Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


“Тогтоолтой танилцах аян” хэрэгжүүлж эхэлснээр иргэдийн дунд нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт өөрчлөгдөж байна.

2014-10-29 1070

Ховд аймгийн Үенч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Отгонбаяртай хийсэн ярилцлага
Ховд аймгийн Үенч сум маань 2014 оны улсын тэргүүний сум болсон байна. Сумын ИТХ-ын ажлын гол онцлог юу байна вэ?
Манай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (Цаашид ИТХ) амжилттай ажиллаж байгаа учир нь ИТХ-ын хяналтын чиг үүргээ үндсэн гол шугам болгон барьж ажиллаж байгаад оршиж байгаа юм. Дээр нь иргэдйин оролцоог хангах, идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр янз бүрийн ажил, арга хэмжээнүүдийг авч явуулж байна. Сумын Иргэдийн хурал бодлого төлөвлөлтөө зөв хийгээд, хяналт шалгалт, зөвлөмж зөвлөгөөгөө зөв хийгээд явах юм бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага суманд төгөлдөржиж, түүний дагуу цаашид Засаг дарга өгсөн бодлогыг зөв хэрэгжүүлээд явах юм бол амжилтанд хүрдгийг манай сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, төсөвт албан газруудын удирдлагууд, тэнд ажиллаж байгаа хүмүүс, нутгийн зөн олон харуулж чадаж байгаа. Сумын ИТХ үндсэн чиг үүргээ мэдээд, Засаг дарга нь үндсэн чиг үүргээ сайн мэдээд хоёулаа хамтран сайн ажиллах юм бол сум орноо хөгжүүлэхэд гар, бие, сэтгэлээ нийлүүлээд ажиллах боломжтой. Хамгийн гол нь тэр ажлыг тухайн сумын ИТХ-ын дарга, түүний тэргүүлэгчид, Засаг дарга, Засаг Даргын Тамгын Газрын (Цаашид ЗДТГ) хамт олон үүнийг ухамсарлан сайн ойлгох юм бол урагштай явна гэдгийг бид харуулж, мэдэрч байна л даа.
ИТХ үндсэн чиг үүрэг болох хяналтын чиг үүргээ илүү сайн хэрэгжүүлж байгаа болохоор танай сумын ИТХ-ын хурлын ажил сайн явагдаж байна даа?
Сумын ИТХ-ын үндсэн чиг үүрэг дотор бол хяналт шалгалтын чиг үүрэг байдаг. Энэ нь ИТХ-ынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсвийн болон эд хөрөнгө, тогтоол шийдвэрүүд, төсвийн хуулийн хэрэгжилт, орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалт энэ чиглэлээр ач холбогдолтой, өргөн хүрээтэй явагддаг ажил байгаа юм. Төсөвт байгууллагууд төсвөө самбар дээрээ 7 хоног, сар, улирлынхаа төсвийн зарцуулалтыг ил тод тавьж, хэн ямар цалин урамшуулал авсан юм, ямар аж ахуйн зардлууд гарч байна вэ гэдгийг ил тод тавьдаг. Тогтоол хяналтын алба гэж албан байгууллага бүр дээр тухайн байгууллагын 3-5 ажилчдаас бүрдсэн алба байдаг. Энэ алба нь тухайн байгууллагын төсвийн болон эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажилладаг.Энэ албыг ИТХ-ын хяналтын чиг үүргийнхээ дагуу байгуулж ажиллаж байна. Сумын ИТХ-ын эдийн засаг, төсөв санхүүгийн байнгын хороо, ИТХ-ын ажлын албатай хамтарч хяналт шалгалтуудыг хийдэг. Улиралд 1 удаа ИТХ-ын ажлын алба төрийн сантай хамтарч төсвийн тухай хяналт хийгээд, үүний дагуу тэргүүлэгчдийн хуралд тайлан тавьдаг, төсвийн байгууллагуудынхаа төсөвт тайлан тавьж байна. Эд хөрөнгийн хувьд бол сумын ИТХ- ын нарийн бичгийн дарга нараар ахлуулсан өмчийн хадгалалт, хамгаалалтын зөвлөл байдаг. Энэ зөвлөл нь өмчийн хадгалалт, хамгаалалтын журмынхаа дагуу улиралдаа өмчийн тооллого явуулж, актлах өмчийн баталгаа гаргадаг. Орон нутгийн эрх мэдлийн хүрээнд 500 мянган төгрөгийн хөрөнгийг акталж, сая төгрөгийн хөрөнгийг худалдан авах боломж байдаг, үүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын ИТХ-аас гарч байгаа тогтоол шийдвэрийн хэрэгжилт, биелэлтэн дээр хяналт тавьдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээнд хяналт тавьдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн мөнгөний зарцуулалт, тайлагналтан дээр хяналт тавьж ажилладаг. Энэ чиглэлээр ажлын хэсэг тухайн үед нь хяналт тавьж, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл журмын дагуу явагдаж байна уу гэдгийг шалгаж, хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулж, хариуцсан хүмүүст нь сумын Засаг дарга чиглэл өгч ажилладаг.
