Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын Засаг даргатай хийсэн ярилцлагыг толилуулж байна

2017-02-06

Өнөөгийн Баянхонгор сонины сурвалжлагч Б.Тэгшбуянт Өлзийт сумын Засаг дарга н.Цэдэнсодномтой уулзаж өвөлжилт, цаг үеийн асуудлаар ярилцав.
-Манай аймгийн хувьд ерөнхийдөө өвөлжилтийн байдал бусад аймаг, сумуудыг бодвол таатай сайхан байна. Саяхан орсон цасыг эс тооцвол шүү дээ. Танай сумын хувьд байдал ямар байна вэ?
Сумын нийт нутгаар хэд, хэдэн удаа цас орж цасан бүрхүүл тогтсон ч одоогоор өвөлжилтөнд хүндрэл учруулах, зудын хэмжээнд хүрээгүй. Цас нэмж орвол 3,4,5 дугаар баг бүхэлдээ, 2 дугаар багийн дээд хэсгээр хүндрэх эрсдэлтэй байна. Зун бороо, хур орсон ч газрын гарц манай сумын хэмжээнд нэг их таатай сайхан байсангүй, бэлчээрийн ургамлын ургалт, нэр төрөл, муудсан, нэг үгээр хэлбэл бэлчээр их талхлагдаж, малын идэш тэжээл болох нарийн өвс ногооны тоо цөөрч байгаа нь ажиглагдаж байна. Сумын хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 85.6 хувьтай хангасан. Манай сум нийтдээ 251001 малтай. Малчид маань өөрсдийнхөө боломж бололцооны хэмжээнд малынхаа өвс тэжээлийг бэлтгэн нөөцөлсөн. Гэвч цаг агаар хүндэрч, цас их орж зудын байдалд шилжвэл бэлтгэсэн өвс, тэжээл хүрэлцэхгүй гэдгийг сум, орон нутгийн төр захиргааны байгууллага, малчид ч гэсэн сайн мэдэж байгаа. Цаг агаар хүндэрсэн үед төр, засгаас байгалийн бэрхшээлийг даван туулахад шаардагдах малын өвс, тэжээлийг хангалттай хэмжээнд өгч чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд малчид цаг агаар харьцангуй сайхан өнтэй байгаа үед отор нүүдэл хийх, бэлчээрээ зөв хуваарилж ашиглах, малынхаа тарга, тэвээргийг алдахгүй хамгаалахад анхаарах, хуурай бууц нөөцлөх, өөрсдөө санаачлан гар тэжээл, хужир, өвс тэжээл бэлтгэн нөөцөлж, байгалийн болзошгүй аюул, зудын гамшгийг эрсдэлгүй давах бэлтгэлээ базаах шаардлагатай. Мөн дулаан хувцас, гутал, аргал түлш, хоол хүнс, эм тан гээд малчин өрхөд юу хэрэгтэй байдаг вэ? Тэр бүхнийгээ бэлтгэж, байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг сөрж даваж гарах сэтгэл зүйтэй байх нь юу юунаас чухал юм.
-Танай сумын хувьд өвлийн улиралд малын ундны ус хэр хүрэлцээтэй байдаг вэ?
Манай сум говийн сумуудтай харьцуулахад малын ундны ус зун, намрын улиралд хүрэлцээтэй байдаг. Зун намрын удиралд Түй, Шаргалжуут, Бийр, Нарийн гол малчдын зуслан, намаржааны нутгаар урсаж байдаг нь малын ундны усны хэрэгцээг хангаж байна. Харин өвөл, хаврын удиралд манай сумын малчдын өвөлжөөний гол нутгууд болох сумын зүүн урд, урд, баруун хилийн зааг хэсэгт орших Бурхантын 1-р баг, Байн-Амны 2-р баг, Худаг-Уртын 4-р багийн нутгаар малын ундны усны хүрэлцээ хангалтгүй. Бэлчээрийн худаг, ус хүрэлцээгүй. Намаржаа, өвөлжөөний голлох нутгаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, малчид хамтран гүний худаг гарган ашиглаж байна. Гэвч малчдынхаа, мал сүргийнхээ ундны усны хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй байгаа юм. Жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө санхүүгийн бололцоогоороо гүн өрмийн худаг гаргаж уст цэг байгуулж байгаа ч мал сүргийн тоо жилээс жилд өсч, усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. 2017 онд сумынхаа мал сүргийн өвөлжих, хаваржих, намаржих бэлчээрийн гол нутгуудад гүний худаг гаргах асуудлыг шийдвэрлэхээр дээд шатны төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагуудад хандан, хамтарч ажиллахаар санал, хүсэлт гарган ажиллаж байна.
