Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2017-04-05

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2017.04.05/ болж, 6 асуудлыг хэлэлцэн баталлаа. 
Хурлын эхэнд Төр захиргаа, боловсрол,хууль хяналт, зам тээвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг хэлэлцсэн юм. 
Үүнд “Гавьяат эдийн засагч”, “Гавьяат багш” цолоор тус бүр 1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 3, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 10, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18, тус тус шагнуулахаар дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
Мөн хуралд Захирагчийн албанаас  “Тохилог хороолол” төслийг танилцуулж, хэлэлцүүлсэн юм.
Дархан-Уул аймгийн харьяа 4 сумын хэмжээнд нийт 317614 га талбайд 876 гудамжинд 13077 өрх гэр хороололд амьдарч байна. 
“Тохилог хороолол” төслийн хүрээнд гэр хорооллын төлөвлөлтийг зөрчсөн айл өрхүүдийг цэгцлэх, гудамж талбайг ашигтай байрлалаар ашиглах, гэрэлтүүлэг, хашаажуулалт, хаягжилт, автозамын арчилгааг сайжруулах, камержуулах, гэр хорооллын иргэдийн идэвх, санаачлага оролцоонд тулгуурлан ногоон байгууламжтай жишиг тохилог хорооллыг бий болгох зорилготой. 
Үүний тулд гэр хорооллыг дэд бүтцэд холбох, гэр хорооллын анхны төлөвлөлтийн дагуух айл өрхүүдийн байршил, төлөвлөлт өөрчилсөн, зөрчсөн өрхүүдийн талаар, гудамж, айл өрхийн хаягжилтын талаар, малчин өрх, гэр хороололд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоо зэрэг нарийвчилсан судалгааны ажлуудыг төлөвлөж, гэр хорооллын нөхцөлийг сайжруулахтай холбогдсон зураг төсөв хийх, хогны менежментийг боловсронгуй болгох, гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлжээ.
Тэргүүлэгчид уг төсөлтэй танилцсаны эцэст Дархан-Уул аймгийн нийт гэр хорооллын бүсийг дэвшилтэд байдлаар хөгжүүлэх, алсын хараа-зорилгыг илүү нарийвчлан, өргөн цар хүрээнд, “ӨНДРӨӨР ТОДОРХОЙЛОХ”, төслийн хэрэгжих хугацааг хязгаарлахгүйгээр шаталсан арга хэмжээг төлөвлөх, хогны менежментийг цогцоор нь шийдэх, яваандаа гэр хорооллын бохирыг татан зайлуулах асуудлыг тусгах, үүний бэлтгэл ажлыг эхнээс нь төлөвлөх, явган хүний гүүрийг шийдэх зэрэг саналуудыг уг төсөлд тусгахыг үүрэг болгон, дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр хойшлуулсан юм. 
Мөн Тэргүүлэгчдийн хурлаар Дархан сумын төв гудамжнуудын байршил, нэр, хил заагийг тодотгох, нэрлэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд гудамж, талбайн нэршил болон нэрэмжит болгох тухайд ялгаж, цэгцлэх, хувь хүний нэрээр нэрлэхгүй байх зэрэг саналуудыг тусгаж, дахин шинэчлэн найруулахаар буцаав.
Түүнчлэн “Бүс нутаг тогтоох тухай”, “Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлах  тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. 
Дархан хотын ундны эх үүсвэрийг Хараа голын хөндий болон Дархан хотоос 12 км-ын зайд байрлах худгийн системээр дамжуулан хотыг цэвэр усаар хангадаг бөгөөд нийт 18 худаг бий. 
Хэрэглэгчид хүрч буй усны чанарын асуудлын ихэнх нь 50 жилийн настай цэвэр усны шугам сүлжээний нөхцөлөөс хамаардаг ба шугам сүлжээний шаардлагатай хэсгүүдийг засварлан шинэчилж, хэрэглэгчдийг тоолууржуулснаар шугамын алдагдал харьцангуй багасах боломжтой хэмээн Дархан-Ус суваг ХК-ы мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 
Үүний тулд “Хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж, Тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. 
Эцэст нь “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 1 дүгээр улиралд  хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, 2 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэн батлав. 
Аймгийн “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 оны 1 дүгээр улиралд нийт 61 ажил асуудлыг хийж гүйцэтгэхээр  төлөвлөснөөс 49 нь бүрэн хийгдсэн. Тэргүүлэгчдийн  хурлаар нийт 29 асуудал хэлэлцүүлэх байснаас 18 асуудлыг хэлэлцэж, 1 асуудлыг дахин боловсруулалтад буцаасан. Нэмэлтээр 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэгдсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%