Тэгвэл нөгөө талаас Хурлын талаарх иргэдийн ойлголт хандлагад өөрчлөлт гарч байна уу?
Иргэдийн хурлын чиг үүргийг иргэд мэддэггүй л дээ, цөөхөн тооны иргэд хурлын төлөөлөгчид юм ярьдаг, цөөхөн тооны иргэдийн хуралтай холбоотой ажлыг мэддэг. Энэ бол хурлын даргын өөрийнх нь үйл ажиллагаанаас шалтгаална. Манай сумын хувьд үүнийг бас мэдэрсэн. Яагаад гэвэл төсөв хөрөнгөтэй, орон нутгийн хөгжлийн сантай холбоотой, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлтэй холбоотой нэлээд мөнгө суудаг болсон. Тэр мөнгийг нь иргэдээс өөрсдөөс нь саналыг аваад, Засаг даргын саналыг үндэслэн Иргэдийн хурал хуваарилдаг, хуваарийн дагуу Засаг дарга зардаг. Ингэхээр цаана нь хардлага явдаг, энэ Засаг дарга, Хурлын дарга мөнгө идлээ, ингэлээ, тэглээ гээд. Гэтэл Хурлын дарга нэг ч төгрөгийн бэлэн мөнгөн дээр гарын үсэг зурдаггүй, тогтоолоороо бүгдийг нь базаад баталдаг болохоос биш Хурлын дарга, Хурлын тэргүүлэгчид нар бэлэн мөнгөн дээр гарын үсэг зурдаг, мөнгө зарцуулдаг ийм байгууллага биш. Үүнийг сумын Засаг дарга Хурлаас олгосон эрх мэдлийн хүрээнд тендерээ шалгаруулаад, аж ахуй нэгж нь мөнгөө аваад, ажил үйлчилгээгээ гүйцэтгэдэг. Сумын Иргэдийн хурал Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хянаж, чиглэл өгч хамтарч ажилладаг байгууллага. Үүнийг зарим нь Засаг дарга нь том, Хурал нь том гэж өрөөсгөл ойлгодог. Энэ бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутгийн Засаг захиргааны байгууллага гэж 2 өөр байгууллага байгаа бөгөөд энэ 2 нийлээд чиг шугамаараа явахад тухайн орон нутаг хөгжлийн төлөө, иргэдийнхээ төлөө ажиллах боломжтой.
Иргэд маань багийн Иргэдийн нийтийн хурал дээр ямар саналуудыг түлхүү тавьж байна вэ?
Иргэд Багийн Иргэдийн Нийтийн хурал дээр ирж авах хамгийн гол мэдээлэл бол баг дээр нь ямар үйл ажиллагаа хэрэгжих гэж байна, бүтээн байгуулалтын ажил байна уу, бидний амьдралын орлого нэмэгдэх ажил хэрэгжиж байна уу, аймаг, УИХ-ын бодлого чиглэл юу байна, амьдралд нь нөлөөлөхүйц ямар төсөл, арга хэмжээ вэ гэдгийг сонирхдог. Жишээлбэл: малжуулах төсөл, тухайн багийн нутаг дэвсгэр дээр байгаа тухайлбал мод, шавар, байгалийн баялаг ч юм уу гэх мэт. Суманд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд иргэдийн оролцоог ханган хэрэгжиж байна уу, үгүй юу, тэр төсөл хөтөлбөрт би хамрагдаж болох уу ийм асуудлууд дээр анхаарлаа хандуулан ажилладаг.
