Булган сумын ИТХ-д сонгогдсон үе үеийн хурлын төлөөлөгчид сонгуульт үүргээ биелүүлэх бүрдээ нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд шинэ санал, шинэлэг санаачилга гарган ажиллаж, өөр өөрийн түүхэн хувь нэмрээ оруулан ажилласаар байдаг билээ.
Булган сумын ИТХ-ын ажлын алба нь сумын ИТХ, Тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг бүрэн хэрэгжүүлэх, хурлын тэргүүлэгч, төлөөлөгчдийг мэдээ мэдээллээр хангах, тэдэнд туслах үүргийг гүйцэтгэж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар сонгуулийн үр дүнгээр Булган сумын ИТХ-ын шинэчлэгдсэн бүрэлдэхүүн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Булган сумын ИТХ нь 31 төлөөлөгчтэйгээс 26 төлөөлөгч шинээр, 5 төлөөлөгч улиран сонгогджээ.
Нийт төлөөлөгчдийн 21 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй төлөөлөгчид байна.
Төлөөлөгчдийн 25 нь дээд, 6 нь бүрэн дунд боловсролтой, хамгийн залуу нь 32, хамгийн ахмад нь 60 настай байна. Дундаж нас 44.
Төлөөлөгчдийн 9 буюу 29 хувь нь багш, 8 буюу 25.8 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 6 буюу 19.4 хувь нь эрх зүйч, 4 буюу 12.9 хувь нь инженер, 2 буюу 6.5 хувь нь хүний их эмч, 2 буюу 6.4 хувь нь улс төр судлаач, сэтгүүлч мэргэжилтэй байна.
Улсад ажилласан байдлыг авч үзвэл хамгийн бага нь 4 жил, хамгийн их нь 37 жил ажиллажээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /шинэчилсэн/ хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Төлөөлөгчдийг хороодод хуваарилан, зохион байгуулан ажиллаж байна.
2020-2024 онд:
- Удирдлага зохион байгуулалтын хороо
- Төсөв санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо
- Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо
- Байгаль орчин, хөдөөгийн асуудал эрхэлсэн хороо
- Хот суурин, дэд бүтцийн асуудал эрхэлсэн хороо
- Төлөөлөгчийн ёс зүйн хороо гэсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.