Дархан-уул аймгийн Засаг дарга С.Насанбатын урилгаар Кувейт улсаас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Иатим Аль
Фадли Дархан-yyл аймагт ажлын айлчлал хийлээ.Элчин сайд Халид Иатим Аль
Фадлиг Шарын гол суманд ажиллах үеэр сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар
хүлээн авч уулзан Дархан-Уул аймаг, Шарын гол суманд ажиллаж байгаад нь
баяр хүргээд Монгол Кувейтийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг
өргөжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж, Монгол Улсын дэд бүтцийн
салбарыг хөгжүүлэхэд Кувейт улс тусламж дэмжлэг үзүүлж байгаад талархаж
байгаагаа илэрхийлэв. Кувейтийн элчин сайдыг аймагтаа урьж ажиллуулж
буй гол зорилго нь Дархан-Шарын голын 49 км хатуу хучилттай авто замын
ажлыг гүйцэтгэх санхүүжилт хүсэх явдал юм. Энэ хүрээнд дээрхи уулзалтаар
аймгийн авто замын төлөвлөлт шинээр хийгдэж байгаа ажлуудын талаар
танилцууллаа. Аймгийн Засаг дарга С.Насанбат: -Дархан-Уул аймаг нь
Дархан, Хонгор, Орхон, Шарын гол гэсэн 4 сумтай. Үүнээс Шарын гол сум
нь хатуу хучилттай авто замаар холбогдоогүй цорын ганц сум. Шарын голын
уурхайн нүүрс болон стратегийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүнийг богино хугацаанд түргэн тээвэрлэх, тус аймгийн 100,0
гаруй мянган иргэдийг аюулгүй, ая тухтай түргэн шуурхай найдвартай
зорчих нөхцлүүдийг бүрдүүлэхэд Дархан –Шарын голыг холбосон 49 км хатуу
хучилттай авто зам нь чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ манай
аймгийн байгалийн үзэсгэлэнт, түүхт дурсгалт газруудаар аялал жуулчлалыг
хөгжүүлэх зэрэгт энэхүү автозам нь нэн шаардлагатай байна гэв. Орон
нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Дархан- Шарын гол сумыг холбосон
замын зураг төсвийг өнгөрсөн онд хийж, замыг барьж ашиглалтанд оруулахад
замын нийт өртөг 29 090 450 061 төгрөг буюу 15,6 сая долларын хөрөнгө
оруулалт шаардагдах тооцоог гаргасан байна. Дээрхи мэдээлэлтэй
танилцсан Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Халид Иатим Аль Фадли хэлэхдээ: Арабын эдийн засгийн хөгжлийн
Кувейтын сангийн хөрөнгө оруулалтанд Дархан Шарын гол сумыг холбосон
хатуу хучилттай замын төсвийг суулгах боломжийг бүх талаар судлаж,
дэмжинэ гэв. Тэрээр манай аймагт хоёр өдрийн хугацаанд ажиллаж, Дархан
Шарын голыг холбосон автозамын нөхцөл байдалтай газар дээр нь
танилцлаа.Мөн Шарын гол сумын бүтээн байгуулалтын ажлуудын нээлтийн
ёслолд оролцож, Шарын голын уурхайтай танилцлаа.