Танай сум хэдэн төлөөлөгчтэй вэ, төлөөлөгчдийн идэвх оролцоо ямар байна вэ?
Манай сум 21 төлөөлөгчтэй. Урьд нь бол иргэдийн хуралд гардаг, сонгогддог байсан. Одоо бол өөр, энэ хүн багаас биднийг төлөөлж байгаа, бидний сонирхол, эрмэлзэл, ажил байдлыг дээшээ танилцуулж байх ёстой хүн гэдгийг иргэд ч сайн ойлгож байгаа, нөгөө талаас гарч ирж сонгогдсон төлөөлөгч нь хүртэл түүнийгээ сайн ойлгож, би бол хамгийн түрүүнд дуугарах ёстой байгууллага бол нэгдүгээрт баг, хоёрдугаарт сум орон нутаг, гуравдугаарт аймаг гэж эрэмбэлээд ойлгодог болсон. Бид суманд иргэдийн хурлын төлөөлөгчдөд анх удаагаа мөнгө олгож эхэлсэн, 200,0 мянган төгрөг тавьдаг, хурлын дарга орохгүйгээр 20 төлөөлөгчийн 4,0 сая төгрөг суулгасан байгаа. Энэ 4,0 сая төгрөгөөсөө Нутгийн удирдлага сэтгүүл захиална, бусад мөнгийг нь багийнхаа сургалт, сурталчилгааг баг дээрээ зохион байгуулах, багтаа очин ажиллах зардал мөнгөндөө аваад, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд бол эрх хэмжээнийхээ хүрээнд, боломж бололцооныхоо хүрээнд ингэж ажиллаж байна. Жилдээ тухайн багийнхаа багийн өдөрлөгийг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн баяр, ахмадын баяр, цагаан сар, шинэ жилээ багийн иргэдийн нийтийн хурал, төлөөлөгчидтэйгээ хамтраад зохион байгуулдаг. Ингэхээр иргэд маань манай төлөөлөгч нар ирээд ингэсэн, тэгсэн гэдэг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болон жижиг дунд үйлдвэрийн зээлийн асуудлаар төлөөлөгчид баг дээрээ очоод ийм ийм боломж бололцоо байна гэж иргэддээ мэдээ,мэдээлэл өгч, төлөөлөгчийн үйл ажиллагаа сайжирч байгаа, гайгүй түвшиндээ явж байгаа. Цаашид ингэж яваад байвал нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг ард түмэн ойлгож байна.
Иргэдэд мэдээлэл хүргэж, оролцоог хангах чиглэлээр хийж байгаа ажлуудаас яривал.....?
