Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

2017-01-27

Дархан-Уул аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдлаа. Хурал Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд болсон юм.

ЦАСНЫ ХЭМЖИЛТЭЭР“ЦАГААН ЗУДТАЙ”ГЭЖ ҮНЭЛЭГДЖЭЭ

Онцгой комиссын хурлын эхэнд Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаг агаарын мэдээ, цасны зузааныг танилцуулсан юм. Хонгор, Орхон, Шарын гол, Дархан сумаас 10 цэгт хээрийн судалгаа хийхэд, хэмжилт хийсэн ихэнх цэгүүдийн цасны дундаж зузаан 26-30 см, хамгийн их нь 40-50 см, зарим гуу, жалга хунгарласан газартаа 50-60 см байгаа аж.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд хэмжилт хийсэн ихэнх цэгүүдэд “ЦАГААН ЗУДТАЙ” гэж гарсан байна. Цаашид цас орж, цасны зузаан нэмэгдэхэд ихэнх сумдын нутгаар өвөлжилтийн байдал улам хүндрэхээр байгаа тухай албаны дарга танилцууллаа.

Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нийт нутгаар, 28-ны өдөртөө зарим газраар цас орж, цасаншуурга шуурч, хүйтний эрч чангарахыг мөн үеэр онцгойлон анхааруулав. Иймд:

-Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангахыг зөвлөлөө.

АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН 49 ТН ӨВСИЙГ МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОНО

Мөн өдрийн хурлаар аймгийн ХХААГ-аас 2016-2017 оны аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэл сонссон юм. Аймгийн хэмжээнд 2,5 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 324,2 мянган толгой мал хонин толгойд шилжүүлснээр 661,6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм байна. Аймгийн хэмжээнд энэ онд 155,4 мянган толгой хээлтэгч мал төллөнө. Нийт 62 малчин өрхийн 3298 толгой бод мал, 12814 толгой бог мал отроор өвөлжиж хаваржих судалгаа гарсан бол, өөр аймаг суманд нийт 16112 толгой мал оторлож байгаа аж.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 2015 онд 5000 боодол буюу 100 тонн өвсийг бэлтгэж хадгалсан ба Аймгийн өвөлжилтийн комиссын хуралдааны шийдвэрээр Сумдад 4600 буюу 92 тонн өвс хуваарилсан байна. Аймгийн аюулгүй нөөцөд 2450 боодол буюу 49 тн өвс зарцуулагдаагүй байна.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6 сая төгрөгөөр 21.4 тонн малын тэжээл нөөцөлснөөс өнгөрөгч 11 дүгээр сард сумдын өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэр 7 тн хивгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тараан олгосон. Одоогоор 14,4 тонн хивэгний нөөцтэй гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн нөөцөд байгаа 49 тонн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр тараах ажлын бэлтгэлийг сайтар хангаж 2 дугаар сарын 10-ны дотор малчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргаас сумдын дарга нар, мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ БУУРЧЭЭ

Аймгийн онцгой комиссын хурлаар томуу, томуу төст өвчний байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд томуугийн дэгдэлт өнгөрөгч сараас буурсан гэж аймгийн Эрүүл мэндийн газраас танилцуулсан юм. Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 30 нэгжүүдэд 3 дугаар долоо хоногт нийт205,270 хүн үйлчлүүлсний 20.989 (10.2%) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, 10,000 хүн амд 70.2 тохиолдол бүртгэгдсэн байна.

ТТӨ-өөр өвчлөгсдийн 88.4%-ийг 15 хүртэл насны хүүхэд, үүнээс 63%-ийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 14.7%-ийг ТТӨ эзэлж байгаа ба хүүхдийн дуудлага 28.1% байна.Аймгийн амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 4.7%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.3%-иар буурч, сүүлийн 3 жилийн дунджаас 3%-иар тус бүр их байгаа аж.

Амбулаторийн үзлэгийн тоонд үндэслэн хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй, хичээл сургалт явуулахад хэвийн гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ. БСШУСЯ-наас орон нутагт сурагчдын амралтыг сунгах талаар шийдвэр ирээгүй бөгөөд хичээл сургалтыг төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулна гэв. Харин бага насны хүүхдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг ААНБ-уудад анхаарууллаа.

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ МАСС ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАВ

2014 оноос хойш цэцэг өвчин гарсан 11 аймгийн 82 сумтай харьцуулбал нэг голомтыг 1 өрхийн түвшинд таслан зогсоосон анхны тохиолдол, бусад аймагт жишиг болж байгаа гэдгийг аймгийн онцгой комиссын хурлын үеэр онцолж байлаа. Цэцэг өвчний голомтыг амжилттай таслан зогсооход шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд шуурхай шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагууд, сумын ЗДТГ-ын хоорондох хамтын ажиллагаа сайн, мал эмнэлгийн алба нь улсын хөрөнгө оруулалтаар олгосон халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцасыг хуваарилан олгоогүй хадгалж байсан тул бэлтгэлтэй байсан. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтыг зохион байгуулж малчдыг цэцэг өвчний шинж тэмдэгийг харуулсан өнгөт зурагт хуудас, мэдээлэлээр хангаж, сурталчилсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж уг өвчний эсрэг хариу арга хэмжээг сайн авсан гэсэн дүгнэлт гарчээ.

Цаашид 52,0 мянган тун вакциныг ойрын хугацаанд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн зохион байгуулалтаар ханган, хамтын хүчээр богино хугацаанд хийх, голомт бүхий аймаг,сумдаас үржлийн болон бусад зорилгоор амьд мал худалдан авах, шилжүүлэн ирэхийг хориглох, устгалд хамрагдсан 360 толгой малын нөхөн төлбөрийн тооцоог гарган ХХААЯ-нд хүргүүлэн санхүүжилтийг шийдвэрлүүлэх, голомтод ажилласан хүмүүсийн томилолтыг тооцож ОБЕГ-т уламжлах, илүү цагаар ажилласан хугацааг байгууллагын удирдлагууд нөхөж амраах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан танилцууллаа.

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙНА

Онцгой комиссын хурлаар аймгийн Эрчим хүч, ус хангамжийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлын мэдээг сонслоо. Дулааны цахилгаан станц нь 4 зуух 5-н турбогенераторын ажлын горимтой ажиллаж байна. Цахилгааны ачаалал нь 44 мвт, нүүрсний нөөц 27000 тн байна. Дархан хотын цахилгаан хэрэглээ өнөөдрийн байдлаар цагт 15-17мвт, дулааны шугамын халаалтын температур нь 114-125 градусын горимтой цагт 2700 тн усны зарцуулалттай байгаа гэлээ. Мөн шинээр ашиглалтад орсон Нарны цахилгаан станц нь 8,2 мвт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өнөөдрийн байдлаар 820.000 квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд байгаа аж.

МЭДЭЭЛЛИЙГ Х.СОЁЛ-ЭРДЭНЭ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%