УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нар “Улсын аварга малчин” цолоор шагнагдсан тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг “Сэртэнгийн өвөр”-т өвөлжиж байгаа малчин М.Уайханыд зочилж аваргын өргөмжлөл шагнал, улаан халзтай өргөө цагаан гэрийг гардуулж баяр хүргэлээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: “Улирч байгаа бичин жилд хийсэн хөдөлмөр гаргасан амжилтаараа улсын аварга хэмээх энэ нэр хүндтэй цол хүртсэн М.Уайхан гуай танд энэ шагналыг аймгийн удирдлагуудтай хамт гардуулж байгаадаа баяртай байна. Эргэх дөрвөн цагийн туршид уламжлалт мал сүргээ тогтвортой өсгөж ирсэн малчин түмний маань хүч хөдөлмөр амаргүй ч бахархалтай байдаг. Малчин та бүхний хөдөлмөр зүтгэлийг Монголын төр, засаг цаг ямагт өндөр үнэлж ирсний баталгаа энэхүү улсын аварга хэмээх цол шагнал юм.
Ингээд ирж байгаа алтан унжлагат хэмээх тахиа жилдээ улам их амжилт олохыг хүсэн ерөөж шагналыг гардуулъя” гэв. М.Уайхан нь ХАА-н салбарт 40 гаруй жил тасралтгүй ажилласнаас 35 жил мал маллаж ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан мал маллах өөрийн өвөрмөц арга барилыг эзэмшсэн зах зээлийн нөхцөлд өрхийн аж ахуйгаа эрхлэн хөтлөх аргад төгс суралцсан аварга малчин сайн бизнесмен аж.
Тэрбээр хоёр ээлжийн өвөлжөө хашаа тохижуулж малаа эх мал, сувай мал, бод мал гэж ялган суурилж өвөлжүүлж хээлтэгч, хээлтүүлэгч малыг сонгон авч эрлийз, цэвэр эрлийз Баяд, Үзэмчин, Керей үүлдрийн хонь Өлгийн улаан ямаа, Казахын цагаан толгойт, Симменталь үүлдрийн, нутгийн шилмэл сүргийг үржүүлснээр тэсвэр хатуужилтай, ашиг шим сайтай малтай үржүүлэн өсвөр хээлтүүлэгч бойжуулж сумынхаа малчдад борлуулдаг байна. М.Уайханы ажлын дээрх арга барил нь амжилтад хүрэхийн эх үүсвэр болж сүүлийн таван жилд малын хорогдолгүй ажиллаж 100 эхээс 100-120 төл бойжуулжээ. Мал багатай өрх, эрхэлсэн ажилгүй амьжиргааны төвшин доогуур орлоготой дөрвөн өрхийг малжуулахаас гадна аймаг, сумын хөгжилд хандив, дэмжлэг үзүүлэх зэргээр байнга хамтран ажиллаж ирсэн байна. Төр засгаас түүний ажил хөдөлмөрийн амжилтыг үнэлж 2003, 2004 онд сумын аварга малчин, 2005, 2007 онд аймгийн Сайн малчин, 2007 онд ХХААХҮ-ийн “Тэргүүний ажилтан”, 2011 онд ХХААЯ-ны нэрэмжит МҮОНРТ-ийн “Алтан төлийн эзэн”, 2015 онд “Хөдөө аж ахуйн хүндэт профессор” цол хүртжээ.
Дараа нь тус ажлын хэсэг тэндээс хөдөлж Дархан сумын нутаг “Дархан Түлээт”-д өвөлжиж байгаа тус сумын “Малчин” багийн иргэн Б.Хаянхярваагийнд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалын хамт зочилж Монгол Улсын Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин”-ны өргөмжлөл шагналыг өргөө цагаан гэрийн хамт гардууллаа.
Малчин Б.Хаянхярваа нь Нэгдлийн болон мал аж ахуйн салбарт тасралтгүй 46 жил ажилласнаас 22 жилийг нь хувийн мал аж ахуй эрхлэжамьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой зургаан иргэнийг байнгын, 12-17 хүнийг түр ажлын байраар хангаж гурван өрхийг малжуулсан байна. Малынхаа үржил селекийн ажилд онцгой анхаарч үүлдэр угсааг нь сайжруулж Араб болон Буддень үүлдрийн азарга, мах-сүүний чиглэлийн Сэлэнгэ, Талын улаан үүлдэр, Говь гурван сайхан, Өлгий улаан ямаа, Баяд, Үзэмчин үүлдрийн малыг өсгөн үржүүлж иржээ.
Тэрбээр сүүлийн гурван жил дараалан оны эхний 100 эхээс 100-115 төл бойжуулж хээлтэгч нэг бүрээс төл авч төлийн хорогдолгүй өсгөн үржүүлж нэг малаас авах ашиг шимийг байнга нэмэгдүүлж ирсэн байна. Б.Хаянхирваагийн мал зүйч мэргэжлээ мал маллах арга ухаантай хослуулан ажилласан олон жилийнх нь ажлын баялаг туршлагыг тухайн орон нутгийн хамт олон удирдлага нь үнэлж 1988 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2010 онд “Дархан сумын хөдөлмөрийн аварга” малчин, 2008 онд аймгийн “Сайн малчин” цол тэмдгээр тус тус шагнажээ.
Улсын аварга малчныхаас хөдлөхийн өмнө аймгийн Засаг дарга С.Насанбат ярилцлага өглөө: “Бид төрийн түшээдтэйгээ хамтарч улсын аваргууддаа шагналыг нь гардуулж хоёр өдөр гурван сумаар орлоо. Улсын аварга дөрөв төрсөн нь бидний бахархал, малчид, тариаланчдын маань зүтгэл. Бид энэ удаа бас сумдын өвөлжилтийн байдал, сум орны ажилтай давхар танилцлаа. Хэдийгээр цас их орж хүйтний эрч буураагүй цагаан зудтай ч одоогоор өвөлжилт яадгаа алдаж хүндэрсэн юмгүй, сумынхан ч малчид ч өөдрөг сэтгэлтэй байна.”гэв.