Энэ сарын 16-ны өдөр “Зам тээврийн осолгүй сургууль” нийгэмд тустай бичил төслийн нээлтийн үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа.
Төслийн нээлтэд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын Хүний нөөц түншлэлийн менежер Л.Энхтүвшин, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат, 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн, төслийн багийн гишүүд А.Нургул, Ж.Мөнхцэцэг, С.Өсөхбаяр, Т.Энхтунгалаг, М.Эрдэнэчимэг албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү төсөл нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр тус улсад суралцаад ирсэн төгсөгчид санаачлан бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ” нийгэмд тустай бичил төсөл хэрэгжүүлж эхэлж байна.
Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог, Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь энэ оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс тавдугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдах юм байна.