний нэгүс олон салаалсан байх нь эрхэм. Урт бүдүүн юи уу, богино нарийн сүүл дунд зэрэг, Нарийн урт, сул сүүл муу. Улсын наадмд нэг түрүүлж, хоёр айрагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын Дамдингийн “Аранзал” гэдэг буурал морины ясан сүүл нь урагш нь татаж үзэхэд ташаан толгойгоо хүрдэг ба самбай нь маш өтгөн, үзүүр уруугаа шингэн байлаа. Дууны шинж Дууг шинжлэн үзвээс гахайн дуу мэт хамраар дуугардаг бол адаг. Араатны дуу мэт хүрхрэн дуугарвал дундзэрэг. Болжморын дуу мэт нарийн чанга эрчимтэй бол тэргүүн. Хуучин Сэцэн хан аймгийн Хардал жанжин бээс Пүрэвжав “Зандан” хүрэн гэдэг алдарт азаргаа Гадин засгийн хошуунаас бараг л дуугаар нь таньж, авсан гэдэг. Мөн Даваанэрэн начингийн хүрэн азарганы дуу олон суурь адуун дундаас танигддаг байжээ. Идэшний шинж Идэш нь их, баас бяцхан бол эрхэм. Идэш бага баас их бол адаг. Ер нь аливаа уяж сойдог морьд цөөн хоногт гэдсээ татаж чаддаг нь хэн бүхэнд мэдээж юм. Усны шинж Усыг таслалгүй ганц удаа уух муу. Эхэлж нэлээд уугаад бага зэрэг амраад дахиж уугаад мөн бага зэрэг амраад дахин уувал сайн. үүнээс олон тасалж уувал бүр сайн.
Мөрний шинж Туурайн ирмэгнээс өөртод мөр гарахгүй байвал сайн. Урд хоёр хөлнийн мөрийг хойд хоёр хөлийн мөр эс гүйцвээс муу. Гэлдэрч явахад хэт давбал дунд зэрэг. Яг онолдуулж юм уу эсвэл урд хоёр хөлийн мөрний гадна талд нь хойд хоёр хөлөө зэрэгцүүлж тавьж гишгэсэн байвал эрхэм сайн тэр болой. Жишээ нь: Төв аймгийн Бор-өндөр сумын дугарын улсын наадмд хоёр аман хүзүүдж, нэг айрагдсан хул морины туурай нь аяга шиг хүнхэр байснаас түүний мөр нь маш цэвэрхэн тах хэлбэртэй зураас гардаг байлаа. Мөн дээр дурдсан Дамдингийн буурал морины хойд хоёр хөлний мөр урд хоёр хөлнийхөө мөрний гадна талд гардаг байв. Шөрмөсний шинж Шөрмөс нь ончит нумын хөвч мэт чанга атлаа уян хатан байвал сайн. Гэхдээ, хамгийн гол нь сиймхий юм. Сиймхийгий нь барьж үзэхэд хоёр хурууны өндөг нийлэх шахаж байвал эрхэм сайн шөрмөстэй адуу тэр мөн. Ийм шөрмөстэй адууг хэчнээн жил ч уяж уралдсан хөл нь мууддаггүй. Хурд ихтэй адуу шөрмөс муутай бол урд хоёр хөл нь харайлтынхаа хүч, хурдыг тогтоож чадахгүй учраас хөлгүй болдог.
