Дархан сумын 16 дугаар багийн ахмадын зөвлөл, тус багийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Дэгжих урлан хуримтлалын бүлэг хамтран “Үл тасрах аялгуу” дуун цэнгүүнийг 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 14:00 цагаас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын байранд зохион байгуулах гэж байна.
Ахмад настнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлж, алтан үеийн дуунуудыг сэргээх, тэдний чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлж тэдний нэг ч гэсэн өдрийг баяр бахдалтай өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулах гэж буй дуун цэнгүүний талаар зохион байгуулагчид хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлж, амьд хөгжмийн хамтлагтай дуулж, хамтдаа бүжиглэхийг уриалж байна.
Алтан үеийн дуунуудаас сэргээн дуулах, хүүхэд залуучууддаа өвлүүлж үлдэх зорилгоор дуун цэнгүүнийг өөрийн аймагтаа анхлан зохион байгуулж байгаа хэмээн тэд ярьж байна.
Дуун цэнгүүнд өнөөдрийн байдлаар 14 багийн ахмадууд оролцохоо илэрхийлсэн байна. Дуун цэнгүүний үеэр ахмадууд мартагдсан дуунуудыг сугалаагаар дуулж, дуу бүжгээрээ өрсөлдөх юм байна.
“Үл тасрах аялгуу” дуун цэнгүүнийг Дархан сумын 16 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга, ИНХурал, Дархан сумын ахмадын хорооноос идэвхитэй дэмжиж байгаа аж.
Дуун цэнгүүний тасалбар 2000 төгрөг юм байна.