Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн туршлага


Иргэдийн шилдэг оролцоотой багийнхан хөрөнгө оруулалтыг өөрсдийн хүчээр хийж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэжээ

2014-12-01 813

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (ИТХ) иргэдийн оролцоог хангаж, аливаа тулгамдсан асуудлыг хамтын хүчээр иргэд өөрсдөө шийдвэрлэдэг байх талаар идэвхи санаачилга гарган ажилладаг.

Энэ нь үр дүнгээ өгч иргэд өөрсдийн саналаар хөрөнгө гарган зам даваануудаа засчээ. Их даваа, Зүүн даваа, Хөвөн даваанууд нь хүн, автомашин ихээр зорчдог орон нутгийн чанартай зам даваанууд юм. Эдгээр даваа нь зун үерийн усанд эвдэрч, гүн цав ангалууд үүсч, улмаар зорчин явахад шаварт суух, ангал уруу гулсаж унах зэрэг хүндрэл, бэрхшээлүүд байнга тулгарч байдаг болсон. Чандмань-Өндөр сумын автомашин ихээр зорчдог дээрх даваануудыг засварлах зайлшгүй шаардлага үүссэн ч хөрөнгө мөнгөгүйн улмаас засч янзалж чадахгүй хэдэн оныг дамжиж байгаа билээ.

Иймд тус ИНХ-ын дарга Д.Даваадорж, багийн засаг дарга Ц.Гансүх, тус тойргоос сонгогдсон төлөөлөгчид болох С.Ишдорж, Х.Энхбаатар нар санаачлан 5-р багийн 102  иргэнтэйгээ хамтраад 3 хэсэгт хуваагдан, дээрх даваануудын 600 гаруй метр замыг   өөрсдийн машин техник, мөнгө хөрөнгөөр засч янзалсан байна. Ийнхүү зам засварлахад өөрсдийнх нь 12 автомашин оролцсон бөгөөд 1000, 1000 төгрөг цуглуулан хоол хүнсээ бэлтгэж, гар бие оролцох бололцоогүй багийн иргэд, төлөөлөгчдийн мөнгөн хандиваар  шаардагдах бензин, шатахуунаа авсан байна.

Хэрэв энэ удаагийнх шиг замын засвар үйлчилгээ, арчилгааг хийлгэвэл дунджаар 5-6 сая төгрөгийн өртөг улсын болон орон нутгийн төсвөөс  шаардлагатай байжээ. Тэгвэл иргэд өөрсдийн санаачилга, хүчин чармайлт, хамтын хөдөлмөр, идэвхтэй оролцоо, хамтын зохион байгуулалтаар бүтээлч ажил хийж, өөрсдөдөө тулгарч байгаа асуудлыг шийдэж чадаж байгааг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5-р багийн иргэдийн оролцооны сайн туршлага харуулж байна.