СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайханаас хэлтсийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, тийм болохоор танай хэлтэс ачаалал ихтэй ажилладаг байх.
-СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 32 хорооны 312 мянган иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. 36 мянган тэтгэвэр авагчтай, 2600 гаруй ажил олгогч байгууллага, 145,000 гаруй иргэн эрүүл мэндийн даатгалд, сайн дурын даатгалд 19 мянган гаруй иргэн хамрагддаг. Манай хэлтэс 63 хүний орон тоотой, 5 тасаг төрийн үйлчилгээг дүүргийн иргэддээ хүргэж байна.
-Эерэг хандлага, чанартай үйлчилгээний жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа товч танилцуулбал.
-2017 оныг ЭМНДЕГ-аас Эерэг хандлага, чанартай үйлчилгээний жил болгон зарласан. Мөн Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйт шинэтгэл”-ийн жил болгон зарласантай төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд дүүргийн 32 хорооны иргэддээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулахыг зорьж олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Юуны өмнө хороодын хэсгийн ахлагч нартаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох ажлыг эхлүүлж, тэтгэврийн байцаагчид хороодод хуваарилагдан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын хууль тогтоомж, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг сонсох ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаар сарыг тэтгэвэр, сайн дурын даатгалын мэдээ мэдээллийг түлхүү өгөх чиглэлийн дагуу СХД-ийн 7,8,21 дугаар хороодын иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Иргэд ч их идэвхтэй оролцож байна. Мөн хэлтэс дээрээ хөтөч байцаагч ажиллуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, иргэддээ хүрсэн чанартай үйлчилгээ үзүүлэхийг л хичээж ажиллаж байна. Мөн энэ жил нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа 75 хоногийн аян зарлагдсан. Энэ аяны хүрээнд байцаагчдын харилцааны соёл, үйлчилгээг сайжруулах сургалтуудыг зохион байгуулж, байцаагч бүрийг дүгнэх ажлыг хийж байна. Иргэд даатгуулагчдын санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах хайрцаг байршуулж, шуурхай шийдвэрлэхэд анхаарч байна. Мөн аж ахуй нэгж байгууллагын мэдээллийн баазыг шинэчлэх ажлыг хэрэгжүүлээд явж байна.
-Чанартай үйлчилгээ, соёлтой харилцаа аяны хүрээнд байцаагчтай холбоотой гомдол санал хэр ирж байна вэ?
– Байцаагчдын харилцаа хандлагыг өөрчлөх, дүрэм журмаа барьж ажиллах тал дээр анхаарч байгаа учраас гомдол санал гаргахгүйг хичээн ажиллаж байна. Зөвхөн энэ аяны хүрээнд ч биш байнга, тогтмол чанартай үйлчилгээг үзүүлж, иргэд даатгуулагчтай зөв боловсон харилцах талаар дээр анхаарч байна. Гэхдээ харилцаа, ёс зүйтэй холбоотой гомдол санал ирээгүй биш ирж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн хувьд ачаалал ихтэй байна. Үйлчлүүлж байгаа цаг хугацааны хувьд удаан үйлчилж байна. Оочер дугаар их байна гэсэн гомдол нилээд ирдэг. Ялангуяа сарын эцэс, сарын эхэнд сайн дур, эрүүл мэндийн даатгуулагч гэрээгээ хийж, мөнгөө төлөх гэж бараг бүгд ирдэг учраас бухимдал үүсдэг. Тэтгэвэр тогтоолт, олголт дээр харьцангуй гомдол санал бага гардаг. Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны хүрээнд тэтгэврээ шалгуулчихаад тэтгэврийн хувь хэмжээ нь нэмэгдэхгүй байгаа тохиолдолд дээд газар нь дахин шалгуулна гэж бухимдах тохиолдол гарч байгаа. Гэвч хууль тогтоомжийн хүрээнд шалгаж байгаа болохоор өөрчлөлт тэр бүр гардаггүй. Үүнд сэтгэл дундуур байх нь элбэг.
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Драгон салбарт танайхаас хичнээн байцаагч ажилладаг вэ?