Хэнтий аймгийн Галшарын “Магнай”, “Бөгөн” зэрэг хурдан азарганууд сиймхий багатай байсан учраас сүүлдээ хөл муутай болцгоосон юм. Мөн ямар ч адууны сагаг нь огт сул юм шиг хөнгөн хөдөлгөөнтэй байвал сайн. Шүдний шинж Адууны шүдийг хол шүд, тэмээн шүд, хонин шүд, буудайн шүд, гахайн шүд, тахиан шүд зэргээр хуваан цааш нь хол шүдийг дотор нь матааст хол, бүүр хол, нууц хол хэмээн 13 ангилсан нэн сонин. Бүгдийг нь уншин ажиглаж үзвэл,пэмбэгэр буйлтай давчхан хомбогор шүд онцгүй, хатингар буйлтай хонхорт нь арвай эргэм зайтай зууван гүнзгий цөгцтэй, хоорондоо зайтай, гадагшаа сарвагархан богино шүд сайн байдаг. Бас соёо нь буурын соёо мэт том байх бөгөөд гадагшаа байх нь сайн. Ардын хувьсгалын 47 жилийн ойгоор айргийн тавд давхисан Төв аймгийн Сэргэлэн сумын Падын Цэдэвийн “үүлэн” гэдэг бор морины шүдэнд энэ шинж бараг бүрдсэн юм. Харин бага насны адууны шүд том бол алсдаа сайнгүй.
Бүх биеийн шинж Толгойн хандгайн толгой мэт, дөрвөн шилбэ нь бугынэ чац мэт, аргалан бэрэвхийтэй, тайган борвитой, угалзан биетэй, өвөөлжин овоотой, хүхээ буюу цагаан мөгөөрс ньтом, аман хүзүү бүдүүн, хүхий маш товгор (Хэнтий аймгийн Галшар сумын Д.Цэгмидийн улсын наадамд нэг түрүүлсэн саарал азарга, Төв аймгийн Баян бараат сумын Даймын улсад гурав айрагдсан, мөн аймгийн Сэргэлэн сумын Доржийн улсын наадмад шүдлэн, хязааландаа түрүүлсэн, нас гүйцсэн хойноо нэг айрагдсан шар хээр алаг морь зэрэг хурдан ажнайн бүдэрхий маш товгор байлаа) мөр дал нь ташуу урт, бөгтрөг их, хавирга нь өргөн, урт, матаас ихтэй хоорондоо зайгүй, гэдэс нь их буюу сүврэгдэс доор, богино хавирга ташаан толгойн хоёрын хооронд зайн тун бага, урт налуу хондлойтой, агуу том салтаатай, умдаг багатай морь хурдан байна.
Мөн дээд гурван оноо тэгш, хаа гуяа хөх мах, булчин их товгор, шилбэ хаингар хавтгай, бүх биеийн арьс сул, нимгэн цавь их, суганы арьс олон нугаларсан, дөрвөн хөл нь бадриун гадагшаа тэлгэр маягтай, үүнтэй холбогдож давхихад дөрвөн хөлний нь хаялга гадагш самарсан янзтай, үенүүд нь бөөрөнхий том, толгой дээр биш, омруунаас урд хөлний туурай хүртэлхи зай, урд хөлний сагагнаас хойд хөлний туурай хүртэлхи зай, бүдэрхийнээс мундаа хүртэлхи зай их, сүврэгдэс ньгуя ташаанаас наана шахуу байвал их сайн. Төв аймгийн Борнуур сумын Сэдэдийн Жамбалын соёолон насандаа улсын наадамд түрүүлсэн улаан бор моринд энэхүү бүх биеийншинж бараг бүрэлдсэн ажээ. Дээр толгойтой, өндөр цээжтэй, бөгс муухантай адуу өөд газар уул харж давхихдаа муу, толгой, цээж доортой, бөс цээж сайтай адуу хөнтөргүү газар муу. Цээж бөгс тэнцүү нь сайн. Шув шулуухан нуруу муу. Ялангуяа бага насны адуу бөгтрөг муутай байвал хойд хөлний түлхэлтийн хүчийг урагш нь муу дамжуулна. Даага, шүдлэн насандаа хурдлах адууны нүд нь хулганы нүд мэт бүлтгэр байна. Жишээ нь: Төв аймгийн Баян сумын Дулаан-Дамдинзавын “Бүлтэн хул” гэдэг бүлтгэр нүдтэй азарга бага насандаа маш хурдан байжээ.