-Малчдын хувьд нэг чухал зүйл бол бэлчээрийн тухай асуудал байдаг. Танай сумын хувьд бэлчээрийн даац, нөөц бэлчээрийг хэрхэн тооцож байна вэ?
Мал сүргийн бэлчээрийн хомсдол, бэлчээрийн ургамлын төрөл, зүйл устаж дахин ургахгүй болж байгаа, мөн дэлхийн дулаарал, байгал цаг уурын эрс өөрчлөлтийн нөлөөгөөр цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нь ганцхан манай сумын хувьд тохиолдож буй хүндрэл бэрхшээл биш ихэнх аймаг, сумын төдийгүй манай улсын хөдөө аж ахуй, байгаль экологид учирч байгаа гамшиг гэж хэлж болно.
Бэлчээрийн даац хэтэрч, бэлчээр талхлагдан ургамлын гарц муудаж байгаагийн нэг шалтгаан нь малчид малаа хэт их өсгөн, малын тоо толгой ихэссэнтэй холбоотой. Энэ асуудлыг шийдэх гол гарц малын чанарыг сайжруулах, өндөр ашиг шимтэй, шилмэл үүлдрийн мал үржүүлэх, өөрөөр хэлбэл тооноос чанарт шилжих гэж харж энэ дөрвөн жилд малын чанарыг сайжруулах ажлыг малчидтайгаа хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллана гэсэн зорилго, зорилт тавин ажиллаж байна. Бэлчээр ашиглалтыг сайжруулах, ургамлын төрөл, зүйлийг хамгаалахад ойрын үед төсөв, хөрөнгө зарцуулахгүйгээр шийдвэрлэж болох ажил бол нөөц бэлчээрийг малчид, иргэдийн оролцоотойгоор хамгаалах, отрын бүс нутгийг тогтоох шаардлага тулгараад байна.
 -Та ажлаа аваад удаагүй байгаа. Гэхдээ энэ 4 жилд Өлзийт суманд хийгдсэн томоохон гэж хэлж болохоор ажил, бүтээн байгуулалт юу байна вэ?
-Энэ дөрвөн жилд улсын хэмжээнд төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан ч гэсэн сум, орон нутгийн бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа гэж дүгнэн харж байна. Тэр хэмжээгээрээ энэ дөрвөн жил манай сумын хувьд ард олныхоо амьдралын боломж бололцоог дээшлүүлэх, тав тухтай орчинг бүрдүүлэх тал дээр чамгүй их зүйлийг хийж бүтээсэн гэж үздэг.
-Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор улсаас аймагт, аймгаас орон нутагт төсөвлөдөг хөрөнгө мөнгө танагдсан. Танай сумын хувьд хэдий хэмжээний хүрэлцээтэй болсон бэ?
-Дан ганц Монголд ч гэлтгүй Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор энэ жилийн хувьд урьд жилүүдтэй харьцуулахад Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө нилээд танагдсан байдалтай байгаа. Сум болгонд тулгамдаж буй асуудал маш олон байна. Тэр болгон тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хөрөнгө мөнгөний хүрэлцээ тааруу байгаа хэдий ч орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэгдэж ажилласны үр дүнд орон нутгийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэж ирсэн.
-Улсын хөгжил Сумаас гэж ярьдаг шүү дээ. Та ирэх дөрвөн жилд сум, орон нутгаа хөгжүүлэх ямар бодлого баримталж ажиллах вэ?
-Ирэх дөрвөн жилд барьж байгаа бодлого бол ажилтай, орлоготой Өлзийтийн иргэдийг бий болгоё гэдэг ерөнхий зорилт тавьж ажиллах болно. Нэг ёсондоо ард иргэдийнхээ ажил амьдрал, амьдрах орчин нөхцөлд бодитой хувь нэмэр оруулж ажиллана. Ард иргэд юуг хүсэн хүлээж байна, ямар боломж бололцоо байна гэдэгтээ тулгуурлаад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, бусад эх үүсвэрүүдийг хайж, жижиг дунд үйлдвэрлэлүүдийг түлхүү хөгжүүлэх, ингэхдээ сум, орон нутагтаа хамгийн оновчтой, үр өгөөжтэй үйлдвэрлэлийг байгуулж ашиг шимийг хүртэх, иргэдийг аль болох ажлын байраар хангах зэрэгт тулгуурлан судалсны үндсэн дээр бодит ажил хэрэг болгож ажиллах болно.
                                        Б.Тэгшбуянт

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%