Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛАХАД ТЭДНИЙ ДУУ ХООЛОЙГ СОНСОХ НЬ

2018-10-02 1089

Иргэдийн аж амьдралыг сайжруулахад тэдний дуу хоолойг сонсох нь

Намрын хурц нар Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны айлуудын модон хашаа, байшингийн өнгийг улам тодруулна. Улаанбаатар хотын есөн дүүргийн нэг болох тус дүүрэг нь 150 мянга гаруй оршин суугчтай. Оршин суугчид нь ажил мэргэжил, амьжиргааны түвшний хувьд ялгаатай ч хөдөө орон нутгаас шилжин ирж, гэр хороололд суурьшсан иргэдийн ихэнх нь ядуухан амьдарч байна.

Дүүргийн долдугаар хорооны байранд иргэд өөрт тулгарсан асуудлаа шийдвэрлүүлэхээр төрийн албан хаагчидтай уулзан ярилцаад завгүй. Ханан дээр хорооны газрын зургийг байрлуулж, нийтэд хамааралтай дэд бүтцийн цэгүүдийг өнгөөр ялган тэмдэглэжээ.

Өдгөө 58 настай, инженер мэргэжилтэй, хорооны Засаг дарга, Ц.Дуламжав гуай даруухан тохижуулсан өрөөндөө сууна. Тэрбээр, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын (ИТХ)-ын 35 төлөөлөгчийн нэг бөгөөд хорооны Засаг даргын албыг давхар хашдаг. ИТХ-д анх 2000 онд сонгогдож, 2016 оноос хойш Тэргүүлэгч төлөөлөгчөөр ажиллаж байна. “Дүүргийнхээ иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах” гэсэн хүсэл тэмүүлэл нь түүнийг улс төрд ороход нөлөөлсөн бөгөөд тэдэнд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд туслахыг ямагт хичээдэг. ИТХ-ын төлөөлөгчид “иргэдтэйгээ ойр дотно тулж” ажилладаг учраас орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг илүү сайн ойлгодог гэж Ц.Дуламжав ярилаа.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар ИТХ-ын эхлэл тавигдсан. ИТХ нь өнөөдөр тогтвортой ажиллагаатай байгууллага болж төлөвшсөн ч орон нутгийн асуудлаар шийдвэр гаргах, иргэдийн эрх ашгийг бүрэн төлөөлөх, хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх явцад олон сорилт бэхшээлтэй тулгарч байна. Эдгээрийн нэг нь сонгогдсон төлөөлөгч хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн мэдэхгүй байх явдал юм. Ялангуяа ИТХ-д анх удаа сонгогдсон төлөөлөгчдийн хувь өндөр. Тухайлбал, 2016 оны сонгуулиар төлөөлөгчдийн 57.2 хувь нь анх удаа сонгогдсон бөгөөд тэдний хувьд бүрэн эрхийн хугацааны эхэн үед мэдлэг, туршлага хангалтгүй байдаг.
ШХА-аас санхүүжүүлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл нь шинээр сонгогдсон төлөөлөгчдөд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгохоор ажиллаж байна. Тухайлбал, орон нутгийн 2016 оны сонгуулийн дараахан төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан уг сургалтад 7400 гаруй төлөөлөгч буюу нийт сонгогдсон төлөөлөгчдийн 90 гаруй хувь нь хамрагдсан байна.
Сургалт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд ИТХ-ын эрх зүйн үндэс, хуралдааны дэг;  орон нутгийн төсөв санхүү; байгаль хамгаалал, газрын харилцаа; иргэдийн оролцоо гэсэн ИТХ-ын үйл ажиллагаанд нэн шаардлагатай сэдвүүдийг хамарчээ. Төлөөлөгчид сургалтад идэвхтэй оролцож, сургалтын үр дүнг өндрөөр үнэлсэн.
Ц.Дуламжав “Суурь сургалт нь маш чухал юм. Хэрэв ийм сургалт байхгүй байсан бол бол анх удаа сонгогдсон төлөөлөгчдийн хувьд нэн чухал зарим мэдлэг мэдээллийг олж авах боломжгүй байх байсан” гэж хэлэв.