Манай сумын ИТХ-ын хувьд тогтоолтой танилцах аянг зохион байгуулдаг. Тогтоолтой танилцах аян бол сумын Иргэдийн хурал, аймгийн Иргэдийн хурлаас гарсан тогтоолуудыг нэг хавтсанд хийгээд албан байгууллагууд, багуудаар аялуулж иргэдэд танилцуулдаг. Ингэхээр сумын иргэд ер нь ямар тогтоол гараад байдаг юм, энэ нь бидний амьдралд хэрэгтэй байдаг юм,ямар агуулгатай тогтоол гардаг юм, ямар асуудал манай суманд сайн хэрэгжиж байгаа юм, ямар нь муу байгаа вэ гэдгийг харж, танилцах давуу талтай. Дээр нь иргэд бол орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дээд шийдвэр болох тогтоолыг үзэж, танилцаж, түүнийхээ дагуу ажил, амьдралаа авч явах боломжтой. Ер нь “Тогтоолтой танилцах аян” хэрэгжүүлж эхэлснээр иргэдийн дунд нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай ойлголт өөрчлөгдөж байгаа. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүрэг юу гэхээр иргэдэд мэдээллийг ил тод сайн өгөхөөр өөрсдөө оролцож байна, хяналтаа тавьж байна л даа. Жишээ нь манай суманд 2013 оны жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээ 120 сая төгрөг хуваарилагдсан. Энэ мөнгийг Үенч суманд ямар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зөв юм бэ, манай суманд ашигтай вэ гэдэг талаар ард иргэдээсээ санал авсан. Ингэж санал авахдаа жижиг дунд үйлдвэрлэлийн төслүүдийг 20 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүс соёлын төвд хүмүүст, ийм ийм төслийг хэдэн төгрөгөнд хийх гэж байна гэж төслөө танилцуулахад, тэнд байгаа иргэд ийм төслийг би дэмжиж байна гэж саналаа өгч оролцсон. Үүнд 764 хүн саналаа өгч оролцсон. Олонхийн санал авсан эхний 10 төсөлд санхүүжилт олгогдсон. Өнөөдрийн байдлаар 10 төсөл бүгд хэрэгжиж байгаа, бүгд хуваарийн дагуу зээлээ төлж явж байгаа. Тэр байтугай зарим төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. Жишээ нь: явган хүний замын хавтан, өнгөлгөөний тоосго үйлдвэрлэдэг нэг аж ахуй нэгж маань бүрэн хүчин чадлаараа ажиллаад Үенч сумынхаа иргэдийн хэрэгцээг хангаад зогсохгүй баруун 3 сумын захиалгыг авч ажиллаж байна. Мөн зарим нь БНХАУ-ын Шинь Жан Уйгарын сумуудаас, Ховд аймаг, Улаанбаатар, бусад баруун 5 аймгуудаас захиалга авч ажлаа хийж байгаа давуу талуудтай байна. Энэ нь иргэдийг оролцуулаад, саналыг авахаар тэд зөв сонголт хийдэг, төсөв мөнгө, бүтээн байгуулалт л үр дүнтэй болж байгааг харуулж байна л даа.
Хурлаас хийсэн өөр шинэлэг үйл ажиллагаануудынхаа талаар?
Бас нэг сумуудад огт хэрэгжээгүй нэг том ажил бол хүндэтгэлийн хуралдаан гэж хийсэн. Манайх 2014 оны хотын тэргүүний сумынхаа мялаалгын наадмын баяраа тэмдэглэхдээ Улаанбаатар хотоос ирсэн нутгийн зөвлөлийн хүмүүс, Ховд аймгаас ирсэн нутгийн зөвлөлийн төлөөлөгчдөө оролцуулж байгаад, нээлттэй хүндэтгэлийн хуралдаан хийсэн. Хүндэтгэлийн хуралдаан дээр Үенч сумын өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй гэсэн сэдвээр илтгэлүүд тавигдсан, энэхүү илтгэлүүдээс өнөөдөр бид улсын тэргүүний сум болчихлоо, энэ бол том амжилт боловч цаашид яах вэ, энэ орон нутагтаа яаж хөгжүүлэх юм, хүний амьдрах орчин нөхцөлийг яаж өөрчлөх юм, Улаанбаатар хот уруу Ховд аймгаас шилжиж нүүгээд байгаа хамгийн том шалтгаан нь халуун