Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Орхон аймгийн тархи нь байх учиртай

2015-01-23 999

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Ганбаттай хийсэн ярилцлага
Асуулт: Аймгийн Иргэдийн хуралд олон жил төлөөлөгчөөр ажилласан таны хувьд өнөөгийн хуралд ч үнэлэлт, дүгнэлт өгсөн байх. Иргэдийн хурлын баг бүрэлдэхүүн ямар хэмжээнд ажиллаж байна вэ?
-Орхон аймгийн одоогийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Энэ хурлын онцлог нь Ардчилсан намынхан дийлэнхи олонхийг бүрдүүлсэн явдал юм. Сонгогдсон төлөөлөгчдийн дийлэнх нь залуучууд байсан учраас хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах, судлахад эхний нэг жил гол анхаарлаа төвлөрүүлсэн, бас шинэ уур амьсгалаар  ажилласан гэж хэлж болно.
2014 оноос хурлын байгууллагын ажил жигдэрч, хурлын төлөөлөгчид аймаг, орон нутагтаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, хурлын байгууллагын үйл ажиллагаа нэлээд хурдтай эрчтэй байна. Өнгөрсөн хугацаанд 22 удаа хуралдлаа. Гэтэл зарим аймгийн ИТХ  жилдээ 4 удаа хуралдсан байх нь бий. Энэ нь хурлын байгууллага эрчтэй, шуурхай ажиллаж байгааг харуулж байна. Аймгийн хэмжээнд иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн шйидлээ хүлээж байгаа асуудлууд олон бий.  Шийдлээ хүлээсэн асуудлуудаас оновчтой сонголт хийж бодлого, шийдвэр гаргаж ажиллах нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын амин зорилт байх ёстой.
Асуулт: Хуралдаанд хүндрэлтэй зүйл гарч байна уу?
Хурлын бэлтгэлээ сайн хангаагүй тохиолдолд тухайн шийдвэрлэх асуудалд төгс шийдэл гаргах боломжгүй . Үзэл бодлын зөрүү гарах нь зүйн хэрэг ч хэлэлцэх асуудлаа судлаагүй, дүйвээнээр хуралдаа орж ирэх тохиолдол их байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оруулсан асуудлаа буцааж үгүйсгэж тэргүүлэгчдийн шийдвэрийн үнэ цэнэ буурах хандлага ажиглагдаж байна. Төлөөлөгчдийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудад тавьсан асуудлын хариу хугацаандаа ирэхгүй байна.  Ингээд бодохоор  одоогийн хурал эерэг, сөрөг талыг туулж, олон сонирхлын уулзвар дээр ажиллаж байна.
Нутгийн захиргааны байгууллагууд 100 шахам  жилийн арвин түүхтэй. Харин хурлын байгууллага шинэ Үндсэн хуулийн дагуу ажиллаад 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаа Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд төлөвшлийн он жилүүд байсан. Өнгөрсөн жилүүд хурлын байгууллагын ололт амжилт, алдаа оноог өгүүлсэн туршлага, сургамжийн жилүүд гэж дүгнэж болно. Иймээс цаашид улам сайн төлөвшиж, орон нутгийн засаглалыг бэхжүүлж, бодлогоо зөв тодорхойлоход шинэ шинэ зүйлийг санаачлах хэрэгтэй. Энэ нь иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн ямар асуудал байна гэдгийг олж харах, тэдгээрийг эрэмблэхээс эхэлнэ.
Асуулт: Хурлын байгууллагын ажлын албаны орон тоо нэмэгдсэнээр хурлын үйл ажиллагаанд өөрчлөгдсөн зүйл байна уу?
-Хурлын байгууллага хурлын гүйцэтгэх албыг нэлээд сайн бэхжүүллээ. Өмнө нь хурлын ажлын алба 3-4 хүнтэй байсан бол өнөөдөр 16-17 орон тооны хүн ажиллаж байна. Үүнийг хоёр талаас нь харж байна. Хурлын байгууллагын ажлын  хамрах хүрээ, далайцын хувьд эерэг тал гарч байгаа боловч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Захиргааны байгууллагатай уралдаж орон тоогоо нэмэх нь зохисгүй гэж үзэж байгаа судлаачид, нутгийн удирдлагын практик ажилтнууд  бий. Хурлын ажлын албанд намын бүлэг хариуцсан 4 ажилтан нэмсэн нь хурлын байгууллагыг улс төржүүлсэн, намчирхсан хандлагыг амьдрал дээр бэхжүүлсэн үйлдэл мөн. Миний бодлоор эдгээр 4 ажилтны оронд хурал дэргэдээ “судалгааны хамтлаг” байгуулж ажиллуулбал  илүү зөв бүтэц байх болно.
Хурал ухаалаг бүтцийг бий болгож ажиллах нь иргэддээ ч, хуралдаа ч  үр өгөөжтэй, яагаад гэвэл хурлын байгууллага тойруулсан, барагцаалсан хандлагаас тодорхой, бодитой бодлого, үйл ажиллагаанд шилжих хандлагыг бусад байгууллагадаа үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.  Хурлын ой санамж сайн байх үүрэгтэй. Хурал орон нутгийн бодлогыг тодорхойлж байгаа тул Орхон аймгийн тархи нь байх учиртай. Ингэхээр тархи нь маш ухаалаг, дуулиан дүйвээнээр ажилладаггүй, судалгаанд тулгуурласан шийдвэр гаргадаг байх нь чухал юм.
Асуулт: Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэх асуудал ихтэй байдаг. Энэ тал дээр таны бодол ?
