2023-10-30
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН, АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР БУНЬЖАВЫН ОРГИЛ ЭМЧ
1944 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 1967 онд Анагаахын дээд сургуулийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай Улаан дипломтой төгссөн. 1967-1976 онд Улсын нэгдсэн 2-р тусгай эмнэлэгт дотрын эмч, тасгийн эрхлэгч, 1979-1991 онд Улсын нэгдсэн тусгай 2-р эмнэлэгт Улс төрийн товчооны тусгай үйлчилгээний группын ахлагч бөгөөд зөвлөх эмч, ерөнхий эмч, эмнэлгийн дарга, 1991-1998 онуудад Эрүүл мэндийн яаманд Эмнэлгийн тусламжийн бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн тусламжийн газрын ерөнхий захирал, 1998-2003 онд Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-1 төслийн Өрхийн эмчийн асуудал хариуцсан зөвлөх, 2003-2004 онд Ачтан элит эмнэлгийн ерөнхий эмч, 2004 оноос АЧ Анагаах Ухааны Их Сургуульд багш, Өрхийн анагаах ухаан, менежментийн тэнхимийн эрхлэгч, Боловсрол эрхэлсэн дэд захирлаар ажилласан. 1972 онд 3 сарын хугацаагаар Москвад Кунцево эмнэлэгт 3 сар Дотрын эмчийн дадлага хийсэн. 1976-1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Академич И.П.Павловын нэрэмжит Анагаах Ухааны 1-р дээд сургуульд Аспирантурт суралцаж төгссөн ба “Общая протеолитическая активность и содержание антипротеиназ в плазме крови у больных вирусным гепатитом” сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан.1986-1987 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчдын олон улсын дээд курст суралцаж төгссөн ба “К усовершенствованию организации работы Станции скорой медицинской помощи г.Улан-Батора” сэдвээр курсын ажил хийж, Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан. Олон жилийн судалгааны ажлын дүнд тулгуурлан, 2003 онд “Монгол дахь өрхийн анагаах ухааны төлөвшлийн онцлог ба хэтийн төлөв” сэдэвт диссертаци бичиж Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 2-р нэгдсэн тусгай эмнэлэгт ажилласан нийт хугацаандаа давхардсан тоогоор 8000 өвчтөнийг больницын нөхцөлд эмчилсэн ба 40000 гаруй хүнд амбулаторийн үзлэг оношлогоо эмчилгээ хийж зөвлөгөө өгсөн. Эрүүл мэндийн яам ба Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-1 төсөл дээр ажиллах хугацаандаа Нийслэлийн нийт дүүрэг ба 21 аймгийн төв 180 гаруй суманд очиж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж зөвлөгөө зааварчилгаа өгч байсан ба шинээр 234 өрхийн эмнэлэг байгуулах үйл ажиллагаанд гар биеэр оролцсон. Ач Анагаах ухааны дээд сургуульд ажиллах хугацаандаа “Өрхийн анагаах ухаан”, “Нийгмийн эрүүл мэнд судлал”, “Клиникийн фармакологи” хичээлийг зааж ирсэн ба сургуулийн сургалт эрдэм шинжилгээний болон бусад ажилд тасралтгүй оролцож ирсэн.Үндсэн ажлын зэрэгцээгээр Б.Оргил эмч дараах эрдэм судлалын ажил хийж бүтээлүүдийг олны хүртээл болгосон.
Үүнд:
1. Диссертаци, түүний хураангуй, курсын ажил болон судалгааны тайлан – 30
2. Бичиж, хэвлүүлсэн ном товхимол – 50
3. Бичиж, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний болон мэргэжлийн холбогдолтой өгүүлэл-150
4. Дотоод, гадаадын эрдэм-шинжилгээий болон бусад хурал, зөвлөлгөөн, семинарт тавьсан илтгэл-130
5. Бусдын судалгааны бүтээлтэй холбогдуулан бичсэн шүүмж, санал, дүгнэлт -40
6. Орчуулгын бүтээл-30
7. Хянан тохиолдуулсан номын жагсаалт-70
8. Анагаахын сургуулийн оюутан, эмч нарт зориулан “Нийгмийн эрүүл мэнд”-29, “Өрхийн анагаах ухаан”-19, “Клиникийн фармакологи”-21, Бусад асуудал-14 буюу 90 сэдвээр нийт 250 гаруй цагийн лекц бэлтгэсэн.
9. Нийтэд зориулсан өгүүлэл, лекц, зөвлөмж ба дурсамж – 80
10. Дангаар болон бусадтай хамтран боловсруулж, Монгол улсын эрүүлийг хамгаалах, анагаахын боловсролын практикт нэвтрүүлсэн зүйл – 70
11. Шинэ бүтээл, оновчтой саналын патент 5
12. Зохиогчийн эрхийн патент 8
13. 20 судалгааны ажлыг удирдаж, хамгаалуулсан ба 15 судалгааны ажилд албан ёсны шүүмжлэгчээр ажилласан.
Түүнчлэн орос, англи, испани, болгари хэл дээр Австрали, Болгари, Грузин, Куба, Латви, Оросын Холбооны Улс, Сингапур, Украин, Филиппин, Чехословаки, Энэтхэг, Япони улсад нийтдээ 48 бүтээлээ нийтлүүлсэн ба АНУ, Англи, Бирма, Индонези, Казахстан, Куба, Литва, ОХУ, Таиланди, Украин, Чехословаки, Энэтхэг, Японид болсон олон улсын эрдэм шинжилгээний болон бусад хурал зөвлөлгөөнд биечлэн илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.
Б.Оргил эмч Эмийн хордлого, Эмийн жорын лавлах, Өрхийн анагаах ухаан, Эмнэлгийн тусламж: өчигдөр, өнөөдөр, маргааш, Эмнэлзүйн эм судлал ба эмэн эмчилгээ, Эмнэлзүйн анагаах ухааны нийтлэг нэр томъёоны латин-англи-орос-монгол товч толь, Нэн чухал эмийн товч лавлах, Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн лавлах, Өрхийн сувилагчийн тусламж, үйлчилгээ, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэнд судлал, Эрүүл энхийн сувдан сондор, Антибиотикийн зохистой хэрэглээ зэрэг тавь гаруй ном тохимол гарын авлага сурах бичиг зохиож хэвлэн нийтлүүлсэн.
Гавьяат эмч Б.Оргилын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1971 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль, 1976 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1981 онд “Алтан гадас” одон, 1984 онд “Эмнэлгийн сайчуул” цол тэмдэг, 1986 онд “Эрүүлийг хамгааллын хүндэт жуух”, 1990 онд “Засгийн газрын хүндэт жуух”, 2010 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2014 онд “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор тус тус шагнасан.