Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Хяналт үнэлгээний олон нийтийн зөвлөлийн сайн туршлага

2014-12-04 933

Дорнод аймгийн Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 14-р тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих “Хяналт үнэлгээний олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг батлан зөвлөлийг 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулдаг. Зөвлөл нь олон нийтийн оролцоог хангах чиглэлээр орон нутгийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийн хурлаас сонгогдсон 3 төлөөлөл, Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас томилсон иргэний 2 төлөөлөл, сумын ИТХ-ын 2 төлөөлөгч бүхий нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Хэрлэн сумын 10 багт сайн дурын 5 ажлын хэсэгтэй бөгөөд нийт 25 хүн ажилладаг.

Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, гүйцэтгэж буй ажлуудтай газар дээр нь танилцаж, зөрчил дутагдлыг илрүүлэх, хуулийн дагуу ил тод нээлттэй, хариуцлагатай болгох зорилгоор Хэрлэн суманд 2013 онд хэрэгжсэн 7,2 тэрбум төгрөгний санхүүжилттэй 63 ажлыг хамруулж, хяналт үнэлгээний ажлыг хийсэн. Энэхүү зөвлөл нь тухайн суманд хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, гүйцэтгэл, чанарын асуудалд хяналт үнэлгээ хийхдээ газар дээр нь ажиллан иргэдийн саналыг авсан байна.

Хяналт үнэлгээний олон нийтийн зөвлөл 10 багт, баг тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг байгуулан ажилласан бөгөөд сумын ИТХ-ын төлөөлөгч, олон нийтийн байгууллага, иргэний төлөөллийг оруулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 61 ажил дээр үнэлэлт, дүгнэлт өгсөн байна. Ингэхдээ тус сумын 10 багийг таван хэсэг болгон иргэдийн дунд хөрөнгө оруулалтын ажлын талаар сэтгэл ханамжийн үнэлгээний судалгаа хийжээ.

Иргэдийн сэтгэл ханамжаас харахад маш сайн гэсэн үнэлгээ авах хөрөнгө оруулалтын ажил Хэрлэн суманд байхгүй байсан бөгөөд сайн буюу B үнэлгээтэй 26, дунд буюу С үнэлгээтэй 17, муу буюу D үнэлгээтэй 18 ажил байна гэж иргэд үнэлжээ. Хяналт үнэлгээний зөвлөлөөс муу үнэлгээ авсан хөрөнгө оруулалтын ажлуудыг төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэдэд хэрэгтэй хөрөнгө оруулалт болгоход анхааран ажиллах шаардлагатай байгаа дүгнэлт гаргасан байна.

Худалдан авах ажиллагааны хяналт үнэлгээний эхний шатны ажлын хүрээнд иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулга, ярилцлага, хэлэлцүүлэг, өргөтгөсөн хурал зэрэг ажлуудын дүгнэлтэд тулгуурлан гаргасан зөвлөмж, шаардлага, саналыг Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж гарсан зөрчил, дутагдлыг арилгуулах талаар тодорхой шийдвэр гарган холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.          

ХҮОНЗ-өөс Хэрлэн сумын Орон нутгийн хөгжлийн сан болон төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах 2-р шатны ажлын талаар Хэрлэн сумын ИТХ-ын алба болон ЗДТГ-ын ажилтан нартай санал солилцож, ажлын хэсгийн гишүүдэд “Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа”-ны чиглэлээр хууль эрх зүйн болон  мониторинг хийх аргачлал сэдвээр сургалт, мэдээллийн ажиллагааг зохион байгуулжээ.