Аймгийн төвөөсөө 380 км-ийн алсад орших Ховд аймгийн Булган сум нь 9700 гаруй хүн амтай хамгийн алслагдсан сум юм. Хил худалдаа ойрхон байдаг учраас энэ сумын иргэдийн хувьд гадаад паспорт захиалах, сунгалт хийлгэх асуудал илүү түлхүү гардаг байна. Тиймээс энэ асуудлыг тухайн орон нутагт нь шийдвэрлэх, захиалга, материалыг нь хүлээж авахаас эхлээд МУ-ын бүртгэлийн хуулийг сурталчлах зорилгоор Ховд аймгийн УБХ-ийн ажлын хэсэг "Нэг иргэн-Нэг бүртгэл" сэдэвт "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг тус суманд зохион байгууллаа. Энэ үеэр тус сумын 100 орчим иргэд нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл авахаас гадна эд хөрөнгө, хуулийн этгээдээ улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчил дутагдал юу байгааг шалгуулан заавар зөвлөгөө авсан юм. Төвөөсөө алслагдсан учраас тэр бүр аймгийн төврүү яваад байх боломжгүй тиймээс улсын бүртгэлийнхэн ийнхүү тухайн орон нутагт нь ирж ажиллан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан ажиллаж байгааг иргэд талархан хүлээн авч байлаа.
Ховд аймгийн УБХ-ийн ажлын хэсэг "Нэг иргэн-Нэг бүртгэл" сэдэвт "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 4-р сарын 7 гэхэд хөдөөгийнхөө бүх сумдад зохион байгуулж дуусгаад дараа нь аймгийн төв, Жаргалант сумын 12 багийн иргэдийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.