-Өдөрт 100 гаруй иргэн даатгуулагчдад үйлчилгээ үзүүлдэг. Мөн хууль тогтоомжтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл авахаар иргэд маш их ирдэг. Орон тоогоор нэг л байцаагч ажилладаг.
-Өнгөрсөн жил Баянхошуунд эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг шинээр нээгдсэн. Энэ тасгаар хичнээн иргэн даатгуулагч үйлчлүүлж байна вэ?
-Баянхошуу тасаг 2016 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. СХД-ийн Баянхошуу орчмын 8-н хорооны 92,500 иргэн, даатгуулагчид үйлчилж байна. 8 хорооны 10,200 тэтгэвэр авагчтай, 302 байгууллага тайлан тооцоогоо өгч байна. 4000 гаруй сайн дурын даатгуулагчид үйлчилгээ үзүүлж байна. Тасаг дээр 4 хүний оронтоотой ч ачаалал их тул орлого, тэтгэмж, тэтгэвэр, тэтгэврийн хяналтын байцаагч, эрүүл мэндийн байцаагч хэлтсээсээ нэмж ажиллуулж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг энэ тасгаас авч байна.
Төрийн үйлчилгээ иргэд, даатгуулагчдадаа ойртсонд бүгд талархаж байна.
-Хороод дээр ажиллахад хүндрэлтэй асуудал тулгардаг уу?
-Хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор сурталчилгааны материал хуучирсан, шинэчлэх шаардлагатай байна. Бид хүн бүрт тохируулж зөвлөгөө өгдөг ч ойлгохгүй сурталчилгааны материал нэхэх тохиолдол их гарч байна. Мөн 1990-2000 онд нөхөн даатгалд хамрагдсан иргэд батламжийн хуудсаа аваагүй иргэд олон байна. Бид хороодын хэсгийн ахлагч нартай хамтран батламжийн хуудсыг эзэнд нь өгөх ажил давхар хийгдэж байна. Ялангуяа 8, 21 дугаар хорооны иргэдэд бүрэн тарааж дууссан, хаяг дээрээ байхгүй шилжсэн иргэдийн хувьд манай хэлтсээс ирээд авах боломжтой.
-Баталгаажилтын хуудсаа аваагүй тохиолдолд иргэдэд сөрөг үр дагавар гарах уу?
-Тэтгэвэр дээрээ нөхөн даатгалд хамрагдсан жилээ өнөөдрийг болтол оруулаагүй иргэд цөөнгүй байна. Энэ хууль тогтоомжийн талаарх мэдээлэл муу байгаатай холбоотой. Тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах аяны хүрээнд нөхөн даатгалаа оруулах боломжийн талаар бид мэдээлэх хийж байна. Тэгэхээр аль 2015, 2016 онд баталгаажсан нөхөн даатгалаа тэтгэвэр дээрээ оруулаагүй явж байна. Мөн 1990-1995 оныг улсад ажилласан жилд тооцуулж байгаатай холбоотойгоор амралтын хоног дээрээ нэмж тооцуулах боломжтойг иргэд тэр бүр мэддэггүй.
-Аж ахуй нэгж байгууллагын хувьд өр их үүсэх тохиолдол байдаг. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Бид оны эхнээс энэ асуудалд анхаарлаа хандуулан төлөвлөгөө, хуваарь гарган ажиллаж байна. ЭМНДЕГ болон НЭМНДГ-тай хамтран өндөр өр авлагатай 6 байгууллагыг сонгон өр авлагыг нэмэгдүүлэхгүй байх, хэрхэн барагдуулах талаар харилцан ярилцаж, төлүүлэх график гарган ажиллаж байна.
– Дүүргийн иргэд, даатгуулагчдад хандаж юу хэлэх вэ?
-Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэхэд бид анхааран ажиллах болно. Иргэд та бүхэн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг анхааран судалж өөртөө болон гэр бүлдээ хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, насан туршийн нийгмийн батлагаагаа хангуулах боломжтой гэдгийг хэлэхийг хүсч байна. Амьдрах насны урсгал дунд танд учирч болохүйц нийгмийн эрсдлээс даатгал таны хамгаална.
Эх сурвалж: asuudal.mn