цэвэр бохир устай, нэгдсэн халаалттай ийм орчинд л хүн амьдрахыг хүсч байна, дээр нь амьдралын баталгаатай таван цаасны ажилтай байх. Энэ орчин нөхцөлийг бид яаж бүрдүүлэх вэ гэдэг талаар хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулаад, зөвлөмж гарсан. Ер нь нутгийн зөвлөл, нутгийн иргэд ингэж ажиллана, чадалтай, боловсролтой байгаа нь энэ тал дээр анхаарна, боломжтой явж байгаа хүмүүс нь ийм чиглэл уруу нь оръё, орон нутаг ийм чиглэлд илүү анхааръя гэж хөрөнгө мөнгөө тусгаж байна. Орон нутагт, Улаанбаатар хотод байгаа, Ховд аймагт байгаа нутгийн зөвлөлийн хүмүүсээс ер нь хүн болгоны амнаас нь тийм л үг гардаг, үүнийхээ төлөө таньдаг мэддэг найз нөхөд, нөлөөллийн хүрээгээрээ дамжуулаад хэрэгжүүлэх, хамгийн түрүүнд хийх ажлаа эрэмбэлээд, зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжөө сумын бодлого барьдаг төлөөлөгч нар болон бодлогыг хэрэгжүүлэгч засаг дарга болон багуудын Засаг дарга нарт санаа бодлоо хэлж чиглэл өгсөн сайхан үйл ажиллагаа болсон. Манай ИТХ-аас ЗДТГ-тайгаа хамтарч 333 уулзалт хийдэг. Энэхүү уулзалтыг сарын бүрийн 3 дахь долоо хоногийн 3 дахь өдрийн 3 цагаас иргэддээ мэдээлэл өгөх зорилгоор уулзалт зохион байгуулж байна. Тухайн сарын хугацаанд Үенч суманд ИТХ-аас, ЗДТГазраас ямар үйл ажиллагаа явуулсан, албан байгуулагууд болон төрийн бус байгууллагууд дээр ямар ажил өрнөсөн, ямар сургалт семинар болсон, ямар амжилтанд хүрсэн, ямар алдаа дутагдал байсан бэ гэдгийг ярьдаг, сарын тайлангаа иргэддээ тавьдаг. Мөн сумын ИТХ-аас аавуудын баярыг санаачлан хийлээ. Энэ эрчүүдийг өөд татаж, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой эрчүүдийгээ хийморьлог байлгахын тулд аавуудын баярыг хийсэн. Аавуудын баяраар 5 номинацид нэр дэвшүүлэн шагнал гардуулсан. 1-р номинаци “Өөрийгөө ялагч эр хүн” энэ хаана ч байдаггүй. Өөрийгөө ялагч эр хүн гэдэг маань архи, тамхины хамаарлаас өөрийгөө 2 жилээс дээш хугацаанд татаж авч чадсан эр хүн байгаа. 2-р номинаци “Оны онцлог хүн” тухайн ондоо Буянт сумаас хамгийн оргил дээд хүрсэн хүн. 3-р номинаци “Оны шилдэг эр хүн” тухайн ондоо байгууллага, хамт олон, яамныхаа хэмжээнд хамгийн өндөрт хүрсэн хүн, 4-р номинаци “Ноён нуруутай аав” эхнэрээсээ хагацаад, үр хүүхдүүдтэйгээ үлдсэн аавууд дотроос үр хүүхдүүдээ сайн өсгөж чадаж байгаа, сургуульд соёлд явуулж, амьдралыг нь авч явж байгаа аавуудыг шалгаруулж байгаа. 5-р номинаци “ Ховор заяа” насаараа хамгийн олон жил ханьтайгаа амьдарч байгаа буурлууд дотроос шалгаруулсан. Ийм 5 шагналыг олгож, тухайн жилийн эрчүүдийг алдаршуулдаг. Хүмүүс их урамшдаг бас сумынхан бүгд бие биенээ сайн таньж мэддэг болохоор үнэн шалгууртай нүдээ олсон шагнал байна гэж дүгнэдэг юм. Мөн яг тэр жил 11 төгсч байгаа эрэгтэй хүүхдүүдийг тангараг өргүүлсэн. Тангаргийн үг нь Шилийн богдын тангараг шиг сайн эр хүн болж нутаг орон, Монгол улсаа хөгжүүлэхэд өөрийн бие, сэтгэл, оюун ухаанаараа дайчилна гэсэн тангараг өргөөд, төрийн сүлдэндээ мөргөөд буунгуут нь нутгийн нэр хүндтэй буурлууд нь тангаргийнх нь үгийг нэг нэгээр нь гардуулан өгч, айл гэрийн, төр улсын ноён нуруу байх болтугай гэж ерөөдөг.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.