-Манай аймгийн хурал сүүлийн үед байнгын парламентын нэгэн адил болсон. Орон нутагт шийдэх, хэлэлцэх асуудал олон байгаа тул ингэж хуралдахаас ч аргагүй байна. Таньдаг хүмүүс “Тантай телевизээр л уулзаж байна” гээд тоглоом шоглоом болгох нь ч бий. Эрдэнэт хотын болон аймгийн амьдрал шинэ шинэ асуудалтай тулгарч байна. Миний хувьд хуралдаа идэвхитэй оролцож, санаа оноогоо хуваалцаж ирсэн.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын нэг гол субъект болох Тэргүүлэгчдийн шийдэх асуудлын хүрээ хязгаарыг бодолцож, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль, тогтоомжид зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Тэргүүлэгчдийн эрх хэмжээг өргөжүүлэх чиглэлээр зохицуулалт хийх хэрэгтэй. Харин тэргүүлэгчид нь гагцхүү иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс шийдвэр гаргадаг, улс төрийн нам, хүчний бодлогыг урьдал болгодоггүй байх ёстой. Хурлын нэгдсэн хуралдааны хэмжээ, хязгаарыг шинэчилж байх нь бас зөв.
Асуулт: Хууль, тогтоомж цаг үеэ дагаж шинэчлэгдэх ёстой гэсэн үг үү?
-Монгол улсын үндсэн хуулийг 1992 онд баталсан. Зах зээлд ороод удаагүй үед баталсан хуулийг “хөдлөшгүй” мэт ханддаг нь буруу. Нийгэм тэс өөр зохион байгуулалтад шилжсэн, хүмүүсийн  амьдрах арга, сэтгэлзүйн хандлага тэр аяараа өөрчлөгдөөд байхад Үндсэн хуулийн заалт хэвээрээ байх ёстой гэсэн үзэл оновчтой биш юм. Амьдрал, бий болсон нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэж  цаг үедээ нийцүүлэн хуулийн заалтыг өөрчилж байх нь хөгжлийн эрчмийг хангах механизм зөв ажиллах боломжийг олгоно.Мэдээж үндсэн хуулиараа байнга оролдож болохгүй.
Асуулт: Аймгийн болон сумын ИТХ-ын уялдаа холбоо ямар байх ёстой вэ?
-Бие даасан хурлууд учраас хуулиараа нэгнийхээ ажилд оролцох ёсгүй. Гэхдээ  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сумын хуралдаа мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж болно. Сумын хуралд хэлэлцсэн асуудлыг аймгийн хурал дамнан шийдвэрлэнэ гэвэл энэ буруу.
Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн хэмжээний асуудал дээр бодлого гаргадаг бол сумын хурал зөвхөн суманд хамааралтай бодлого гаргах зарчмаар явна. Үйл ажиллагаа нь давхардахгүй байх ёстой.  Харин амьдрал дээр нийтийн эрх ашгийн үүднээс нэг нь нэгнийхээ ажилд оролцох, тэрч байтугай хамтарсан шийдвэр гаргаж ч болно. Баян-Өндөр, Жаргалант сум    нийлээд Орхон аймаг болчихож байна. Бусад аймагтай харьцуулахад өвөрмөц тал нь энэ. Тиймээс сум нь илүү ажиллаж байна уу, аймаг нь илүү ажиллаж байна уу гэдгийг харахад бэрх. Хууль тогтоох байгууллага эхнээсээ Орхон аймгийг байгуулахад  ухаан муутай шийдвэр гаргасан.
Асуулт:  Орхон аймгийн  ИТХ-аас боловсруулан хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудаас танилцуулна уу ?
-Энэ удаагийн аймгийн ИТХ-ын бүрэлдэхүүн анх 4 жилийн бүрэн эрхийн үндсэн чиглэлээ батлахдаа “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөр байгуулах асуудлыг дэмжинэ гэсэн утгатай заалт  оруулсан.
Бид аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллаж, өнгөрсөн оны 3 дугаар сарын 26-нд хөтөлбөрийг баталлаа. Газар баялагийн эх үндэс, хүн өөрөө баялаг бүтээгч, хөрөнгө баялгийг бүтээдэг гэсэн ойлголтууд цаг үеэ даган эргэж, өнөөдөр мэдлэг баялагийг бүтээдэг болжээ. Эрдэнэтийн хүний хөгжлийн индекс 0,853 байгаа нь улсын хэмжээнд тэргүүлж байгаа юм. Эрдэнэтэд оюуны асар  их потенциал төвлөрсөн. Дэлхийн хэмжээний аж ахуйн нэгж манай аймагт ажиллаж байхад бид хамгийн түрүүнд энэ талаар ярих ёстой.
Гэхдээ мэдлэгт түшиглэсэн нийгэм, мэдлэгт түшиглэсэн эдийн засгийг яаж бүрдүүлэх, хэрхэн хөгжүүлэхийг иргэдэд ойлгуулах, хүсэл тэмүүллийг бий болгох нь чухал юм. Байгууллага бүр энэ зорилгын төлөө нэгдэх хэрэгтэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоо байх учраас зөв замд нь оруулчих юмсан гэж хичээж байна. Аймгийн ИТХ уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг баталсан. Дашрамд хэлэхэд тал талаасаа анхаарал тавьж, дэмжиж, энхрийлж уг хөтөлбөрийг эхнээс нь суурийг нь зөв тавих нь зүйтэй юм.
Ярилцлага өгсөн танд баярлалаа