Тэрээр цааш нь “суурь сургалт нь төлөөлөгчдөд хэрхэн манлайлах, хамтран ажиллах талаар болон төлөөлөгчийн ажил үүрэгт нь хамаарах бусад суурь мэдлэгийг олгосон. Тухайлбал, ИТХ-ын төлөөлөгчдөд иргэдтэй хамтран ажиллах, уулзалт зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл хүргэх талаар суурь чадавхуудыг олгосоноороо ач холбогдолтой. Сургалтад оролцогчид иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болохдоо улс төржилтөөс ангид байх нь чухал гэдгийг ойлгосон. Түүнчлэн иргэдийг хэрхэн төлөөлж, манлайлахад суралцсан нь сургалтын бас нэгэн үр дүн юм” гэв.
Чингэлтэй дүүрэгт төлөөлөгчдийн суурь сургалт 2017 оны хоёрдугаар сарын эхээр зохион байгуулсан бөгөөд төлөөлөгчдийн дийлэнх олонх нь оролцсон.  Тэдгээрийн дунд Ц.Дуламжавын нэгэн адил өмнөх бүрэн эрхийн хугацаанд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж, өмнөх суурь сургалтад хамрагдсан олон хүн бий. Ц.Дуламжав сонгогдсон төлөөлөгчийн хувьд иргэдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар анхны сургалтаас илүү сайн ойлгож авсан бол хоёр дахь сургалтын ач холбогдолыг “хэдийгээр өмнөх сургалтад хамрагдсан ч хоёр дахь сургалтаас мөн л маш их шинэ зүйлсийг сурч авсан. Ер нь бид мэдлэгээ байнга шинэчлэж, тэлж байх учиртай” гэж онцоллоо.
Ц.Дуламжав Чингэлтэй дүүргийнхээ ИТХ-ын үйл ажиллагааг тогтвортой, жигд сайн гэж үнэлэв. Тус ИТХ-ын төлөөлөгчид нь идэвхтэй, дүүрэгт тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр сард 4-5 удаа цуглаж, асуудлыг шийдвэрлэдэг аж. Тэрээр ИТХ сайн ажиллагаатай байдаг нь төлөөлөгчид нь үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, дүүргийн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө ажилладаг явдал юм гэдгийг онцолж байв. Төлөөлөгчид улс төржиж талцалгүйгээр дүүргийн хүн амын боловсрол, байгаль орчны асуудалд илүү анхааран ажилладаг.
Дүүргийн ИТХ тогтвортой сайн ажилладагын нэг илрэл нь ИТХ-ын дарга нь найман жил тус албыг хашиж буй. “Манай ИТХ-ын гол онцлог бөгөөд тогтвортой сайн ажиллаж байгаагийн үндэс нь төлөөлөгчид нь нэгдмэл, Засаг дарга болон түүний ажлын албатай нягт хамтран ажиллаж чаддагт оршино” гэж Ц.Дуламжав ярьж байна.
Ц.Дуламжав төлөөлөгчийн туршлага, хандлага нь ирээдүйн төлөөлөгчдийн үлгэр дууриал юм. Тэрээр улс төрийн карьерийнхаа амжилтыг ийнхүү тодорхойлов. “Би иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө байнга хичээн ажиллаж ирсэн. Энэ нь  миний дахин сонгогдох гол шалтгаан нь болсон байх. Би аливаад улс төржихгүйгээр хандаж, надад хандсан иргэн бүрийн асуудлыг шийдэж өгөхийн төлөө, шийдвэрлэгдэх хүртэл хойноос нь санаа тавьж ажилладаг. Сонгогдсон төлөөлөгчийн хувьд иргэд, түүн дотроо эмэгтэйчүүдийн дуу хоолой болон ажиллахыг хичээдэг” гэв.
Шийдвэр гаргах түвшинд төлөөлөл нь хангалтгүй байдаг эмэгтэйчүүд, ялангуяа залуу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдний манлайлах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэр үздэг. Мөн тэрээр иргэдийн оролцооны гол ач холбогдолыг “иргэд сонгосон төлөөлөгчийнхээ ажлын гүйцэтгэлийг шүүмжлэн хүлээн авахын оронд аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төлөөлөгчтэй хамтран ажиллаж, дэмжлэгийг нь авах хэрэгтэй” гэдгийг онцолсон.

Тус өгүүлэл Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн цахим хуудаст анх нийтлэгдсэн. /Доорх линкээс үзнэ үү/

http://www.mn.undp.org/content/mongolia/en/home/presscenter/articles/2017/10/10/voicing-citizens-concerns-to-improve-their-lives0.html
https://www.eda.admin.ch/countries/mongolia/mn/home/medee/medee.html/content/countries/mongolia/mn/meta/news/2017/srb